|

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томиллоо

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томиллоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.09) хуралдаан 11 цаг 43 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа энэ өдрийн хуралдааныг даргалав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар байр сууриа илэрхийлж, горимын санал гаргасан. Гишүүдийн зүгээс Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд УИХ -дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул хамт өргөн мэдүүлсэн долоон хуулийн төсөл, УИХ-ын  хоёр тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагатай гэж үзсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, "С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэний дараа уг асуудлыг хэлэлцье” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, О.Батнасан, Л.Мөнхбаатар нараас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн "Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, "Төрийн өмч, хөрөнгийг зөв зохистой, үр ашигтай ашиглах,  төрийн санхүүгийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн байгууллага, олон нийтэд үнэн зөв, бодитой тайланг хүргэхэд төрийн аудитын байгууллага чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого тодорхой болсноор төрийн бодлогын хэрэгжилтэд төрийн аудитын оролцоо нь тодорхой, үйл ажиллагаа нь нэгдмэл, нэг зорилгод чиглэгдэх болно” гэдгийг онцоллоо.

Хуралдаанд Үндэсний аудитын газрын орлогч дарга С.Оюунбилэг холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тогтоолын төсөлтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авсны дараа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр  тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа  хараат бус байж, олон улсын стандартад нийцсэн, улс төрөөс ангид байх ёстойг анхаарууллаа. Ингээд "Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолоор баталсан "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг үндэслэн уг зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилж, зөвлөлийн ажиллах журмыг баталж, мөрдөн ажиллахыг даалгахаар тусгажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилохыг дэмжиж,  Байнгын хорооны тогтоолын төслийг  батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.