|

МИНИЙ НАЙЗЫГ БӨХИЙН БААСТ ГЭДЭГ

МИНИЙ НАЙЗЫГ БӨХИЙН БААСТ ГЭДЭГ

 

Тэр 97 нас хүрээд долоон сар болж байна. Харин би 31-тэй. Найз маань ихэвчлэн өглөө эрт над руу өөрөө залгачихаад "Байна уу, хэн бэ. Март уу. Аан, найзаа над руу залгахгүй яагаав. Их зантай болсон хэрэг л дээ. Чих дуулахгүй байна аа. Завтай бол манайд хүрээд ирээрэй. Чамд үзүүлбэл их зүгээр нэг материал олсон юм. 14:00 цагаас өмнө ирвэл сайн байна. Зааза, юу ч сонсогдохгүй байна” гээд утсаа салгачихна. Ингэж залгавал би түүнтэй утсаар яриагүй, очиж уулзалгүй удсан гэсэн үг. Удсан ч гэж дээ, сар заримдаа сараас хэд хоног илүү гарсны дохио. Утсаар ярихдаа харилцан ярилцвал нэг их удаагүй ч тэр надад хэлэх нэг шинэ санаа олчихоод дуудаж буй хэрэг. Тэр бол Монгол түмний хайртай хүү Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бөхийн Бааст.

66 насаар ах найз минь үргэлж л бусдад шинэ санаа хэлж, илүү ихийг хийх даалгавар өгнө. Нэг удаа "Би хэдэн ном гаргаснаас биш амьдралыг ёстой дэмий шахуу өнгөрүүлжээ. Одоо надад маш цөөн хүнээс бусдад гаргах нэг минут ч байхгүй. Үлдсэн цаг хугацаатай уралдаж, санаанд байгаа жаахан зүйлээ бичиж, тэмдэглэж авахыг л хичээж байна. Даанч гар минь эрхгүй сарвайгаад үзгээ шидчихээд байх юм. Гараа амрах зуурт би юу хийж байх вэ гэж их бодлоо. Тэгээд олсон шүү. Хоёулаа хамт нэг нэг ном хоёр талд бичье. Их амархаан, чи санаа зоволтгүй. Өдөрт нэг л зүйл бич. Жилийн 365 хоногт 365 хуудас юм гарна. Түүнийгээ ном болгоё. Хэвлүүлэх шаард­лага гарвал хэвлүүлье. Өнөөдрөөс эхэлнэ шүү, энийг хэлэх гэж чамайг дуудсан юм. Миний бичих хамгийн эхний зүйл маань найзын тухай” гэж билээ. Энэ санаагаа Лев Толс­тойгоос олсон гэдгээ хэлэх­дээ "Ингээд хорвоод зөвхөн чи бид хоёрын бичих хоёрхон хувь ном өнөөд­рөөс эхлэх нь байна шүү” гэж үүрэгжүүлсэн билээ. 
Тэр өдөр "Та үе үе найзуудтайгаа уулзана биз” гэсэнд жижигхэн цагаан гараараа нүдний шилээ ширээ рүү авч шидээд "Уулзмаар л байна. Даанч бараг бүгд шахуу намайг ирэхийг дээр хүлээж суугаа. Тэнд тэд цуглачихаад сайхан байгаа биз. Ганц шил юм задалчихаад л намайг "Энэ яасан уддаг юм” гэцгээж суугаа биз. Заримдаа их ганцаардах юм аа. Цаг нь ирэхээр би ээжийг загнана гэж бодож байгаа. "Хүүгээ энэ уйтгартай, хатуу орчлонд үлдээчихээд ирж авахгүй ийм удаан мартаад байхдаа яахав дээ” гэж загнана. Би ээжийн тухай нэг тууж бичиж байгаа. Гар нооргоо чамд үзүүлэх үү. Тэнд бий, одоохон. Их бодлоо. Орчлонд ээж байхад бүх юм байдаг юм байна. Хэрэглээний элдэв шалдав зүйлээр дутаагүй ч бүх л юм дутуу оргиод байдаг юм байна. Зуслан дээр хэд хоног ээжийгээ үгүйлж, их бодлоо. Тэгээд бичиж эхэлсэн хэрэг. Ээждээ зориулсан хамгийн том бүтээл нь тэр болох учраас би маш чамбай, их сайн бичих ёстой гээд хэд дахин ноороглож байгаа юм. Санаагаар бас болохгүй юм аа, ээж эзгүй болоод ч тэр үү нэг л дутуу санагдахыг яана. Тэрийг бичиж дуусгачихаад л ээждээ очно. "Танд зориулж үүнийг бичсэн, уншаад үз дээ” гэж хэлэх гэж байгаа юм. Ижийдээ хоосон очилтой биш. Бэлэг, сэлтийг манай ээж тоох ч үгүй. Ижий минь намайг их багад нас барсан. Сэтгэл хэлтгий үед, жаахан архи уугаад уярчихсан сууж байхад дүр нь их тод харагдана. Бусад үед царай зүс нь санагдахгүй...Тэгж оччихоод хэдэн муусайн найз дээрээ очно доо. Намайг очихоор их баярлах байх. Бараг би очоод л үерхэж явсан найзууд минь бүрэн бүтэн болох байх” гээд санаа алдаад гар ноорогоо авчрахаар өндийлөө. "Дэмий юм асуучихлаа” гэж амандаа бувтнахад утсаар юу ч сонсдоггүй хүн маань "100 шахаж яваа хүн энэ зэргийн юманд сэтгэлээр унана гэж байхгүй. Цоозоотойгоо сүүлийн үед уулзаж чадсангүй. Хэдхэн жилийн өмнө бол миний үеийн болоод надаас арай дүүмэд хэдэн нөхөр байшингийн буланд уулзаад, тэр энүүхнийг ярьж зогсож байгаад хүүхдүүддээ дуудуулаад харьцгаадаг байлаа. Одоо тэгж зогсох ч хүнгүй шахам, байгаа хэд нь гэрээсээ гарч чадахгүй болцгоож, сураг тасарцгааж байх шиг байна. Уг нь үеийнхэн болоод хамт ажиллаж байсан дүү нартайгаа уулзахаар хэдэн өдөртөө сэвхийдэг юм. Даанч гарч, орж чаддаг нь гарын таван хуруунд шахуу болчихоод байна л даа. Түүнээс биш энд тэнд найзууд минь бий л байх” гээд зориудаар дөрвөлжилж хэрчүүлсэн цаасан дээрх гар бичмэлээ авчраад өмнө тавьчихав. 
Өмнө ирэхэд сонсголын аппаратны зай дуусаад утсаар ярьсныг сонсохгүй байгаа тухайгаа ярьж суухад нь нэг зайг нь авсан тул түүнийгээ үзүүлээд яг адил, хэсэг хэрэглэчихээр зай авчирснаа өгөхөд "Өө, энэ насандаа хэрэглэж барахааргүй зайтай хүн шүү дээ, би. Хүүхдүүд бараг ирэх бүртээ авчирч өгдөг юм” гээд нэг хайрцаг нээсэн нь үнэхээр зөндөө шинэ зай байна. "Энэ их сайн зай. Удаан ч хэрэглэнэ, сайн ч сонстоно” гээд шилээ авч зүүнгээ "Миний урьдал болгодог нэг зүйл бол нөхдийнхөө тухай дурсамж, дурдатгал бичих. Нөхрийнхөө тухай бичихэд нөхрөө чөмгөнд нь хүртэл мэддэг байх шаардлагатай. Ер нь нөхдийнхөө талаар бичнэ гэдэг нэг талаар соёл, нөгөө талаар хүний мөстэй холбоотой асуудал шүү” гэлээ. 
Ээжээ..., ээж минь дээ, ээж минь... Түүний гар бичмэлийг үзэж суутал "Чи нөгөө Түдэвтэй уулзана гэсэн яасан. Жилийн өмнө л тийм юм ярьчихсан явсан” гэж байна. "Чадаагүй л байна. Харин та ойрд таарав уу” гэсэнд "Би "Их дэлгүүр” орох бүртээ л хүлээж хэсэг зогсдог юм. Эсвэл цагийн хуваариа өөрчлөөд өөр цагт хүнсээ цуглуулчихаад байж мэднэ. Уг нь бид "Их дэлгүүр”-ийн хүнсний тасагт таарч, хэсэг зуур юм хуучилдаг юм. Ойрын хэдэн сар таарсангүй. Тэр маань бас над шиг ганцаардал дунд амьдарч яваа. Би өөрийгөө Түдэвтэй харьцуулах ч юу байх вэ. Түдэв бол Монголын төдийгүй дэлхийн хүн шүү дээ. Төр засаг, Зохиолчдын хороо, нам, залуу нас, оюун санааныхаа охь шимийг өгсөн бүх газар, одоогийн удирдлагууд нь намайг мартаж болно, тэртэй тэргүй 100 хүрч яваа надаар яах вэ гэж боддог биз. Тэгэхэд надаас 14 насаар дүү, оюун санааны хувьд цэл залуугаараа, сэхээтнүүдийн шимтэн уншдаг "Дал” сониныг тасралтгүй гаргасаар байгаа, өнөөгийн өөрсдийнх нь хашиж буй албыг ийм зэрэгт хүргэхийн төлөө бүхнээ зориулан зүтгэсэн энэ хүнийг ингэж ганцаардуулж, орхиж боломгүй л санагддаг юм. Манай хоёрын гэр ойрхон л доо. Хааяа бичиж суугаад "Өдийд бид хоёрын л ширээ гэрэлтэй байж, бид хоёрын л гар бичиж суугаа ч байж мэднэ” гэж боддог юм. Залуу хүн юм болохоор надаас илүү хурдтай бичиж байгаа байх л даа. Хэрвээ манайд бүх зүйл зүй ёсныхоо дагуу байдагсан бол өдийд Түдэв маань төр, түмнийхээ хайр ивээлд жаргаж суух ёстой. Түүний болоод бусад суутныхаа далбаанд би ч мөн жаргах байлаа. Даанч тийм биш юм. Цагийн сайханд, Засаг төртэй байхад бидэнд олгосон хуучин байрныхаа мухарт л хорвоогийн өдөр хоногуудыг өнгөрүүлж байна шүү дээ. Гэхдээ бидний хэн хэн нь хэнээр ч өрөвдүүлж суухаар улс биш л дээ. Өрөвдүүлээд байх шаардлага, завгүй амьдарч байна. Зүгээр хэлж байгаа юм” гэлээ. 
Ярианыхаа сэдвийг өөрч­лөх санаатай "Өдрийн бараг 10 цагийг ширээ­ний­хээ ард яс сууж өнгөрүүлдэг, ширээний чий­дэнгээрээ хамаг цахилгаан гүйлгэчихдэг хүнийг уйдаж сууна гэж хэн санах билээ дээ” гэтэл "Биднийг өшөө олон цаг ажиллуулж, оюун, тархины минь шим, шүүс, тос, охийг нь ном болгоод, бидэнтэй огт үг сольж, танилцалгүй номыг минь уншиж, судлаад бидний тухай танимхайран ярьж амьдрахыг л энэ цагийн залуус гэнэ дээ” гэж байна. Тэгснээ "Хоёулаа энэ яриагаа түр завсарлая. Намын сонинд ярилцлага өгч байгаа юм шиг санагдчихлаа. Цай уулгалгүй баахан бурчихлаа” гээд кофе, цай боллоо. "Та өдөрт хэчнээн аяга кофе ууж байна вэ. Би танаас ярилцлага аваагүй шүү дээ” гэсэнд "Кофе уумаар санагдах бүртээ л ууна, 1950-аад оноос хойш ууж байгаа юм шүү. Дуртай юмаа тоолж хүртэх шаардлага юу байна. Бидний энэ яриа хэзээ нэгэн цагт чамайг зүгээр суулгахгүй. Чи бичиж л таарна, харж л байгаарай. Тэгээд ч сэтгүүлч, тэр тусмаа эмэгтэйчүүд иймэр­хүү яриа олон удаа дав­таг­дахаар бичиж байж санаа­гаа амраадаг юм. Та нарыгаа ч нэг муу юм мэдээд байгаа юм аа” гэсэн билээ. 
Өнөөдөр түүнийхээр болж байгаа бололтой. Түүнтэй анх "Өдрийн сонин”-ы арын машины зогсоол хавьд таараад хэдийгээр намайг танихгүй ч, зохиол бүтээлээр нь сайн танил учраас гүйж очоод "Сайн байна уу, Бааст гуай” гэснээр анх биечлэн танилцсан билээ. Гурван жил гаруйн өмнө юм уу даа, яг ийм намрын өдөр байсан. Мэнд асуусанд "Хэн бэ, чи” гэж байна. Нэрээ хэлтэл "Аан, тийн чи чинь нөгөө ургамал өмөөрч бичсэн хүүхэд мөн үү. Эсвэл адилхан нэртэй хүн үү” гэж байна. "Мөн мөн, та уншсан юм уу” гэтэл "Уншсан, уншсан. Надад чи утасны дугаараа өгнө өө. Би одоо ажилтай явна. Тэгж байгаад чам руу ярина. Ярих юм ч бий дээ” гэснээр бид танилцаж байв.  Хэд хоногийн дараа холбогдож, анх гэрт нь очиход хэдэн том дэвтэр ширээн дээр зэхсэн байж билээ. Цай цүй болсныхоо дараа нөгөөдүүлээ надад сонирхуулсан нь дандаа миний сонинд бичсэн зүйлсийг хайчилбар болгоод дэвтрийн хуудаснаа ар өвөргүй наажээ. Энэ тухайгаа "Ганц чинийх ч биш, хэвлэлээр гарсан сайн сайхан, гэрэл гэгээтэй нийтлэл, мэдээ, сайхан зургуудыг бүгдийг нь ингэж наадаг юм. Хэн гэдэг сэтгүүлч юу хийдэг вэ гэдгийг архивлаж байгаа хэрэг л дээ. Бичих юманд сүүлд хэрэг болдог юм. Бас хөгжилтэй ажил” гэсэн билээ. Энэ нь түүнийг сэтгүүлчдийн хэн нь хэн бэ гэдгийг барагтайхан гадарлачихна гэдгийн илэрхийлэл байсан тул "Одоо ч бас сайн автор олон биш болчихсон л доо. Таны залууд гялалзсан сэтгүүлчид олон байсан биз” гэж яриа өдсөнд "Ярих юм биш. Та нартай харьцуулах ч юм биш. Цаг үе нь өөр ч хөдөлмөрч хийгээд сэтгэлгээний тал дээр 80-аад оныхон бол бриллиант байлаа шүү дээ. Зохиолчид ч ялгаагүй” гэснээр бидний анхны албаныдуу асуулт хариулт өндөрлөж байлаа. Энэ ярианы дараа "Би амьтан, ургамлын талаар багагүй юм бичсэн. Цөөнгүйг нь нэлээд гадарладаг. Чинийхийг ч уншсан” гэсэн тул хожим нь би түүний "Алаг бух”, "Дамдины зам”, "Доголон чоно”, Хөвчийн саарал”, "Сүүлчийн хулан” зэрэг өгүүллэгийг зориуд уншсан билээ. Амьтны нууцлаг амьдралын тухай мэт боловч үйлийн үрийг амьтнаар, амьтны амийг хороогсдоор давхар харуулахыг, байгаль, ан амьтдаа хайрлах ухаа­ныг тэр энэ төрлийн өгүүллэгүүдээрээ илэр­хийл­жээ. Энэ тухай нь өөр нэгэн уулзалтын үеэр ам нээхэд "Хэн ч юуг ч байгаагаар нь биччихэж дөнгөх биз. Зохиолчид тийм биш учраас л зохиолч юм шүү дээ” гэсэн товчхон хариулт сонсов. Үүнтэй нь зэрэгцүүлээд "Та намайг мэндэлсэн жил "Хоёр дусал нулимс” гэсэн номоо хэвлүүлж, "Хус нарс хоёр” гэсэн туужаа бичсэн байна лээ” гэсэнд "Өө, чи чинь тийм нусгай амьтан бил үү. Зохиолчид дундаас над шиг өндөр насалж, бас над шиг олон ном хэвлүүлсэн хүн тун цөөхөн дөө. Түдэв ботиороо, би номоороо толгой цохино. Чамтай чацуу номноос чинь өмнө хэчнээнийг хэвлүүлчихсэн байсан юм бэ ээ, 1942 онд анхны ном маань хуучин монгол бичгээр хэвлэгдсэн юм шүү дээ”  хэмээлээ. 
..."Та найзуудынхаа тухай биччихсэн үү, өнөөх номондоо” гэсээр нэг өдөр явж очлоо. Тэгсэн "Чамайг бодвол би найз нөхөд, ажлын хамт олон гээд дурсах ёстой хүмүүсээ чадах хэрээрээ дурсаад биччихсэн хүн шүү. Чамд бичсэн дурсамж бараг л байхгүй дээ. Аягүйтүүл чи чадахгүй мунгинаж байгаа биз” гээд инээд алдангаа, "Энийг хар” хэмээн өнөөх өдөрт нэг л зүйлийн тухай жижигхээн бичих номынхоо хуруу орчим зузаан хуудсыг харуулж байна. "Өө, та нэг хуудаст нэг л юм бичихгүй хэд хэдэн хуудаст нэг юмаа сунжруулаад биччихсэн юм биш үү” гэтэл "Над тийм заль байхгүй. Бичье гэвэл тэрүүгээр нэг ийм цаас байна. Тэдэн дээрээ биччихнэ шүү дээ. Хэлсэндээ л байгаа. Чинийхийг үзье” гэх нь тэр. "Авчраагүй ээ, гэрт бий” гэсэн чинь "Чам шиг залуу яваагүй биш. Чи санахаараа хэдийг явуулчихаад л өдөр бүр бичиж чадахгүй л яваа биз” гээд дахиад инээж гарав. "Бааст гуай, би харин таны сайн найзуудынхаа тухай хэрхэн ярихыг, ямар дурсамж дэлгэхийг сонсдог юм уу гэж бодож ирлээ л дээ” гэсэнд "Ингэж байгаад чи миний тухай сониндоо бичиж алах нь дээ. Гэхдээ чамайг бичвэл над сайхан байна. Сурвалжлагч гэх хүүхдүүд ирээд "За, өвөө та хаана, хэдэн онд төрсөн билээ” гэхээр юу ч яримааргүй оргиод, "Хүүхээ, чих дуулахгүй нь ээ. Дараа ирээрэй, айн айн” гэчихдэг юм” гээд тэрүүгээр нэг инээд болов. 
Тэрбээр "Амьдралын, амины, ажлын гээд надад сайхан найз олоон. Уран зохиолын амьдрал намайг хорвоогийн хамгийн эмзэг торгон мэдрэмжтэй, хамгийн гэгээн тунгалаг сэтгэлтэй, үргэлж бүгдийн өмнө сэтгэдэг Д.Намдаг, Ц.Уламбаяр, Д.Сэнгээ, Ч.Чимиа, Ч.Ойдов, Д.Тарва, Ч.Лхамсүрэн, Ч.Лодойдамба, Л.Ванган, доошоо Б.Явуухулан, С.Эрдэнэ, С.Дашдооров гээд зуу зуун сайхан хүмүүстэй учруулжээ. С.Удвал, Э.Оюун хоёртойгоо насан турш уран бүтээлийн холбоотон, андууд байлаа.Өөрийгөө би их азтайд тооцдог. Намайг зарим хүн "Монголын утга зохиолын хоёр зууны амьд гэрч” гэж бичсэн байна лээ. Үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ миний хувьд учирсан хүмүүсийнхээ тухай мэдэж байгаагаа түүнийгээ бичиж үлдээх л жинхэнэ амьд гэрч гэж хэлэгдэх зүйл юм даа. Тиймээс л би "Дуртгал, дурсамж, бодол, эргэцүүлэл” гэсэн дурсамжийн хоёр боть ном гаргасан хэрэг. Нэгдүгээр ботийг нь хэвлэлтэд өгч суухдаа дурсах сайхан хүмүүсээ дурсчихсан, санаж бодож, эргэлзэж, тээнэгэлзэж байсан бүхнээ бичээд, хамж шиж