|

Хүүхдүүд чатлахыг чухалд үзэж байна

 

Өсвөр насны хүүхдүүд нүүр тулан ярилцахаас илүүтэйгээр цахим шуудан, зурвасаар харилцаж, чатлахыг илүүд үзэх болсон талаар "Common Sense Media” байгууллагын судалгаанд дурджээ. Энэхүү судалгаанд 13-17 насны 1141 хүүхэд оролцсоноос 35 хувь нь хүнтэй уулзсанаас зурвас илгээсэн нь дээр гэж хариулсан бол 32 хувь нь уулзах нь амар гэж хариулжээ. Харин дээрх байгууллагын 2012 онд явуулсан судалгаагаар нүүр тулж уулзахыг 49, зурвасаар харилцахыг 33 хувь чухалчилж байсан байна. Энэ удаагийн судалгааны дүнгээс харахад, Америкийн өсвөр насны хүүхдүүдийн гуравны хоёроос илүү хувь нь боломжтой л бол зайнаас харилцах буюу зурвас илгээх, дүрсээ харж ярих болон гар утасны дуудлагыг илүүтэй сонгоно гэж хариулжээ.

Харин 2012 онд судалгаанд оролцогчдын тал хувь нь ийм хариулт өгч байсан аж. Үүний зэрэгцээ 13-17 насны хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээ зургаан жилийн хугацаанд 41- 89 хувь болж өссөн байна. Мөн судалгаанд оролцогчдын 81 хувь нь цахим сүлжээ бол тэдний амьдралынх нь нэг хэсэг гэж хариулсан бол 32 хувь нь "маш чухал” гэж хариулжээ. Энэ насны хүүхдүүдийн хамгийн их ашигладаг цахим сүлжээний жагсаалтад "Snapchat” (63 хувь) тэргүүлсэн бол түүний дараа "Инстаграм” (61 хувь) болон "Фэйсбүүк” (43 хувь) багтжээ.

Б.Номуун