|

Энх цагт цэрэг эрс цаг бусаар амиа алдсаар байх уу

 

Элдэв буудалцаан, мөргөлдөөнгүй энх цагт үүрэг гүйцэтгэж явсан хугацаат цэрэг цаг бусаар амиа алдсан харамсалтай хэрэг Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гарлаа. Цэргийн албанд мордохдоо эрүүл мэндийн үзлэгээр орсон эрүүл саруул эрс алба хааж байгаа. Гэтэл ердөө өнгөрсөн намар цэрэгт татагдсан залуу өнөөдөр амиа алдлаа.

Одоогоор түүний үхэлд гадны нөлөө байхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн бол Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Зүүнбаян дахь анги дээр тийм хэрэг гарсан. Орон нутгийн цагдаа, манайхаас ажлын хэсэг үзлэг хийн шалтгааныг тодруулж байна. Цэргийн албанд цэрэг зодох, дарамтлах асуудал байх ёсгүй. Тийм зүйл байгаа бол баримттайгаар хэлээрэй. Одоогоор бидэнд албан ёсны мэдээ алга. Энэ асуудлаар үдээс хойш мэдээлэл хийнэ" гэв.

Харин талийгаачийн ар гэрийнхэн дүүг нь тухайн өдөр зодож алсан гэв. Өмнө нь ч зодуулж байсан гэдгээ ч талийгаач гэрийнхэндээ хэлж байжээ. Талийгаачийн ах "Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн. "Гүйж чадахгүй нь ээ, амьсгаа давчдаад байна" гэхэд нь баашиллаа гээд нүдэж. Хамт байсан цэргүүд нь энэ тухай хэлсэн. Дараа нь цэргийн казармд ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн" гэв.

16 ---

Энэ бол талийгаачийн зодуур амсаж байсныг илтгэх гэрэл зураг. Амьд байхдаа ингэж хөхөрсөн үү гэдгийг хууль, шүүхийн байгууллга тогтоох болно.Хэрэгт холбогдуулан тус ангийн ахлагч М-ийг саатуулаад байгаа аж.

Алба хааж байгаа цэргүүд дарга нарынхаа харгислалаас болж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг өмнө ч гарч байсан. 2017 онд л гэхэд ахлагчдаа дэглүүлсэн байлдагч арван хуруугаа хөлдөөн эрэмдэг болсон баримт бий. Мөн цэргийн сургуулилалтын үеэр дэлбэрэлтэд өртөж, нисдэг тэрэг, машинтай осолдож цаг бусаар амиа алдсан цэргийн тоо нэгээр зогсохгүй.

Энэ мэт хар бараан мэдээллээс болон эцэг эхчүүд цэргийн албанд үр хүүхдээ бахархалтайгаар бус айдас түгшүүртэйгээр үдэж байна. Тэд хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахааргүй болтлоо Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар доройтлоо гэж үү.

Хамгийн гол нь албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цэргүүдийн хэрэг дээр ямар нэг хариуцлага яригддаггүйг онцлох хэрэгтэй. Яригдсан ч аль нэг албан тушаалтныг ажлаас нь шилжүүлээд л өнгөрнө. Ихэнхдээ үүрэг гүйцэтгэж явсан цэргүүд дээр л бүх ял буудаг "жамтай".Харамсалтай нь энэ салбарт хариуцлагагүйн тогтолцоо хавтгайрч, эрдэнэт хүний амь эрсэддэг байдал энэ мэт үргэлжилсээр л байх бололтой.

Зэвсэгт хүчний салбарт гарч буй шилээ дарсан ослуудад сүүлдээ малаа хариулж явсан иргэн хүртэл өртөж амиа алдсан. 2017 онд малаа хариулж явсан иргэн Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо, тусгай хамгаалалттай бүсээс сум олж улмаар дэлбэрснээр амиа алдаж, бас нэг нь шархдаж эмнэлэгт хүргэгдсэн. Ослын талаар Ерөнхий сайд тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзсан байдаг.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Олон улсын сургуулилалтын үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг” гэсэн бол ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа "Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” хэмээсэн.

Эндээс хэн буруутай, хэн хариуцлага хүлээхийг харж болно. Өөрөөр хэлбэл, салбарын сайд, дарга нар нь өөрсдөдөө огтхон ч хир халдаагаагүй.  Үүнээс өмнөх ослууд ч ийм байдлаар шийдэгдэж ирсэн.

2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн осол гарсан. Амиа алдсан нисгэгч онгоц сүйрэхээс өмнө цахилгааны утсыг салгаж, шатахуунаа асган хамт явсан 10 хүнээ авраад өөрөө цэл залуугаараа хорвоог орхисон юм. Цаг агаар муудсанаас осолд өртсөн гэж тодорхойлсон ч буруутан нь мөн л хэн нэг дарга тушаалтан биш амьд үлдсэн хоёр нисгэгч нь болсон.

Өргөсөн тангарагтаа үнэнч байсныхаа төлөө хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан нулимс өнөөдөр хатаагүй байна.

Энх цагт эх орноо хамгаалахаар явсан цэрэг эрс зуурдаар амиа алдсаар л байх уу...

Б.Мичид