ном болгоод, сэтгэл санаанд нэг л их зай гарчих шиг болсон. Тэгсэн тэр бодол санаа минь тэрхэн үедээ л ёстой баярласан хэрээ бархирахын үлгэр байсан. Тэмдэглэлийн зузаан, нимгэн дэвтрүүд, элдэв юм бичсэн цааснуудаа үзэж байтал дараагийнхыг нь бичих хэмжээний баримт, материал хан­галт­тай байсан учраас хоёрдугаархыг хэвлүүлсэн дээ. Ингээд барагцаалчихлаа гэтэл ахиад санаанд ганц нэг юм орж ирээд л байна” гэсэн билээ. Өөрөөр хэлбэл, тэр өмнөхийн л адил бэлэн хоол аман дээр минь авчралгүй унших ёстой хоёр номын нэр хэлж өгөөд үерхэл нөхөрлөлийнхөө талаарх яриаг завсарлуулж байгаа хэрэг. Ийн ярьж сууснаа "Би удахгүй амралтандаа явлаа. 14 хоног алга болох минь. Энд суухаар чамаас эхлээд хүн тасрахгүй. Тэндээ очиж хэд хэдэн юм бичихээр төлөвлөөд яарч сууна” гэв. 
Тэрбээр дурсамж, дуртгалуудаа ихэвчлэн Сонгино, Сөгнөгөр, Сэлбэ, Ойн булаг, Санзай, Сүүж уул, Ар Жанчивлин, Баянбуурал амралтад бичсэн байдаг. Энэ тухайгаа "Эдгээр амралтын газар бол миний уран бүтээлийн орд харшууд. Ардын жүжигчин Э.Оюун бид хоёр хорин жил амралтад хамт явсан. Хоёул явахаар бие биедээ дэмтэй. Орос хэл дээр ном уншихдаа ойлгохгүй бол Оюун руугаа гүйнэ. Ингэж амрах бүртээ би уран бүтээл хийсэн. Харин Оюун маань бараг бүтээл хийгээгүй. Дандаа бусдын орчуулсан кино зохиол, жүжгийг редакторлана. Орчуулсан хүмүүс нь өөдтэй юм хийхгүй. Бүгдийг шинээр бичин махаа идээд суучихна. Ингэж бусдын зарц болсоор амьдралаа дуусгасан.Удвал ч гэсэн. Өөр гэрэл гэгээтэй улсад төрсөн бол гарын нарийн бичиг, хэвлэлийн төлөөлөгч, эмч, тогооч, оёдолчин, үсчин гээд юм юмтай л байхаар хүн. Гэтэл тэр сайхан хүн бүх юмаа дан өөрийн гараар, хар биеэр зүтгэж хийсээр олигтой баярлаж, жаргасангүй.Тувт зүтгэсээр байгаад л өнгөрсөн. Бид хүнийхээ сайхныг өнгөрсөн хойно нь л ухаарах юм. Энэ нь улсад ч их гарз, уран бүтээл хийдэг сайхан хүмүүстээ ч гарз болсон” хэмээн санаашрав."Яагаад заавал амралтын газар байхдаа дурсамж, дуртгалуудаа бичсэн юм бэ” гэхэд "Аливаа зүйлийг хийхэд сэтгэлзүйн бэлтгэл маш чухал. Амралтын газар гэдэг нэр нь өөрөө бэлтгэл юм уу даа. Дээр нь байгалийн сайханд ахуйн элдэв шалдаваас чөлөөлөгдчихөөд сууна гэдэг чинь том өгөгдөл. Түүнээс биш амралтын газар гэдэг чинь хугацаа, хэмжээтэй олдсон амьдралаа үрэн таран хийж найрлаж, унтахын нэр биш шүү дээ, хүүхээд” гэв ээ. 
Энэ мэтээр бид хэр олон зүйлийн тухай ярьсан юм бүү мэд. Зарим үед бүүр "Чи одоо манайхаас гарч яваад, тэр дэлгүүр ороод, энэ номыг яг ав. Тэтгэврийн хөгшнөөс мөнгө авбал ав. Унш, хэд хоног дахин дахин уншаарай. Тэгээд нэг уулзамз” гэнэ. Халгаж халгаж дараагийн уулзалт болоход "Дээрийн номноос чинь энэ илүү сайхан юм. Энийг чи авбал ав. Би уншчихсан. Харин тэр номныхоо тэддүгээр хуудас дахь ийм санааг чи үүнтэй уявал сайхан юм болохоор байгаа биз. Зааза, өөрөө мэд” гэнэ. Ийм маягаар найз минь надад дандаа л шинийн хаалга нээж, үүдийг нь онгойлгож өгөхийг хичээдэг билээ. 
Хэд хоногийн өмнө Төв шуудангийн хажуугаар өнгөрч яваад сар шинийн өмнөхөн нэг очиход "Дөнгөж өнгөрсөн жил шүү дээ, би Төв шуудан руу очиж захидал, зарим өдөр тутмын сонингоо аваад ирэхэд бараг л ядардаггүй байлаа. Тэндээс авсан юмнуудаа гэрт гялс оруулчихаад эргэж гараад Улсын их дэлгүүр орж, хүнсээ цуглуулна. Заримдаа тэгж их тэнэчихээд дахиж гараад энэ урд талын "Батбайгаль”-аас жижиг бялуу аваад ороод ирэхэд цуцдаггүй л байсан юм. Гэтэл өчигдөр би Төв шуудан орох гэж замдаа хэд амарсан гэж санана. 97 нас ч бас нас юм байна аа” гэснээ яриагаа үргэлжлүүлэн "Гэхдээ бас хүн амарч зогсоход их юм олж хардаг юм байна шүү. Нэг чихэр, тамхи зэргийг ширхэглэж зардаг настай эмэгтэй байна. Хажууханд нь нэг тагтаа. Байсхийгээд л өнөөх тагтаа хамаг бараагаа тавьсан жижигхэн хайрцган дээр нь гараад ирэх юм. Юу ч юм тонших юм. Тонших зуурт нь өнөөх эмэгтэй үргээнэ. Тагтаа нь жаахан цаашхан очиж буучихаад л бага багаар нөгөөх рүү чинь дөхсөөр байгаад түрүүчийнх шигээ хайрцган дээр нь гарчихаж байгаа юм. Ахиад л үргээх юм. Тагтаа тэр муу эмэгтэйг мөн дээрэлхэж байгаа юм аа. Баруунаас нь, зүүнээс нь, урдаас нь гээд л. Гэсэн ч нөгөөх нь ямар нэг амьтан хөөж байгаа юм шиг үргээж, хөөж, туухгүй юм. Тагтаа эмэгтэйгээс бага багаар хооллоод л, тэр эмэгтэй хүмүүст юмаа бага багаар зараад л. Гоё харилцаа шүү. Аль аль нь болоод л байгаа юм даа. Хамгийн наанадаж бие биедээ ханьтай байгаа юм. Уйдахгүй шүү дээ, хэн хэн нь” гэснээ "Энэ мэтээр олон дүрийг алдалгүй олж чаддаг юм байна. Яарч яваа хүн бол хажуугаар нь сүнгэнээд л сүнгэнээд л өнгөрчихнө шүү дээ. Тэр тусмаа уран бүтээлч хүн бүх юманд яардаг юм. Дэмий яарч яваад бүгдийн хажуугаар өнгөрчихсөн байвал яана. Найзууд бие биедээ сайхан зүйлсээ хуваалцаж байх хэрэгтэй” гээд инээж зогссон нь зурсхийв. Түүний зүгээр нэг яриа хүртэл аливаа бүхнээс сайн сайхныг хийгээд бичих санаа олж харахын тухай санаа байдаг нь санамсаргүй зүйл биш биз ээ. Тиймээ, миний найзыг Бөхийн Бааст гэдэг.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу