|

Дарханы дэвжээнд Даянгийн А.Нармандах түрүүллээ

 

Дарханы дэвжээнд Даянгийн А.Нармандах түрүүллээ

 

Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн төвд боллоо. Энэ жил "Дархан хайрхан” дэвжээнийхээ 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулав. Газар газрын 104 бөх хоёр өдөр барилдаж аваргаа тодруулав. 19-20 настны улсын аваргыг Дарханчууд ес дэх жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм.

ЖУРАМ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Энэ удаа 105 бөхийг арван зоонд хуваажээ. Таван хэсэг нь 11 бөхтэй, үлдсэн хэсгүүд арван бөхтэй. Хэсэг тус бүрээс дөрвөн бөх, нийт 40 хүчтэн хагас шигшээд шалгарна. Сугалаа татаж, дахин дөрвөн хэсэгт хуваагдаж, эхний гурван бөх буюу нийт 12 бөх шигшээд тойрч барилдах журамтай байв.

Урд жилүүд шиг чихэлдсэн хэсэг байсангүй. Бас хэсгээс дөрвөн бөх гарах тул боломж магадлал өндөр байлаа. Өвөрхангайн арслан Б.Лхагвадорж, Завханы шинэ заан М.Лхагвагэрэл нар очсонгүй. 

ХЭСГИЙГ ХЭН ТОЛГОЙЛЖ, ХЭН ГЭРТЭЭ ХАРИВ

Харин хэдхэн хоногийн өмнө хөлөө бэртээсэн Нямдоржийн Өсөхбаяр арслан дэвжээгээ хүндэтгэн хүрэлцэн иржээ. Тэр "А” хэсгийг толгойлсон юм. Хэсэгтээ унасангүй. Завханы А.Нармандах түүнд унаж хоёроор, аймгийн нэмэх начин Н.Намнансүрэнгийн дүү Намнан-Эрдэнэ хоёр унаатай, Архангайн Галбадрахын Мөнхбаяр дөрвөөр тус тус хагас шигшээ рүү орлоо.

Хоёрдугаар хэсгийг Б.Орхонбаяр арслан толгойлж, шигшээд үлдлээ. Увсын Г.Бандибаатар хэмээх айхтар залуу хоёр унаатай араас нь дагаж, өсвөрийн улсын аваргын хүрэл медальт Өвөрхангайн М.Гантулга гурваар, Баян-Өлгийн Ж.Ахжол дөрвөөр гарав. Ховдын Б.Бадрал эндээс мултарсан.

Гуравдугаар хэсгээс улсын өсвөрийн шинэхэн аварга Болашахын Жандос унаагүй гарсан. Улсын дэд аварга Ж.Жавхлан хоёр унаатай, улсын начин Ц.Сумъяабээсийн хүү Бат-Орших мөн ижил унаатай хагас шигшээгийн эрх авлаа. Улсын заан Ө.Тулгаагийн зээ дүү Дагвадоржийн Оргилох сайчуудтай мөр зэрэгцэн үлджээ.

Дөрөвдүгээр хэсгээс Говь-Алтайн сумын заан Б.Сэрсэндэмид нэг унаатай тэргүүлэн, Архангайн гаралтай "Хасу”-гийн О.Бат-Эрдэнэ хоёроор, Г.Элбэг харцагын хүү Батсуурь гурваар, мөн "Хасу”-гийн Б.Билгүүн дөрвөөр шалгарваа. Улсын харцага Б.Бат-Өлзийн төрсөн дүү Бат-Орших хараахан шалгарч чадаагүй юм.

Тавдугаар хэсгээс Сүхбаатарын Б.Сайнбаяр уналгүй торойж, Болдбаатарын Баянсүх түүнд унаж, Сэлэнгийн О.Билэгт дөрвөн унаатай, Дарханы Г.Ган-Очир мөн унаатай дагав.

Зургаагаас энэ тэмцээний уран барилдааны шагналыг хүртсэн Архангайн Э.Түмэндэмбэрэл Баянхонгорын хоёр залуутай шалгарч, хэсэг толгойлсон аймгийн начин Ц.Нямдаваа дөрвөөр хагас шигшээд үлдэв.

Дараагийн хэсгүүдээс Говь-Алтай аймгийн начин Д.Баатархүү, Баянхонгор аймгийн начин Ч.Алтангэрэл нар аргагүй хэсэг толгойлж байгаа хүний буурь зааж шигшээд үлдлээ. Ховдын Батхүүгийн Энхбаяр, Баянхонгорын Мөнхбатын Сумъяабазар нарын залуус сүүлийн хоёр хэсгийг төвөггүй тэргүүлцгээсэн. Жигдхэн хуваагдсан хагас шигшээ Залуучуудын улсын аварга зарим жил хагас шигшээгийн сугалаа харилцан адилгүй болдог байлаа.

Нэг зоондоо сайчууд шавж, бусад нь тарж...Харин энэ адуу дөчин бөхөөс арай чихэлдсэн нь хоёрдугаар хэсэг байв. Энд Ч.Алтангэрэл, Э.Батсуурь, Н.Өсөхбаяр, Б.Сайнбаяр нар орсон. Эндээс залуу арслан Нямдоржийн Өсөхбаяр нэг унаатай шигшээд үлдэв. Түүний хөл эмзэглэнгүй, хөлөө гэмтээхгүйн тул сэрвүүгээс голдуу барилдаанаа шийдэж байлаа. Элбэгийн Батсуурьт л унасан юм. Ч.Алтангэрэл түүнд унаж хоёроор, Б.Сайнбаяр хоёр тэргүүлэгчдээ унаж гурваар шигшээд шалгарав.

Хагас шигшээгийн нэгдүгээр хэсгээс Увсын Тэсийн Ганболдын Бандибаатар нэг унаатай, Говь-Алтайн начин Даваамөнхийн Баатархүү хоёр унаатай, Архангайн сумын заан Галбадрахын Мөнхбаяр хоёр унаатай тус тус шигшээ 12-т хүч үзэхээр үлдэв.

Гуравдугаар хэсгээс Өвөрхангайн М.Гантулга хоёр унаатай, түүнд унасан Ховдын Б.Энхбаяр мөн хоёр унаатай, улсын аваргын хүрэл медальт М.Сумъяабазар гурваар шигшээд шалгарсан.

Сүүлийн хэсгээс Б.Орхонбаяр арслан А.Нармандах, Э.Тамир нарт унаж нэгээр гарав. Арсланг давсан хоёр бөх мөн шигшээд үлдлээ.

ШИНЭ АВАРГАТАЙ ШИГШЭЭ БАРИЛДААН

Тус барилдааны анхны дуулиан шигшээгийн анхны тойрогт болсон юм. Говь-Алтайн начин Д.Баатархүү Н.Өсөхбаярыг шахаж татан мордож давснаар анхны даваагаа авлаа. Г.Мөнхбаяр М.Сумъяабазарыг хөнтөрч суйлаад туг руу гүйв. Г.Мөнхбаяр эхний гурван тойргийг тун урамтай, хурдтай илүүрхэн авсан бол Н.Өсөхбаяр дараагийн хоёр тойрогт унаж хөлөө гамнан барилдааныг цааш үргэлжлүүлэлгүй үзэгчдийн суудалд суусан юм.

Тавдугаар тойрогт унаагүй явсан А.Нармандах Г.Мөнхбаяр нар таарав. Мөнхбаяр нь давшиж, Нармандах нь ухраад л. Дан золгооноос А.Нармандах зүүн талдаа мушгиад тонгорчихлоо. Ингэснээр Завханы залуугийн зам цэлийж, Архангайн залуу урьдын ир дарагдах шиг санагдсан.

Дараагийн тойрогт Ч.Алтангэрэл А.Нармандахтай таарч зүүн мордоонд нь яаж ч чадалгүй уналаа. Б.Орхонбаяр, А.Нармандах нар нэг ч унаагүй тэргүүлж байлаа. Долдугаар тойрогт онцолмоор барилдаан гарсангүй. Харин наймдугаар тойрогт Увсын Г.Бандибаатар А.Нармандахыг мордоход нь хутгаа болгон эргэж унагасан юм.

Есдүгээр тойрогт Б.Орхонбаяр А.Нармандах нарын тэргүүлэгчид таарлаа. Дахиад л тугны баруун талд А.Нармандах зүүн талдаа мордоод хаячихлаа. Ижил нэг унаатай гэхдээ хоорондын барилдаанаар А.Нармандах тэргүүлж эхэллээ гэсэн үг. Бас гол өрсөлдөгчдөө бүгдийг давчихсан байсан юм. Аравдугаар тойрогт Б.Орхонбаяр Г.Мөнхбаярыг айхтар мушгихад нь аргалаад үлдчихлээ.

А.Нармандах Б.Сайнбаярыг бас л зүүн талдаа мордчихлоо. Ч.Алтангэрэл Увсын Г.Бандибаатарын баруун хөлтэй ноцолдсоор дэгээ ороолгуулж унаваа. Сүүлийн тойрогт Б.Орхонбаяр Ч.Алтангэрэл нар таарав. А.Нармандах М.Сумъяабазартай таарав.

Баруун хөл авч давснаар алтан медалийн болзол төвөггүй хангалаа. Харин Орхон, Алтангэрэл нарын давсан нь мөнгө, унасан нь хүрэл болох байв. Б.Орхонбаяр хөнтөрч ард нь гарснаар улсын чанартай том тэмцээнээс үндэсний бөхийн төрөлд анх удаа медаль хүртлээ. Ч.Алтангэрэлийн хувьд үндсээр нэг мөнгө, хоёр хүрэл, дөрөв, тавдугаар байртай таван жилийг үдэж байна.

Багийн дүнгээр Т.Өсөх-Ирээдүй харцагын "Алдар” спорт хороо тэргүүлж, улсын начин А.Алтанхуягийн ахалсан "Үндэсний биеийн тамирын дээд сургууль”-ийн баг удаалав. Гуравдугаар байрт "Хилчин” спорт хороо орлоо.

ШИГШЭЭ БАРИЛДААНД ЭЗЭЛСЭН БАЙР

  1. А.Нармандах Даян
  2. Б.Орхонбаяр Алдар
  3. Ч.Алтангэрэл Хилчин
  4. Г.Мөнхбаяр ҮБТДС
  5. Д.Баатархүү ҮБТДС
  6. Э.Тамир Алдар
  7. М.Гантулга Өвөрхангай
  8. Г.Бандибаатар Аварга сургууль
  9. Б.Сайнбаяр Сүхбаатар
  10. М.Сумъяабазар Аварга сургууль
  11. Б.Энхбаяр Аварга сургууль
  12. Н.Өсөхбаяр Хилчин

Биднийг Дарханд очиход өвс нь шаргалтаж намраараа налайж байсан юм. Харин буцахад цас дарж өвлөөрөө үлдлээ. Улирал дамжин болсон барилдаанд Завханы хүү түрүүлэх хувьтай байжээ.

О.Наранбаатар

SPS