|

А.Батпүрэв: Газрын тосны үнэ буурч буй ч бусад хүчин зүйлийн эсрэг нөлөө байна

А.Батпүрэв: Газрын тосны үнэ буурч буй ч бусад хүчин зүйлийн эсрэг нөлөө байна

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрын тосны үнэ өнгөрсөн 7 хоногт нэг баррель нь 60 ам.доллараас 58.41 ам.доллар болж буурсан. 2 сарын өмнө 86 ам.доллар байсанbrentмаркийн газрын тосны үнэ 6 хувиар буураад байгаа нь сүүлийн жил гаруйн хугацаанд гараагүй уналт болж буйг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Газрын тосны үнэ олон улсад бууж байгаа нь хөгжиж буй орнууд буюу манай улсад хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч А.Батпүрэвээс тодруулахад, "Манайхан газрын тосны үнэ дэлхийд буучихлаа, Монголд яагаад буурахгүй байна гэдэг. Газрын тосны бүтээгдэхүүнийн нийлүүлэлт манай улсад дор хаяж 30 хоногийн хугацааны нөөцтэй явж байдаг. Монголд тогтож буй үнэ нь манай дотоодын импортлогч компаниуд ОХУ-ын гол нийлүүлэгч "Роснефть”-тэй гэрээ хийхдээ сүүлийн 30 хоногийн Сингапурын биржийн индексээр бодож, түүн дээр "Роснефть” өөрийнхөө ашгийг нэмж манай улсад нийлүүлж авдаг. Тиймээс өнгөрсөн 11-р сард олон улсад бууж буй үнэ ханшийн үр дүн 12-р сард нийлүүлэх бүтээгдэхүүн дээр хийгдэж гарч ирнэ. "Нөлөө” гэвэл ингэж л ирдэг. Нэг ёсондоо дэлхийд хямдарсан газрын тос манайд сарын дараа бодитоор орж ирдэг. Гэтэл энэ хугацаанд нөгөө валютын ханш ямар байх гэдэг бас нөлөөлнө.


Манайх шиг импортлогч буюу газрын тосны бүтээгдэхүүнээр хараат байдаг орны хувьд нефтийн үнэ буурах нь импортын зардлыг "хэмнэх” зэрэг эерэг нөлөөтэй юм шиг боловч том дүр зургаар харах юм бол валютын ханшийн өөрчлөлт зэрэг бусад хүчин зүйл эсрэгээр хөгжиж буй орнуудад хүчтэй нөлөөлөх нь бий.

Нефть экспортлогч орнуудад үнэ буурах нь богино хугацааны тааламжтай үе юм шиг боловч шууд болон шууд бус нөлөөллүүд бий” гэсэн юм.

Тэрээр ирэх онд учирч болох эрсдлүүдээс хэрхэн сэргийлэх талаар тодруулахад, "Манай эдийн засаг өнөөдрийн байдлаар 6-аас дээш хувийн өсөлттэй явж байгаа боловч ирэх оны хувьд тодорхойгүй эрсдлүүд их гарахаар байгаа. Төвбанкнаас бодлогын хүүгээ саяхан нэмсэн нь нэг талаар хэрэв эдийн засагт шок байдал үүслээ гэхэд, хүчтэй шок орж ирэхгүйн тулд урьдчилсан хамгаалалт байдлаар арга хэмжээ авч байгаа нь нэг төрлийн сэргийлэх явдал юм. Энэ үүднээс хөндлөнгийн зүгээс хэлэхэд Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ нэмсэн арга хэмжээг зөв гэж үзэж байна” гэв.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр