|

Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нар яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй "зугтаах” болжээ

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан асуудлаар АТГ-аас шалгаж байгаа. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах нөхцөл байдал үүссэн учир Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн.

Гэвч УИХ-аар энэхүү асуудлыг хэлэлцээд дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Чуулганы хуралдааны өмнө хуралдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Энэ гишүүд мөрдөн байцаалт, шалгалтын явцад саад болохгүй, дуудсан цагт очиж тайлбар мэдүүлгээ өгнө. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн.  

Гэвч ЖДҮХС-тай холбогдсон гишүүд хуулийн байгууллагын шалгалтын явцад саад болж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцахгүй "зугтаах” болсон байна. Тэдний ойр тойрныхон болон өмгөөлөгч нартай нь холбогдож яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах гэсэн ч хүлээж авахгүй байгаа аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар дээрх гурван гишүүний утас нь холбогдохгүй байгаа. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг ОХУ-д томилолттой явж байгаа гэж ажлын албанаас нь мэдэгдсэн байна. Л.Энхболд, Г.Солтан нар Монголд байгаа боловч дуудсан үед нь очихгүй байгаа аж. Тэдний өмгөөлөгч нар үйлчлүүлэгчидтэйгээ холбогдож чадахгүй байгаа гэсэн тайлбар хэлжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа дуудсан хугацаанд очиж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцсан байна. Ташрамд дурдахад, тухайн хэрэгт шалгагдаж буй иргэн яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцсанаар хуулийн дагуу эрүүгийн хэргийн яллагдагчаар тооцогддог.   

А.Төгөлдөр