|

ГЯЛГАР УУТ, ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭНЭЭС ТАТГАЛЗАХАД БЭЛЭН ҮҮ?

Хуванцрын хэрэглээ

Хүн төрөлхтөн жил бүр ойролцоогоор 500 тэрбум нэг удаагийн уут, сав хэрэглэдэг. Энэ нь нэг жилд нэг хүн дунджаар 150 гялгар уут хэрэглэдэг гэсэн үг.

Бид өдөр тутам гялгар уут болон хуванцар бүтээгдэхүүн хэрэглэдэг гэдгийг та анзаардаг байх. Дэлгүүрээс худалдан авалт хийх, хоолны газраас хоол савлуулж авах гэх зэрэг. Хувцанцар болон гялгар уут нь дэлхийн гадарга дээр бараг л үүрд оршиж, 1000 орчим жил далайн усыг хордуулдаг. Жилд дунджаар 100 мянган далайн амьтан хуванцар болон гялгар уутнаас болж үхэж байна гэсэн судалгаа www.reusethisbag.com сайтад нийтлэгдсэн.

Тэгвэл дэлхий дахинд хуванцар болон гялгар уутны хэрэглээг хэрхэн зохицуулж байна вэ?

Хүмүүс бид байгальд хор хөнөөлтэй энэ үйлдлээ ухаарч, олон улс даяар хуванцрын хэрэглээний эсрэг арга хэмжээ авч эхэлсэн нь сайшаалтай. Энэхүү үйл хэргийг хамгийн анх Дани улс эхлүүлсэн. 1994 онд хуванцар болон гялгар уутны хэрэглээнд хориг тавьж, татвар ноогдуулж эхэлсэн юм. Үүний жишгээр улс орон бүр хуульдаа нэмэлт заалт оруулж, аль болох хуванцар, гялгар уутны хэрэглээг багасгахын төлөө ажиллаж байна.

Улаан Гялгар уут хэрэглэхийг хориглосон
Ногоон Гялгар уутны хэрэглээг татвараар зохицуулсан
Шар Зарим газар нь хориглож, зарим газар нь татвараар зохицуулсан
Дэлхий дахинд ердөө 32 улс гялгар уутны хэрэглээг хориглосон. Үүний тал хувь нь Африкийн улсууд. Африкийн улсууд 2003 оноос хориг тавьж эхэлсэн. Учир нь гялгар уут нь усны суваг бөглөх, шумуул үүрэлж хумхаа өвчин тархах эх үүсвэр болдог тул хориглож эхэлсэн байна.

Монгол улс

Засгийн газрын 2018 оны ээлжит хуралдаанаар өргөн хэрэглээний нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон тогтоол гаргасан. Уг 0,035мм-мм нимгэн сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уут буюу "10-ын” уут хэрэглэхийг хориглосон шийдвэр 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн мөрдөгдөнө. Харин хогийн уут болон зузаан гялгар уут хэрэглэхийг хориглоогүй. БОАЖЯ-аас үйлдвэрлэл эрхэлж буй болон худалдааны байгууллагуудад хэрхэн ажиллах зааварчилгааг өгч, бэлтгэл ажил явагдаж буйг хэлсэн юм.

Америкийн Нэгдсэн улс

АНУ-ын хэмжээнд Калифорниа болон Хавай муж гялгар уут хэрэглэхийг хориглодог. Хавай муж 2015 оноос энэхүү ажлыг эхлүүлсэн ба 2020 он гэхэд бүрэн үр дүнд хүрнэ гэжээ. Харин АНУ-ын дөрвөн муж дахин боловсруулах, дахин хэрэглэх гэсэн заалт хуулиндаа тусгасан бол зарим мужууд татвар ноогдуулах замаар хувцанцар болон гялгар уутны хэрэглээг хязгаарлах тал дээр арга хэмжээ авч байна.

БНХАУ

Хятад улсын хувьд гялгар уутны хэрэглээ хэтийдэж, "Цагаан бохирдол” гэж нэрлэгдэхэд хүрч байсан. Ингээд 2008 оны зуны Олимпийн өмнө гялгар уутны хэрэглээнд хязгаарлалт тогтоож эхэлсэн ба үүний дүнд хуванцар, гялгар уутны хэрэглээг 60-80 хувиар бууруулж чаджээ.

Энэтхэг

Энэтхэгчүүд үхрийг дээдлэн шүтдэг. Гэтэл үхэрнүүд гялгар уут залгиснаас болж олон тоогоор үхэж байсан тул 2002 оноос гялгар уутны хэрэглээнд хязгаарлалт тогтоож, арга хэмжээ авч эхэлсэн.

Сүүлийн үед

  • Өнгөрсөн есдүгээр сард Малайз улс 2030 он гэхэд хуванцрын хэрэглээг бүр мөсөн зогсоохоор зорилт тавьжээ.
  • Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Индонезын аялал жуулчлалын төв цэг Бали аралд нэг удаагийн гялгар уут, нэг удаагийн соруул, хөөсөнцөр сав хэрэглэхийг хоригложээ. Тэд 2019 онд Бали арлын далай дахь хуванцар хаягдлыг 70 хувиар бууруулна гэжээ.
  • БНСУ-ын засгийн газар супермаркет болон бусад жижиглэнгийн худалдааны газруудад нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг энэ сарын 1-ээс хориглолоо гэж Yonhap агентлаг мэдээлсэн байна. Ойролцоогоор 11 мянган супермаркет, хоёр мянган хямдралын дэлгүүр цаасан болон даавуун уутаар үйлчилж эхэлж байгаа аж. Харин мах болон загас зэрэг нойтон хүнсэнд гялгар уут ашиглахыг зөвшөөрч байгаа юм. Угшинэчилсэн найруулга бүхий хуулийн хүрээнд улсын хэмжээнд 18 мянган нарийн боовны газрыг үнэгүй гялгар уутаар үйлчлэхийг хориглосон байна. Хэрвээ энэхүү заалтыг зөрчвөл үйлчилгээний байгууллагууд 3 сая хүртэлх воноор торгуулах юм.
    Дэлхийн томоохон үйлдвэрлэгчид
  • Шведийн тавилганы IKEA брэнд соруул, аяга, уут зэрэг нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээ 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс үйлдвэрлэхгүй аж.
  • Сингапурын "Yakult” соруултай сүүний брэнд нэг удаагийн соруултай бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байхаа зарласан бол KFC, Starbucks, Burger King, Сентоза резорт зэрэг компаниуд хэрхэн нэг удаагийн соруул орлуулах талаар арга эрэлхийлж байгаа аж.

Хуванцар/гялгар уутны хор уршиг:

Амьтад хамгийн ихээр хохирч байна. Үүнд:шувуу, далайн амьтад түлхүү багтаж байна. Далайд хаягдсан хаягдал болон газарт хийсэн ирсэн гялгар уут залгиж, олон амьтад үхэж байна.
Гялгар уут дэлхийд бараг л үүр мөнх оршино. Зарим нь 500 + жил хөрс, усанд шингэхгүй хордуулсаар байдаг аж.
Гялгар уут нь хөнгөн тул салхинд амархан хийсч, газар тариалангийн талбайг сүйтгэх, тэр бүү хэл шумуул үүрлэх гол нөхцөл болдог байна.
Та бүхэн ирэх гуравдугаар сараас хэрэгжих засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хүлээлгүй дор бүрнээ гялгар уут, хуванцрын хэрэглээгээ багасгахыг санал болгож байна. Доор дурдсан санааг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж хэвшээрэй.

  • Нэг удаагийн аяга таваг, сав, уутнаас татгалз
  • Дэлгүүр орохдоо даавуун уут гэрээсээ авч гарах, эсвэл өмнө нь авсан гялгар уутыг дахин хэрэглэх
  • Дахин боловсруулах боломжтой сав, баглаа боодол сонгох
    Дэлхий дахинд секунд тутам 160 мянган гялгар уут хэрэглэгдэж байгаа бол зөвхөн 1-3 хувь нь дахин боловсруулагдаж байна. Тиймээс бага худалдан авалт хийж, дахин хэрэглэ.