|

ЖДҮ-ийн зээл хадгаламжид орсон уу, ханш унагасан уу?

ЖДҮ-ийн зээл хадгаламжид орсон уу, ханш унагасан уу?

 

Жижиг, дунд үйлдвэрт зориулсан зээл эзэндээ хүрч чадахгүй байгаа нь эрх мэдэлтнүүд замаас нь хуу хамаад байгаагаас боллоо гэж үзэж буй нь үгүйсгэхэд тун хэцүү маргаан юм. Зээлийн шалгуурт тэнцэхгүй, хамааралгүй нөхдүүд эрх мэдэл, танил талаараа далайлган зээлийн сан руу гар дүрж байгаа нь хууль бус үйлдэл. Гол анхаарал татаж байгаа асуудал нь тэд маш хямдхан авсан зээлээрээ юу хийдэг вэ. Зарим нэг нь бизнестээ эсвэл  банк бус санхүүгийн байгууллагадаа оруулан эргэлдүүлдэг байх.


Гэхдээ ердөө гурван хувийн хүүтэй авсан зээлийг ашиглах хамгийн найдвартай, хялбар арга нь буцаагаад банкинд 14-15 хувийн хүүтэй хадгалж 11-12 хувийн зөрүүнээс ашиг цохих юм. Ялангуяа, авсан зээлээ ам.доллар болгоод банкинд хадгалбал ч чулуу болдог гэдэг. Энэ нь эзэндээ ашигтай ч эдийн засагт хохиролтой ажиллагаа.

Төгрөгтэй харьцуулбал ам.долларын хадгаламж арай бага хувиар өссөн. 2017 оны аравдугаар сараас 2018 оны аравдугаар сарын хооронд ам.долларын хугацаатай хадгаламж 11 хувиар өссөн байдаг. Давхцаад төгрөгийн ханш дөрвөн хувиар унасан байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй.

Арилжааны банкуудын санхүүгийн тайлангаас харахад 2016 оны аравдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хадгаламж 8.063.390 төгрөг (найман их наяд жаран гурван тэрбум гурван зуун ерэн сая) байсан бол хоёр жилийн дараа буюу 2018 оны аравдугаар сард буюу өнөөдөр 12.058.700 төгрөг (арван хоёр их наяд тавин найман тэрбум долоон зуун сая) болж өссөн байна.

Сүүлийн хоёр жилийн эдийн засгийн нөхцөл байдал болоод мөнгөний нийлүүлэлтийг харахад банкин дахь хадгаламжийг ингэж 3.9 их наяд буюу 49 хувиар огцом өсгөх эдийн засгийн бодит, шалтаг шалтгаан харагдахгүй байгаа юм. Харин ч бүр эсрэгээрээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч иргэд, аж ахуйн нэгжийн өр зээл 4.4 их наяд буюу 35 хувиар нэмэгдэн 16 их наяд давж, чанаргүй зээл болоод хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 18-19 хувийг эзлэх болсон.

Тэгвэл хоёр жилийн дотор бараг 50 хувь буюу 3.9 их наядаар өссөн хадгаламжийн эх үүсвэр юу вэ гэдэг асуулт гарч ирж байна.

Нэг талдаа иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн нэгдсэн дүн нэмэгдээд байдаг. Нөгөө талдаа хадгаламж нь бас нэмэгдээд байдаг. Мэдээж хадгаламжийн 49 хувийн өсөлтийг бий болгогч, ашгийг хүртэгч нь нийт хадгаламжийй 10 хувийг эзэмшдэг олонх биш. Харин 90 хувийг эзэмшдэг цөөн тооны хадгаламж эзэмшигчид л болов уу. Очих ёстой эзэндээ очихгүй байна, зориулалтын бусаар зарцуулагдаж байна гэж үзэж буй ЖДҮ-ийн зээл нь магадгүй нэг талдаа төгрөг, ам.долларын хадгаламжийн өсөлтийн эх сурвалж, нөгөө талдаа төгрөгийн ханшны уналтын шалтгаан болж байж болох юм.

Х.Байси
Эдийн засагч