|

Тавантолгойд нөхцөл байдал хүндэрснээр улсын төсөв тасалдахад хүрлээ

                 

                      -ИРЭХ ЖИЛ 42 САЯ ТОНН НҮҮРС ЗАРНА ГЭСЭН МӨРӨӨДӨЛ ҮГҮЙ БОЛОВ-

2019 оны төсвийн төсөлд нийт 42 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөөлсөн. Ч.Хүрэлбаатар сайдын хувьд нүүрснээс олох орлогоо ийнхүү хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагаа тэр хэмжээгээр бууруулсан нь улсаа хохирооход хүргээд байна.

2018 онд манай улс нийт 27 сая тонн нүүрс экспортлож, нийт хоёр тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолсон. Ирэх жил түүнээс даруй 15 сая тонн нүүрс илүү зарна гэж төсөөлсөн ч энэ нь эхнээсээ бүтэлгүйтэж эхлэв.

Учир нь БНХАУ эх газрын боомтууд дахь нүүрсний худалдан авалтаа хоёр сар гаруй хугацаанд саармагжуулсан нь манайхны дээрх МӨРӨӨДЛИЙГ үгүй хийхэд хүргэв. Манай улсын нүүрсний гол худалдан авагч БНХАУ энэ сарын эхээр нүүрсний импортын хэмжээгээ багасгаж, өдөрт ердөө 5-10 машин хилээрээ нэвтрүүлж эхэлсэн.

Үүнээс үүдэн Тавантолгойд нүүрс ачсан машины тоо 5000-д хүрч, 140-160 км замд дугаарлах болов. Улмаар энэ тооны жолооч зам дээр хүйтэн машиндаа хоног төөрүүлж, нойр, хоолгүй 15-20 хоног дугаарлах, цаашлаад осол, эндэгдэл гаргаж, эрүүл мэнд, амь насаараа хохирох хэрэг нэмэгджээ.

Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн учраас Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Тавантолгойн бүлэг орд дахь уурхайнуудаас нүүрс ачих үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан билээ. Үүний дүнд "Эрдэнэс Тавантолгой”, "Энержи ресурс”, орон нутгийн өмчит "Тавантолгой” гэсэн гурван уурхайн үйл ажиллагаа зогсож, улмаар орлого буурч, улсын болон орон нутгийн төсөв тасалдахад хүрээд байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс нүүрсээ экспортлохгүй долоо хонож байна гэсэн үг. Энэ хэрээр алдагдал хүлээсээр. Нүүрсээ зарж л байвал Монгол Улсын төсөвт орж ирэх мөнгөний тоо нэмэгдэнэ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Өвөрмонголын Баяннуур аймгийн холбогдох албаныхантай уулзалт хийж, хилийн таталтыг нэмэгдүүлэх, боомтын ажиллах цагийг 21 цаг хүртэл сунгах зэрэг хүсэлт тавьж шийдвэрлүүлсний дүнд зам дээрх 5000 машины 1700 гаруй нь хилээр гарч, нүүрсээ заржээ. Харин үлдсэнийг нь Цагаан хадан дахь зогсоолуудад хуваарилан байрлуулснаар зам дээх түгжрэл арилсан аж.

Ямартай ч жолооч нар хүйтэнд машиндаа хонохооргүй болсон гэсэн үг. Гэхдээ тэд замаас бууж, зогсоолд зогссоноос бус хилээр гарч, нүүрсээ зарж чадаагүй шүү дээ. Одоо 4000 гаруй машин хилээр гарахаа хүлээж байна. Жолооч нарын зарим нь сар хүлээгээд ч хилээр гарч чадаагүй байгаа юм.

БНХАУ-ын талаас нүүрсний татан авалтаа ийнхүү багасгасан шалтгаанаа "Ганц модны боомт"-ын шалган нэвтрүүлэх цэгт "Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж, жолооч болон машинуудын мэдээллийг шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаатай холбоотой гэсэн тайлбар өгч байгаа билээ. Гэтэл энэ нь зөвхөн шалтаг, БНХАУ-ын нүүрсний салбартаа хэрэгжүүлж буй түр хугацааны бодлого гэж уул, уурхайн салбарынхан ярьж байгаа юм.

БНХАУ-ын тал дахин ийм түр бодлого хэрэгжүүлэхгүй гэх баталгаагүй. Харин тэр бүрт бидний зарна гэж төсөөлсөн 42 сая тонн нүүрсний хэмжээ багасч, улсын төсөвт орох орлого буурна. БНХАУ-аас албан ёсоор технологийн шинэчлэлээ ирэх сарын эхээр дуусгах тухайгаа дуулгажээ. Тэр болтол асуудал ажин түжин л байхаар байна.

 

Т.ХУЛАН

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу