|

Малчдын 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг

Малчдын 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг

УИХ-ын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг УИХ 2017 оны хоёрдугаар сард шинэчлэн баталжээ. Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулах зохицуулалт тусгасан уг хууль энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Хуулийг анх батлахад 2018 онд 13500 орчим малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэсэн тооцоо хийсэн ч ердөө 5500 иргэн тэтгэвэрт гарчээ. Учир нь малчин иргэдийн ердөө 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна. Бусад малчид шимтгэл төлөхгүй байгаа тул улсаас малчнаар ажилласан жилийг нь тодорхойлох боломжгүй болоод байгааг ХНХ-ийн сайд С.Чинзориг хэллээ. Тиймээс Засгийн газраас энэ оны 6 дугаар сард өргөн барьсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд малчнаар ажилласан жилийг тогтоох, бүртгэл, лавлагаа олгохтой холбоотой 25 заалт нэмж тусгажээ.
Мөн хуулийн төсөлд хөдөлмөрийн хүнд, хортой нөхцлөөр тэтгэвэрт гарах зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Учир нь өнгөрсөн онд баталсан хуульд дээрх зохицуулалтыг тусгалгүй орхигдуулсны улмаас хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй иргэд тэтгэврээ тогтоолгох эрх зүйн үндэслэлгүй болсон байжээ.
Ийнхүү байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.