|

Айл бүр “амьд” хашаанд амьдрах боломжтой

 

Өчигдөр орой ТВ асаагаадахсан чинь манай ерөнхийлөгч Х.Баттулга, Японы ерөнхийлөгч Шинзо Абэтэй уулзах үеэрээ эко хот байгуулахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд цаадах нь дуртай байгаа бололтой толгой дохиж сууж харагдав. Хамтрах юу байхав дээ мань хүн мөнгө хайрлаач гэж алгаа тосож л байгаа нь ойлгомжтой.

Сануулахад одоогоос 20-иод жилийн өмнө манай удирдагчид яг ийм саналыг Солонгосын талд тавьж цаадуул нь ч уухайн тас хүлээн авч, "Ногоон хэрэм” төслийг  эхлүүлж байсныг зарим хүмүүс санаж байгаа байх. Харин харамсалтай нь энэ хооронд төр засаг хориод удаа солигдсон учраас одоогийн "дээдсийн хүрээлэнгийнхэн” дотор үүнийг мэдэх цөөхөн  байгаа болов уу.

Энэ төслийн хүрээнд Монгол орныг ойжуулан хангай говийг заагалж, "ногоон хэрэм” татан ойн зурвас байгуулах агуу хүсэл мөрөөдөлтэйгөөр Солонгосын талаас жил бүр нэг сая ам.доллар, Монголын талаас зохих хэмжээний хөрөнгө гаргаж их ажлыг өрнүүлэхээр болсныг сонсоод мань мэтийн гэнэн хүмүүс чихээ дэлдийлгэн цээжээ дэлдэн хөөрцөглөж байлаа. Удалгүй  Солонгосын тал амласан ёсоор ажлаа эхлүүлж, өнөөдөр Төв аймгийн Лүн суманд 20 га, Өмнөговь аймгийн Даланзадгадад 24 га газар мод тарьж ажил нь өнөөдөр алхам алхмаар урагшилж байна. Солонгосын талаас гаргах мөнгөнийхөө хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэн жилд бараг хоёр сая ам.долларыг зараад байгаа дуулдана. Харин манай засаг төр эхэндээ нэлээд дуулиантайгаар том том дугарч, хүч хавсрах янзтай байснаа сүүл рүүгээ мартагнаж, амлалтаасаа ухарч хамтран дэмжигчээ "мурих” араандаа орсон нь ичгэвтэр юм даа. Тэр үед БОАЖЯ-ны дэргэд байгуулсан төслийн жижиг нэгжээ бүр таван жилийн өмнө татан буулгаж, "Ногоон хэрэм” төслийг Монголын талаас дэмжих ажил дашийн шоо болон гэнэн  солонгосуудын урмыг хугалсан даа.

Яг бидэнтэй хамт өмнөд хөрш маань 1999 онд "Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Өнөөдөр тэд өнгөрсөн 18 жилд 100 гаруй тэрбум ам.доллар зарцуулан 32 сая га газрыг ойжуулжээ. Жил бүр Ирланд улсын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газрыг ойжуулдаг БНХАУ 2050 гэхэд цагаан хэрэмтэйгээ тэнцэх хэмжээний урттай /4500км/, 40 сая га-г ойжуулан ногоон хэрэм босгох зорилт тавин ажиллаж байна. Агаар дахь нүүрстөрөгчийн хэмжээг багасган дэлхийн дулаарлыг бууруулах энэ хөтөлбөрийг олон улсын байгууллагууд дэмжин санхүүжүүлж ч байна. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ манайхаас зургаа дахин том Хятад их гүрнийг 22 хувь ой бүрхдэг, энэ хэмжээ жилээс жилд эрчимтэй өссөөр харин манай улсын дөнгөж 8 хувийг ой эзэлдэг, харамсалтай нь энэ жаахан ой мод маань элдэв шалтгааны улмаас жилээс жилд багассаар байгаа. Тиймээ, тэд чадна. Харин манай "Ногоон хэрэм” шиг үлгэрийг Ерөнхийлөгч маань дахиад яриад эхлэв үү гэж санаа зовнисондоо энэхүү нийтлэлийг тэрлэж сууна.

Монголчууд бид орос ах нарын дэмжлэгтэйгээр мод тарих ажлыг аль өнгөрсөн зууны 60-аад оны тэртээгээс эхлүүлснийг мэдэх хүн олон буй. Тэд бидэнд мод яаж ургуулдгийг зааж сургасан. Муу нэртэй, муухай зантай гэх Цэдэнбал-Филатова гуайн санаачлагаар анх хүүхэд залуучуудад зориулсан цэцэрлэгт хүрээлэнг нийслэл хотод бүтээн байгуулахаар болсон гэдэг.  Намын төв хороо, Улс төрийн товчооныхныг хамруулан хагас бүтэн сайнгүй коомоороо коммунист субботник хийж, урьд нь Улаанбаатар хотын хогийн хонхор  байсан хурсан их хогийг зайлуулан цэвэрлэж, хоёр гуравхан жилийн дотор ямар сайхан цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Манай оронд айлчилсан гадаадын бүх л төр засгийн удирдагчид, хүндтэй зочид төлөөлөгчид тэнд мод суулгадаг түүнийг нь арчилж ургуулдаг байлаа. Оросын ДСНК-гийн хажууд ямар гоё ойн төгөл байлаа даа. Ер нь нийслэл хот маань тэр үед жинхэнэ эко ногоон хот байсныг санаж байгаа хүмүүс олон буй.

Гэтэл ардчилал гээч тийрэн эхлэнгүүт бүх юм орвонгоороо эргэж, сүүлийн хориодхон жилийн дотор нийслэл хотын маань гудамж талбай дахь бүх мод хяргагдаж хядагдаж, бидний хүүхдүүдээ хөтлөн зугаалах дуртай байсан ногоон Улаанбаатар маань ямар аймаар цементэн /Concrete jungle/ шугуй болоод хувирчихсныг бодохоос  гол харладаг юм.

Ой мод бүү хэл машин техник хүн ард нь багтахгүй болтлоо шамбааралдан чихэлдчихсэн. Ленинград хот дэлхийн 2-р дайны үед гурван жил гаран Германчуудад бүслэгдэн тарчлагдахдаа хэчнээн даарч хөрч хөлдөж үхэж байсан ч иргэд нь нэг ч мод тайраагүй гэдэг юм билээ. Гэтэл бид шинэ зууны эхэнд хотынхоо бүх модоо устгах увайгүй улаан хувьсгал хийчихлээ шүү дээ. Энэ хувьсгалыг гардан удирдсан тэнэгүүдийн шунал гэж мөн ч агуу юм даа.

Оросууд байсан газар ядаж ой мод үлдэх юм. Эрдэнэт, Чойбалсанд очиж үзсэн хүн болгон үүнийг батална. Дархан хотыг тэдний дэмжлэгээр ногооруулсан ч гудамж дагуу тарьсан мод нь сүүлийн үед тайрагдаад дуусаж байгаа юм билээ. Монгол нутагт байрлаж байсан Оросын цэргийн ангиудынх нь хашаанд  байсан битүү ногоон улиаснуудаас нь үлдсэн юм өнөөдөр юу ч байхгүй. Хуучны түүхийгяривал сайхан муухай дурсамжууд зөндөө зөндөө. Гэвч энд хүрээд өндөрлье.

Өнөөдөр бид мод тарьж байгаа нь гэж ёстой "гурилдаж” байна аа. Энэ  зориулалтаар улсын төсвөөс өнгөрсөн хугацаанд хэчнээн их мөнгө хаашаа урсан гарсныг  мэдэх юм алга, үүнийг уншигч түмэн хүмүүс хуваалцана бизээ. Миний мэдэхээс 2014 онд Ерөнхийлөгчийн санаачлагаар Улаанбаатар хотоос дөрвөн зүг рүү гарах их замыг дагуулан тавь тавин км-т зурвас төгөл тариална гээд тэрбум гаруй төгрөг улсын төсвөөс хуссан юмдаг. Тарих нь хөөрхий тарьсан л байх, ургасан нь хэд байгааг одоо та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа хойно олон юм нурших юун. Зөвхөн нисэх Яармагийн дагуу мод тарина гээд хөөрхий японууд хэчнээн жил хөрөнгө цацлаа, одоо  тэнд "түй” ч байхгүй. Цэцэрлэгт хүрээлэнгээ очоод үзээрэй, зүлэг ногоон ой биш саарал цементэн талбай л угтах вий. Мод тарих ажил нь хэн нэгний мөнгөөр хавар намрын субботникоор хийгддэг ажил биш юм байна гэдгийг бид харлаа үзлээ, ханалаа цадлаа.

Эцэст нь энэ ажлыг төрийн мөнгөөр биш, хүн бүхний оролцоотойгоор хийж болох нэгэн санаа туршлага байгаагаа өгүүлэх минь. Өөрийгөө магтаж байна гэж бүү бодоорой.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө миний бие тэнд сурч байсан хүүхдүүдээ эргэх далимаар Хавай орж хэд хонохдоо хашаагаа амьд ургамлаар хийж болох санааг анх өвөртөлж ирсэн юм. Тэр жилээ байшингаа ч босгоогүй байж зуслангийнхаа жоохон газрыг тойруулаад 500 гаруй хайлаас, жимснийхээ хэдэн бутыг хашаад 100 гаруй шар хуайс бас бус бут сөөг тарьж усалж арчлаад байсны үр дүнд өнөөдөр хэний ч өмнө нүүр улайхгүй хүнд үзүүлэх ургамлан хашаатай болсон юм. Намайг эзэнгүй хашаанд мод тарьж байгааг минь анх харсан  таньдаг таньдаггүй хүн болгон миний тэнэг мангарыг гайхаад байсан чинь одоо энэ жишгээр олон газар "амьд” хашаа босож эхэлснийг харахаас урамтай байдаг юм шүү. Байшин яах вэ зуны гурван сарын дотор л босно биз, харин мод бол таван жилээс наашгүй гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна. Манай хашааны мод жил болгон дээрээс нь танаж тайруулдаг хэрнээ л 4-5м өндөртэй бат бөх хэрмэн хана болсон доо.

Амьд хашаанд амьдрах тун олон давуу талтай. Салхи шорооноос найдвартай хамгаална, хэрэв зүлэгжүүлж чадах аваас амьдрах орчныг чинь чийгшүүлэн цэвэршүүлнэ, үр хүүхдийг чинь эх байгалаа хайрладаг болгон хүмүүжүүлнэ, дээр нь өдөр бүр та тэднийгээ арчлан ургуулах ажилд өөрийн эрхгүй татагдах учраас байнгын хөдөлгөөнд байж бие чинь эрүүлжинэ, модон дээр шүгэлдэх төрөл бүрийн шувуудын дуунд оюун санаа чинь саруулжина… гээд явж өгнө өө.

Монголчууд бид хөдөө хотгүй амьдрахаар буусан газраа эхлээд л юуны түрүүн хашиж авдаг "донтой” улс. Аймаг хот, сум дүүргээр яваад үзвэл банз, тоосго, блок, төмөр, бүр хуучин дугуйгаар ч хамаагүй хашсан хашаанууд хааяагүй, хашаагүй айл гэж нэг ч үгүй. Хамгийн арчаагүй нэгэн ч юугаар хамаагүй алгын чинээ газраа хашихгүй л бол гэрийн гадаа үлдээсэн юуг чинь голохгүй ганцхан шөнийн дотор л урт гартнууд хамчихдаг болохоор хашаа барихгүйгээр амьдрах орон зай Монголд байхгүй. Хуулиар олгогдсон  700кв.м газраа хашихын тулд танд ядаж 100 гаруй метр банзан хашаа барих шаардлага гарна, түүний хэмжээгээр ойгоос мод огтлогдоно. Хот хөдөөгүй, хангай говьгүй хашаа барин амьдардаг хагас сая гаруй өрхийн барьсан банзан хашаанд орсон модыг тооцоод үзэх юм бол ойн жаахан нөмрөг маань жилээс жилд сийрээд байдгийн нэг шалтгаан учир  амархан тайлагдана.

Усгүй бол мод тарина гэж байхгүй хэмээн мэдэмхийрхэх, хийрхэх хэдэрлэх хүн олон байх вий, надаас ч мөн ийнхүү олонтой асуудаг. Санаа зоволтгүй, та нэг жоохон цаасан бортгонд төө хэртэй хайлаасны суулгац тариад хашаагаа тойруулж булаад боломжтой бол санасан үедээ сар болгон хагас шанага ус хийгээд байгаарай. Таван жилийн дараа танайх гэдэг айл хайлаасан шугуй дотор л амьдарна гээд бод. Монгол ардын дуунд мөнхөрсөн хажуу дээр ургадаг хайлаас мод чинь гангийн халуун нар, өвлийн тэсгим хүйтнийг даадаг шидэт ургамал юм шүү. Харин хүн малаас хамгаалж гадуур нь хямдхан торон хашаа татаж л таараа.

Биеэрээ туршсан зүйлээ хуваалцаж байгаа болохоор намайг Эби аятай гошгоруулж байна гэж битгий бодоорой. Дээр миний ярьсанчлан цаана чинь хятадууд усгүй элсэн цөлд жилд сая саяар нь мод тариад өмнийн элсэн их цөлөө ногооруулж байна. Хэдэн мянган жилийн бидний өвөг дээдсийн довтолгооноос хамгаалж цагаан хэрмийг өндөр уулын орой дамнуулан барьж чадаж байсан улс өнөөдөр Монголын цөлжилт, шар шуурганаас өөрсдийгөө хамгаалан шар элсэн цөлд ногоон хэрмийг жинхэнэ утгаар нь босгож байна.  Худлаа гэвэл Өвөр Монголын Ордос яваад ирсэн улсаас асуугаарай. Тэд усгүй улаан элсэн дээр ой модыг сая саяар нь ургуулж байна та минь ээ.

Таримал модон хашааны тухай асуух зүйл гарах аваас миний өчүүхэн бүтээлтэй  танилцах гэвээс sharav purevsuren гэсэн facebook рүү ороод үзэж болно.

Хэрэв сум орон нутгийн удирдлагууд санаачлага гаргаад орон нутгийн хөгжлийн сангаасаа жаахан мөнгө төсөвлөх аваас хамгийн түрүүн энэ ажлыг захиргаа, цаашлаад эмнэлэг, сургуулиас эхлэх нь зүйтэй. Мөн сануулахад Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжүүлэлтээр "Эко” сургуулидтай болох аян таван жилийн өмнөөс эхэлчихсэн төсөл нь одоо тал дундаа орчихсон яваа болов уу.

Өөрсдийн гараар босгосон "Ногоон хэрмэндээ” эрүүл энх амьдарч, үр хүүхдээ хар багаас нь эх байгальд ойртуулж, Монгол орноо ногооруулах таны ажил зүтгэлд амжилт хүсье.


Ш.Пүрэвсүрэн