|

Ерөнхий командлагч аа, цэргийн алба үхлийн талбар болчихож

Монгол Улсын Ерөнхий командлагч аа, цэргийн алба цаазын тавцан биш биз дээ. Эх орноо хамгаалах эрэлхэг чадварыг эзэмшээд ирнэ гэсэн залуус энх цагт дарга сэтэртэй ойворгон нөхдийн гарт үрэгдсээр байгаа нь цэргийн ёс мөн үү. Ингэж хэлэхийн учир нь энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амь насаа алдсан нь нийгэмд дуулиан тарьж мянга мянган эцэг эхчүүдийг айдаст авахууллаа. Уг нь аль ч улсын нүүр царай, дүр төрх нь армиас нь харагддаг. Манай Зэвсэгт хүчин ч мөн адил Монгол Улсынхаа нүүр царай болж дархан хилээ хамгаалдаг дайчин залуусаа жил бүр цэргийн албанд татдаг. Гэвч сүүлийн жилүүдэд цэрэгт явсан залуус дарга нарынхаа гарын шүүс болж тэдний гарт амь насаа алдсаар буй нь бодит үнэн. 

Өчигдөр цахим ертөнцөөр талийгаачийг гадны нөлөөтэй буюу зодуулж нас барсан гэсэн мэдээлэл гарсны дараа цагдаагийн байгууллагаас иргэдийг бухимдуулахад хүргэсэн мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр "Уг хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тус цэргийн ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хашиж байсан Эрдэнэт хотод оршин суугаа хаягтай, 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй гэсэн хариу гарсан. Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна. Ар гэрийнхний зүгээс талийгаачийг зодуулсны улмаас амиа алдсан гэх мэдээллийг гаргаад байгаа юм. Үүнийг бид эцэслэн шалгах үндсэн үүргийнхээ дагуу ажиллана. Одоогоор уг хэргийг Сайншанд дахь цагдаагийн газар шалгаж байна” гэх тайлбарыг өгсөн юм. Харин БХЯ-ны сайд Н.Энхболд "Зүүнбаян дахь 336 дугаар ангид болсон асуудлыг Ажлын хэсэг гарган шалгаж байна. Одоогоор тодорхой мэдээлэлгүй байна” гэдэг тайлбарыг өгсөн юм. 

Ямартай ч цагдаагаас талийгаачийг гадны нөлөөгүй амиа алдсан гээд мэдээлчихлээ. Тэгвл талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбат цагдаагаас өгсөн мэдээлэлд ихэд эгдүүцэж дүүгээ бусдын гарт амиа алдсан гэх тайлбарыг өгч байв. Өөрөөр хэлбэл, талийгаачтай хамт алба хааж байсан найзууд нь тухайн өдөр болсон үйл явдлыг ямар ч нэмэлт хачиргүйгээр Б.Эрдэнэбатад хэлсэн аж. Хэрвээ үнэхээр л талийгаач гадны нөлөөгүй нас барсан бол яагаад түүний бие хөх эрээн болов гэдгийг холбогдох албаныхан тайлбарлах хэрэгтэй. Ийнхүү эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргүүд дарга нарынхаа ёсзүйгүй үйлдэл, дээрэлхүү зангаас болж хохирч амь насаа алдаж байгаа нь маш том эмгэнэл. Угтаа бол эх орныхоо дархан хилийг хамгаалж, "эр хүн болоод ирнээ хүү нь” гээд мордох эрсийн зориг зүрхийг мохоож буй дарга нарт хариуцлага тооцох цаг хэдийнэ иржээ. Дээр хэлсэнчлэн цэргийн алба гэж үхлийн талбар биш. Хаа газрын цэргийн албанд дарамт шахалт тодорхой хэмжээнд байх ч ийн сэтгэл зүйд нь нөлөөлж амь насанд хүрэх хэмжээнд байж болохгүй шүү дээ. Эцэст нь хэлэхэд эх орны манаанд зогсох ирээдүйн цэрэг эрсийн сэтгэл санаанд хүнд тусах энэхүү хатуу дэглэм, дүрэм журмаа эргэн нэг харж харгис үйлдэл гаргадаг цэргийн дарга нарт анхаарлаа хандуулах цаг иржээ Н.Энхболд сайд аа.

Р.Саруул

 

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу