|

Д.Сарангэрэл сайд аа, Салбарынхан чинь өвчтөнүүдийнхээ тариаг андуурч хийгээд, хүний амиар тоглоод байгаа юм биш биз дээ

Д.Сарангэрэл сайд аа, Салбарынхан чинь өвчтөнүүдийнхээ тариаг андуурч хийгээд, хүний амиар тоглоод байгаа юм биш биз дээ

 

Сүүлийн жилүүдэд эмч эмнэлгийн ажилтнуудын буруутай үйлдлээс болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэх хэргийн тоо өссөөр байна.  Анхандаа Улаанбаатар  хотын  эмч  нар хариуцлагагүй, хэнэггүй, болгоомжгүй зангаасаа болж энэ төрлийн хэрэгт холбогддог байсан бол сүүлийн үед хөдөөгийн  эмч, сувилагч нар  хүний  аминд  хүрлээ гэх харамсалтай мэдээ чих дэлсэх боллоо. Арга ч үгүй биз. Алдсан нэгэнд нь хариуцлага тооцохын  оронд "Ачаалал их байснаас боллоо” гэсэн  арчаагүй  тайлбараар  алдааг  нь  цайруулж,  толгойг  нь  илээд  өнгөрдөг  байснаас  тэд  сүүлдээ  хүний  амийг  юман  чинээ  бодохоо  больсон гэхэд хилсдэхгүй. 

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн гуравдугаар сард Өмнөговь аймгийн Номгон суманд сувилагч өөр хүний тариаг андуурч хийснээс болж 75 настай буурайг бурхны оронд явуулсан тухай мэдээлэл цацагдаж, олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байсан. Тухайн үед аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргалаар ахлуулсан ажлын хэсэг Номгон суманд очиж учир байдалтай нь танилцаад буцсан гэдэг.

Тэгвэл, хэрэг явдал болсноос хойш зургаан сарын дараа буюу өнгөрсөн есдүгээр сарын 19-нд тухайн үед шалгалтаар ирсэн Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга бүсгүйн гарын үсэгтэй албан бичиг бурхан болоочийн нэрээр хаяглагдан ар гэрийнхэнд нь иржээ. 

Тус албан бичигтээ,  "Тухайн үед сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Батчимэгийг ажлаас нь чөлөөлсөн. Алдаа зөрчил гарган хариуцлага алдсан сувилагч Ө.Буянцэцэгийг ажлаас нь халж, ажлын байрны дагалдан сургалтад хамруулан чадваржуулсан. Одоогоор сумын эрүүл мэндийн төвийн мэргэжлийн сувилагчийн дутагдлын улмаас ажилд нь авч ажиллуулж байна" гэх мэт зүйлсийг дурдсан байна.

Чадвар дутсандаа биш хариуцлагагүй зангаасаа болж андуурч тариа хийгээд хүний аминд хүрсэн сувилагчийг чадваржуулах сургалтад суулгаад ажилд нь буцааж авсан. Өөрсдийнх нь гаргасан хүсэлтийн хариу олон сарын дараа бурхан болоочийнх нь нэрээр хаяглан илгээсэн гэх мэт эрүүл мэндийн байгууллагын хариуцлагагүй үйлдэл хэрээс хэтэрч байгаад бурхан болоочийн ар гэрийнхэн гомдож, бухимдал тээнэ сууна.

Аврал эрэн хандаж, ачтан гэж залбирдаг эмнэлгийн ажилтны буруутай үйлдлээс болж бурхан болсон 75 настай буурай маань 90 гарсан ээжтэйгээ хамт амьдардаг. 20 хүүхэд төрүүлж, хүний дайтай өсгөсөн буянтан байжээ.

 Хэрэг явдлын талаар бурхан болоочийн охин Ц.С-ээс тодруулж, цөөн хором ярилцлаа.  

-СУВИЛАГЧ НЬ ӨӨР ХҮНИЙ ТАРИАГ АНДУУРЧ ХИЙСНЭЭС БОЛООД ЭЭЖИЙГЭЭ АЛДСАН-

-Хэрэг явдал яг хэзээ болсон юм бэ?

-Өнгөрсөн гуравдугаар 9-нд ээж маань тогтмол хийлгэдэг сахарынхаа эмчилгээг хийлгэхээр Сумын эрүүл мэндийн төвд хэвтсэн. Эмнэлэгт таван хоног хэвтээд 5 дах хоног дээрээ сувилагч нь хажуу талынхан хүний тариаг андуурч хийснээс болоод л  зүрх нь зогсчихсон.

-Яг ямар тариа хийсэн юм бол?

