|

Ярослав Доубрава: Монгол орон нүдэн дээр өөрчлөгдөж байна

Ярослав Доубрава: Монгол орон нүдэн дээр өөрчлөгдөж байна

Бүгд Найрамдах Чех Улсын сенатын гишүүн Ярослав Доубраваг Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
 
-Сайн байна уу та. Манай оронд ямар ажлаар хүрэлцэн ирсэн бэ?
 
-Манай улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд Эдуард Муржицки тэргүүтэй чехийн төлөөлөгчид монгол оронд айлчилж байна. Миний бие энэ бүрэлдэхүүнд багтсан. Танай сайхан оронд зургаа дахь удаагаа ирлээ.
Монголын усны менежмент, барилга байгууламж, батлан хамгаалах, эрчим хүч, тээвэр болон банкны салбарт 10 гаруй чехийн компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний үйл ажиллагаатай танилцаад, буцах гэж байна даа. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын компани байгуулах төлөвлөгөөтэй байсан. Энэ ажил маань бараг л бүтсэн байгаа.
 
-Манай орон Чех Улстай олон талд хамтран ажиллаж байна. Ямар чиглэлд шинээр хамтын ажиллагаа яригдаж байна вэ?
 
Манай улс Монгол улсын нэг аймагтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Гэсэн ч уул уурхайн салбар маань дэлхийд дээгүүрт бичигддэг. Ялангуяа нөхөн сэргээлт байгальд ээлтэй байдлаараа гайхагддаг. Тиймээс хоёр улсын Засгийн газар энэ чиглэлд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
 
-Өмнө нь манай оронд олон удаа иржээ. Монголын хөгжлийг юу гэж хардаг вэ?
 
-Би долоон жилийн өмнө Монголд анх ирж байлаа. Эхний айлчлалаас эхлээд Монгол орон нүдэн дээр өөрчлөгдөж байна. Энэ хөгжил маш богино хугацаанд явагдаж байна. Манай Европт ийм хурдан хөгжсөн жишээ байхгүй.
Хэдхэн жилийн өмнө би онгоцноос буугаад явахад өнөөдрийнх шиг ийм байгаагүй.
Монголчууд богино хугацаанд маш сайн хөгжиж байна.
 
-Та хотын дарга байсан хүн. Улаанбаатарын хөгжлийн тухайд юу хэлэх вэ?
 
-Хотын хөгжил нь өндөр барилга барихаас илүү өргөөшөө тэлж хөгжвөл сайн гэж хардаг. Уул уурхайг монголчууд өөрсдөө ашиглаад эхэллээ. Энэ нь цаашдын хөгжилд маш том тулгуур болно. Барилгын салбар нь ч маш сайн. Нэг үеэ бодоход чанаржсан байна. Би Монголд ирээд маш олон хүнтэй уулзаж ярилцсан. Иргэдийн сэтгэлээс хөгжих сэтгэлгээ маш өндөр байгаа нь харагддаг.
 
-Монголчууд мал аж ахуй, уул уурхайгаа түшин хөгжиж байна. Танай орны хувьд?
 
-Манай улс үйлдвэрийн орон. 1989 оноос хойш ХАА-н хөгжил маань зогсонги байдалд орсон. Түүнээс өмнө бол ХАА сайн хөгжиж байлаа. Би Монголын сүү сүүн бүтээгдэхүүнд их дуртай. Сүү уухад хүүхэд насанд ууж”хэрэглэж байсан амт нь тэр чигээрээ амтагддаг. Тэр үедээ очсон мэт сайхан дурсамж бодогддог. Одоогийн Чехийн сүүг сүү гэж хэлэхэд их хэцүү. Бараг л хиймэл бүгээгдэхүүн шиг болсон байдаг. Тиймээс хоёр орны экспорт, импортын харилцааг бүхий л талаар хөгжүүлэхийг илэрхийлж байна. Мөн сая манай төлөөлөгчид Төв аймагт очиж ажилласан.
Монголын малчдыг хараад бахархах сэтгэл төрж байлаа. Мал аж ахуйн бизнесээ орхигдуулалгүйгээр орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна. Мотоцикл, автомашин, нарны цахилгаан станц гээд тэнд бүгд байна. Өнгөрсөн хугацаанд Чех улс мах боловсруулах үйлдвэр, ус цэвэршүүлэгч, мал ээмэгжүүлэх систем ,сүү цагаан идээ боловсруулах технологийг орон нутгийн хөдөө аж ахуйн мэргэжлийн сургуульд нийлүүлсэн. Энэхүү хамгийн ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаа.
 
-Монголын улс төрийн байдал жаахан тогтворгүй байна. Чехийн хувьд ямар байгаа вэ?
 
-Саяхан Дээд, доод танхимын сенатын сонгууль болсон. Одоо Засгийн газраа огцруулах асуудал яригдаж байна. Ер нь Чех ч гэсэн улс төрийн хүрээнд тогтворгүй байна. Дээд танхим дөрвөн жилээр сонгогддог, 81 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.
 
 
Т.Сайхан 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин