|

Идлиб дэх цэрэггүй бүсээс террористууд гараагүй гэж мэдэгджээ

Идлиб дэх цэрэггүй бүсээс террористууд гараагүй гэж мэдэгджээ

 

"Жебхат ан-Нусра” бүлэглэлийн террористууд Сириийн Идлиб хотод цэрэггүй бүс байгуулах ёстой газарт одоог хүртэл хүнд зэвсгүүдийн хамт байсаар байна. Энэ тухай Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем тус улсын нийслэл Дамаск хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг "SANA” агентлаг уламжилжээ.
 
Түүний хэлснээр, "энэ нь Идлибтэй холбоотой Орос-Туркийн тохиролцоонд хүлээсэн үүргээ Анкара биелүүлэхгүй байгаагийн дохио юм”. Дамаск хотоос 320 км-ын зайтай газар оршдог Идлиб мужийн төвийг Турк болон Өрнөдийнхний дэмжлэг үзүүлдэг террористууд хянасан хэвээр байгаа болохыг Сирийн Гадаад хэргийн сайд цохон тэмдэглэсэн байна.
 
"Бид Сирийн баруун хойд нутгийн асуудлаар Оросын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байгаа” гэж Валид Муаллем онцлон хэлсэн байна. Тэрбээр Идлибийн асуудлаарх гэрээ нь түр зуурын шинжтэй бөгөөд Сири улс тус хотыг хяналтдаа эргүүлэн авах хууль ёсны эрхтэй гэдгийг цохон тэмдэглэжээ.
 
ОХУ-ын Сочи хотод есдүгээр сарын 17-нд гарын үсэг зурсан Орос-Туркийн тунхаг бичигт заасны дагуу, Идлиб хотод 15-20 км-ын гүнд цэрэггүй бүсийг 10 дугаар сарын 15 гэхэд байгуулах ёстой юм. Гэвч Туркийн эрх баригчид тус улсын зүгээс аюулгүй байдлын нөхцөлд баталгаа өгч чадахгүйтэй холбоотойгоор нэмэлт хугацаа өгөх, Идлиб хотод хийх хамтарсан эргүүлийг хойшлуулах хүсэлт гаргасан байна.