-Стор дээр нь бичигдээгүй. Ципазолин гэдэг булчинд хийдэг тариаг судсанд нь хийсэн байна лээ. Тэр тариа нь манай ээжид харшилдаг ч юм уу, ямар ч л байсан таардаггүй тариа байсан юм шиг байгаа юм. Сүүлд нь ажил явдал нь дууссаны дараа манай дүү нар эмнэлэг дээр очиход тэр сувилагч "би буруу тариа хийгээгүй. Зүрх нь зогссон” гэх хариуг хэлсэн байна лээ. Харин ээжийг сахиж байсан дүү маань "Чи бүх тариа хийж дууссаны дараа Ципазолин судсаар хийсэн биз дээ. Би тухайн үед эмч нь бичсэн юм байх гэж бодсон чинь стор дээр нь тийм тариа байхгүй байна лээ ” гэхэд сувилагч нь би мэдэхгүй лаборант найруулж өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэгээд лаборантыг нь дуудаж ирээд асуусан чинь "Тийм ээ. Би ципазолин найруулж ирээд өөрт чинь өгсөн” гэж хэлсэн. Ингээд Ципазолин судсаар хийсэн гэдэг нь мэдэгдсэн. Бусдаар бол сувилагч нь би хийгээгүй гээд гүрийж байсан юм.

-Тухайн үед та хажууд нь байсан уу. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар илүү тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Би хажууд нь байгаагүй манай дүү сахиж байсан. Тариагаа хийлгэж дуусаад хэсэг хугацааны дараа нэг шээдэг юм билүү гээд өндийх гэснээ болиод л эргэж харж хэвтээд тэр чигтээ өнгөрчихсөн гэсэн. Эмч, сувилагч нарыг нь дуудсан боловч, амжаагүй ямар ч анхны тусламж авч чадалгүйгээр өнгөрсөн.

-Тариа хийлгэснээс хойш ойролцоогоор хэдэн минутын дараа өөд болсон бэ?

-Нэг их удаагүй шүү дээ. Хамгийн ихдээ л 30 минут болсон байх.

-Тариа хийлгэхээсээ өмнө биеийн байдал нь хэр байсан бэ. Ямар нэгэн зовиур байсан уу?

-Манай ээж 75 настай хүн гэхэд биеийн байдал гайгүй байсан. Эмнэлэгт хэвтэхдээ өөрөө алхаад л орсон. Тариа хийлгэхээс өмнө ямар нэгэн зовиургүй зүгээр байсан. Тэгээд бид нар яагаад ийм юм болчихов гэхэд, сувилагч нь "өчигдөр зүрх нь жаахан тиймэрхүү байсан” гэж хэлсэн. Уг нь манай ээжийн зүрх өвддөггүй л байсан юм байгаа юм. Бусад хүмүүс шиг 2-3 сар, ядаж 2-3 хоног хэвтэрт байж байгаад, үр хүүхдэдээ хэлэх үг, захих захиасаа хэлээд явсан бол бид гомдолгүй ээ. Гэтэл зүв зүгээр инээгээд, хоёр хөл дээрээ алхаж эмнэлэг рүү орсон хүн таван хоногийн дараа цагаан даавуунд боолттой гарч ирэхээр ямар л олиг байх вэ дээ.

-Тухайн үед аймгаас шалгалтын хүмүүс ирсэн гэсэн. Ямар дүгнэлт гаргасан юм бэ?

-Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргалаар ахлуулсан ажлын хэсэг ирж, нөхцөл байдалтай танилцаад биднийг дуудаж уулзсан. Тэд "Сувилагч алдаа гаргаж, стор дээр нь бичигдээгүй өөр хүний тариаг хийсэн нь үнэн байна. Холбогдох хүмүүст нь хариуцлага тооцно” гэсэн. Бид тухайн үед бурхан болоочийнхоо ясыг өндөлзүүлээд яахав, угаасаа өндөр настай хүн байсан. Ингэлээ гээд босоод ирэх биш дээ гэж бодоод хэл ам, гомдол зарга гэж яваагүй. Ижий минь дахиад босоод ирэхгүй ч гэлээ энэ хүмүүсийг хариуцлагатай байж дахин алдаа гаргаж хэн нэгэнд хагацал өнчрөл бүү үзүүлээсэй гэж хүссэндээ хариуцлага алдсан эмч, сувилагчид арга хэмжээ авч өгөхийг л хүссэн. Тэгээд маргааш нь төвөөс ирсэн эмч нар хуралдаж байна гэх яриа дуулдаад л байсан. Бид нар ямар шийдвэр гаргаснаа бидэнд хэлэх байх гээд хүлээж байтал, явж гэж байна гэх яриа сонсогдсон. Би гайхаад, хойноос нь утастаад, гүйцэж очоод " Ямар ямар арга хэмжээ авсан тухайгаа бидэнд албан бичгээр мэдэгдэнэ үү” гээд өргөдөл бичиж өгөөд явуулсан.

-Өргөдлийн хариу ирсэн үү?

