|

ТУСГАЙ САНГУУДЫГ ТАТАН БУУЛГАЯ

ТУСГАЙ САНГУУДЫГ ТАТАН БУУЛГАЯ

 

Төрд ард түмнийг төлөөлөн суусан эрхэм гишүүд хэрхэн тусгай эрх дарх эдэлж буйг өнгөрсөн өдрүүдэд харж, сонслоо. Ард түмнээр итгэлээр хэрхэн бизнесээ өргөжүүлж, хөлжиж байгааг бид харж байна. УИХ-д улиран сонгогддог эрхмүүд Тусгай сангууд хэрхэн өгөөжтэйг шинэхэн гишүүддээ шивнэсэн тухай бор шувуу ч Төрийн ордноос нисэв. Тэгвэл парламент хэзээнээс эхлэн тусгай сан нэрээр халхавч хийн  түшээдийг төсвийн хөрөнгөөр угжиж эхэлсэн бэ?

Улсын Их Хурлаар "Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-ийг 2006 онд батлан гаргасан бөгөөд уг хуулийн зорилтыг "Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах” гэж тодорхойлсон. Тусгай сангийн тухай хуулийг анх батлахад нийт 22 сан байж.  Үүнээс хойш энэ тоо хэдэнтээ нэмэгдэж хасагдсан бөгөөд хуульд ч гуч шахам удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа юм. Нэг үгээр энэ хууль жилд хоёроос дээш удаа засагдаж байсан гэсэн үг. Хэдэнтээ засаж сайжруулж ирсэн ч асуудал дагуулсаар байгааг холбогдох хяналтын байгууллагууд жил бүр сануулдаг байж. 

Өнгөрсөн онд буюу 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн Үндэсний аудитын газрын нийцлийн аудитын тайланг  үндэслэн Монгол улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоол гаргалаа. Энэхүү тогтоолд:

– Улсын төсвийн нэгдмэл байдлыг хангах, тусгай сангуудын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, үр дүнг дээшлүүлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах, давхардлыг арилгах, сангуудын зохицуулалтыг нэг хуулиар зохицуулах зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх;

– Тусгай сангийн үйл ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулаагүй, санхүүгийн эх үүсвэрийг хуулиар тодорхойлсон заалт бүрээр бүрдүүлээгүй, сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох;

– Тусгай сангуудад үүссэн өр, авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулж,  хэрэгжилтийг улирал тутам Төсвийн байнгын хороонд танилцуулах талаар дурдсан байна.

Энэ мэт тогтоол, дүгнэлтүүд ар араасаа хөвөрч байгаа юм. Хэдэнтээ засаж сайжруулах хууль, тогтоол дүгнэлт гарсан ч тэгсхийгээд замхарч байв.  Үргэлжлүүлэн тусгай сангууд сангийн орлогын эх үүсвэрээ бүрдүүлээгүй, дотоод хяналтгүй, сангийн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулдаггүй үйл явц үргэлжилсээр өнөөдөртөө золгосон байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын нийт өр төлбөрийн хэмжээ хэдэн зуун тэрбумаар тоологдсоор байна. 

Иймээс цаашид Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд байгаа сангуудыг цөөрүүлэх, үйл ажиллагааг нь оновчтой болгох, орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг бүртгэх, төлөвлөх, гүйцэтгэлийг зохих журмын дагуу хянах нэдсэн тогтолцоотой болох талаар анхаарч ажиллах нь зүй ёсны хэрэг.

Цаашид ард түмэнд хэрэггүй амиа хувиа хичээгчдэд зориулсан Тусгай сангуудын татан буулгах шаардлагатай тулгараад байгааг энэ өдрүүдэд өрнөж буй үйл явц харуулж байна.

П.ГОО