-Бид нар өргөдлийнхөө хариуг олон сар хүлээсний эцэст саяхан өнгөрсөн есдүгээр сарын 19-нд хариугаа авсан. Хамгийн аймшигтай нь өргөдлийн маань хариу талийгаач ээжийн маань нэр дээр хаяглагдаж ирсэн байсан. Номгон сумын иргэн Р.Ц......танаа, хариу ирүүлэх тухай гэчихсэн байгаа юм. Хэнд хаяглаад, хэнээс хариу нэхээд байгаа юм. Миний өнгөрсөн эхийг хариу ирүүл гээд байгаа юм уу, үнэхээр ойлгомжгүй байсан. Ядаж тэр өргөдөлд нь гарын үсэг зурсан хүн нь бид нарыг мэддэггүй, таньдаггүй хүн байсан бол бас яая гэхэв. Будлисан гэж бодохсон. Гэтэл манай нутгийн уугуул биднийг хэн нь хэн бэ гэдгийг маш сайн мэддэг хүн байсан. Тэгээд ч болоогүй. Тэр өргөдөлдөө "Ээжид минь буруу тариа хийж, хариуцлага алдсан сувилагчийг буцааж ажилд нь авсан тухай дурдсан байсан. Мөн тухайн үед ажлаас нь чөлөөлсөн сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Батчимэгийг мэргэжил олгох хоёр жилийн сургалтад төлбөрийг нь даагаад, хоёр жилийн цалинг нь өгөөд явуулахаар болсон байгаа юм. Шагнаад байгаа юм уу, шийтгээд байгаа юм уу, ойлгох юм алга.

-Өргөдөлд гарын үсэг зурсан хүн нь хэн байсан юм бэ?

-Тухайн үед ажлын хэсгийг ахалж байсан. Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргалын гарын үсэгтэй өргөдөл байсан.

-Та энэ талаар Ц.Өнөржаргалд мэдэгдсэн үү?

-Би цахим хуудсандаа энэ тухай бичиж оруулсан. Гэтэл Ц.Өнөржаргал миний постны доор "Яаанаа миний буруу байна. Гарын үсэг зурахдаа анзааралгүй шууд зурсан байна” гэж хариу үлдээсэн байсан.

Энэ талаар Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргалаас тодруулахад, "Бид нар анх газар дээр нь очиж танилцаад стор дээр бичигдээгүй тариа хийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр тухайн сувилагчид арга хэмжээ авч, ажлаас чөлөөл гэсэн бичиг явуулсан. Гэтэл сүүлд ажилд нь буцаагаад авчихсан байна лээ. Тэр хүнийг буцааж авах эсэхийг сумынхан эмнэлэг шийддэг. Яг яагаад авсныг нь би сайн мэдэхгүй байна. Харин тэр сүүлд явуулсан албан бичгийн тухайд бол би гарын үсэг зурсан нь үнэн. Олон бичиг дунд гарын үсэг зурагдаад гарчихсан л юм байна лээ” гэв. Харин "Яагаад шүүх эмнэлэг дуудаж, үхлийн шалтгааныг нь тогтоолголгүйгээр, зөвхөн "Стор дээр бичигдээгүй тариа хийсэн байж болзошгүй" гэж үзээд өнгөрөөсөн талаар тодруулахад, "Тухайн үед ар гэрийнхэнээс нь задлан хийлгэх үү гэж асуухад, "тэгэх шаардагагүй" гэсэн" гэх тайлбарыг өгсөн юм.

Гэтэл ар гэрийнхэн нь "Бид нарыг дуудаж уулзаад, "Сувилагч алдаа гаргаж, стор дээр нь бичигдээгүй өөр хүний тариаг хийсэн нь үнэн байна. Холбогдох хүмүүст нь хариуцлага тооцно” гэдэг юм л хэлсэн. Тэрнээс биш задлан энэ тэр гэж юу ч хэлээгүй" гэв.

Бид энэ явдлыг нүдээр үзэж, хараагүй, газар дээр нь очиж танилцаагүй учраас хэн нэгнийг нь буруутгаж, өөрсдийн зүгээс ямар нэгэн дүгнэлт хийхийг хүссэнгүй. Гэхдээ энэ нийтлэлээрээ дамжуулан "Монгол улсын эрүүл энхийн манаанд зогсдог, аврал эрсэн нэгнийг алах бус аврах үүрэгтэй сувилагч хүн ҮНЭХЭЭР өвчтөнүүдийнхээ тариаг андуурч хийгээд өдгөө 75 насыг насалж, 20 хүүхдийг төрүүлж хүн болгосон буянтай буурайг жам бусаар бурхны орон руу явуулчихаад, алдаа гаргасан хүмүүст нь хариуцлага тооцож чадахгүй яваа юм биш биз дээ. Энэ асуудлыг анхааралдаа авч, үнэхээр эмнэлгийн байгууллагын буруугаас болж хүний амь нас хохирсон бол холбогдох хүмүүст нь хариуцлага тооцож, ачлалт ээж болон 12 хүүхдийнхэн сэтгэлийг бага ч болов дэвтээж өгөөч ээ” гэх хүсэлтийг САЛБАРЫН САЙДАД НЬ уламжлахыг хүслээ.

Мөн бурхан болоочийнх нь нэр дээр хаягласан "аймшигт” албан бичиг дахиад нэг ч хүний гар дээр очихгүй байх тал дээр онцгой анхаар өгөхийг хүсье ...

Т.Гэрэл

http://www.zaluu.com/read/2a6f9bd5g