|

АН-ынхаан, сонгогчдыг "ашиглах" бус боловсролд нь анхаарал хандуулаач

 

Сонгогчдын гуравны нэгийн саналаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай  хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилжээ. Түүний хэлснээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сонгогчид өөриин тойргийн УИХ-ын гишүүндээ итгэл алдарсан тохиолдолд эгүүлэн татах эрхийг олгох, хууль зүйн боломжийг нээх үндсэн зорилготой аж. Тухайн УИХ-ын гишүүнийг тойргийнх нь сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь эгүүлэн татах санал гаргасан тохиолдолд саналыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-д танилцуулж чөлөөлөх юм байна. Өөрөөр хэлбэл, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн санал хураалт явуулахгүйгээр шууд чөлөөлөх ажээ. Сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээдэггүй, ямар ч хамаагүй аргаар саналыг нь авчихаад нуруугаа харуулчихдаг УИХ-ын гишүүдтэй манай улсын нөхцелд байх ёстой хуулийн нэг яах аргагүй мөн. Улстөрчдийн нэр хүнд унасан, тэдэнтэй өндөр түвшинд хариуцлага ярих зайлшгүй шаардлага бий болсон энэ  үед хууль эрх зүйн хүрээнд боломж бий болгох нь зөв ч асуудалд олон талаас нь, нухацтай хандах ёстой байсан хэмээн шүүмжлэх хүн олон байна. Сонгогчдын саналаар УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах нь өргөн утгаараа парламентын дархлаанд халдаад зогсохгүй, улс төрийн намууд хуйвалдаандаа иргэдийг татан оролцуулах нэг хэлбэр гэж харах хүн ч байна.

Хуульчдын зүгээс ч уг хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, "УИХ-ын тогтвортой байдал үгүй болох сөрөг талтай” гэдгийг хэлж байгаа юм. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн уг хуулийн төслийг олонх дэмжих эсэх нь эргэлзээтэй ч энэ удаагийн УИХ-ын гишүүд парламентын дархлаанд халдах оролдлогыг толгой дараалан гаргаж байгаа нь нууц биш. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, гишүүдийн олонхын саналаар баталсан. Ингэснээр "УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг огцруулах санал гаргаж, олонхын саналаар дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулна" гэх заалт хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу манай улс парламентын түүхэнд гурав дахь удаагаа УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэх гэж байгаа билээ. Хэрвээ цаашид хуулийн дээрх заалт хүчин төгөлдөр хэвээр байвал энэ удаагийнх шиг хэсэг бүлэг үгсэн хуйвалдсанаар парламентын спикерийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудал ногоон гэрлээр явах боломж бүрдсэн. Гэтэл үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүдийн хэн дуртай нь, хэзээ ч хамаагүй огцруулах боломжийг С.Эрдэнэ гишүүний санаачилсан хуулийн хүрээнд бий болгох нь гэх болгоомжлол бий болоод байна. Цаг хугацаа нь ингэж таарсан уу эсвэл тааруулсан уу бүү мэд, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүдийг сонгогчдынх нь саналаар эгүүлэн татах хуультай болох санаачилгыг цөөнхийн бүлгийн дарга гаргасан нь анхаарал татаж байгаа юм. Нэг үгээр бол, хариуцлага мөнхийн сэдэв байх учиртай ч төр тогтвортой байх нь түүнээс ч чухал байлтай. С.Эрдэнэ гишүүнийхээр тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн аливаа хууль бус асуудалд холбогдсон, түүнийг нь хууль шүүхийнхэн нотолсон тохиолдолд тойргийн саналын эрх бүхий иргэдийн зүгээс эгүүлэн татах санаачилга гаргаж, улмаар нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй саналыг цуглуулж чадвал УИХ-д өргөн барьж, ёсоор болгох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Үнэндээ манайх шиг хүн амынх нь талаас илүү хувь дунджаас доогуур орлоготойд тооцогддог, сонгогчид 10-20-хон мянган төгрөгөөр саналаа худалддаг нөхцөлд дээрх хуулийг баталж, хэрэгжүүлэх нь олон талаараа хор уршигтай. Үүнд хамгийн чухал зүйл нь сонгогчдын боловсролын тухай ойлголт.

Манай улстөрчид өөрт нь санал өгдөг иргэдийн боловсролд анхаарал хандуулдаггүй атлаа энэ мэтээр тэднийг улс төрийн "тоглоом”, хуйвалдаандаа хэрхэн "ашиглах” талаар толгойгоо ажиллуулж суудаг нь харамсалтай. Нэг үгээр бол, улс төрийн талаар тодорхой ойлголттой, лоббид автах боломж бүхий нэг нөхрийг хэн нэгэн улстөрч гар, хөлөө болгож, хүссэн хүнээ унагаах буюу эгүүлэн татах санаачилга гаргаад сонгогчдын олонхын саналыг цуглуулаад ир гэж лоббидохыг үгүйсгэх аргагүй.

Би биш бол чи биш гэх муухай монгол зангийн талаар ч энд эш татаж болох юм. Жишээлбэл, нэг тойрогт хоёр ба түүнээс дээш тооны хүн нэр дэвшин өрсөлддөг. Өөрөөр сонгогчдын олонхын саналыг авч чадаагүй ч УИХ-д гарсан нэгнийгээ анаж суугаад, ард иргэдийг турхирснаар буулган авдаг болохыг ч үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр УИХ, Засгийн газрын гишүүд нь ЖДҮ-ийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлээс давуу байдлаа ашиглан их хэмжээгээр авсан нь ил болчихоод байхад л хэргээс "мултарч” дөнгөөд байгаа энэ үед нэг тойргийн гурван мянган сонгогчийн мянгынх нь гарын үсгийг цуглуулна гэдэг улстөрчдөд инээдэм.

Нэр дэвшигчдийн ёс зүй, боловсрол мэдлэг, туршлага, амлалт нь хэрэгжих боломжтой эсэхээс илүү хоосон гоё үгэнд нь итгэх, цаашлаад намын харьяалал, нутаг ус, эрх мэдлийг чухалчилж сонголт хийдэг жишиг манай улсад хэдийнэ тогтсон. Нэр дэвшигчийн хоосон амлалт, элдэв бэлэг сэлтэд итгэл үзүүлдэг байдал өнөөдөр ч үйлчилсээр байгаа. Сонгогчийн боловсрол ийнхүү хангалтгүй байдгаас сонгуульд хэрхэн, яаж оролцохоо мэддэггүй. Хууль бус үйл ажиллагаанд автан саналаа худалдах, авлига авах, үзэмжээр сонголт хийх зэрэг сул тал байдаг учраас улстөрчид энэ байдалд тоглолт хийдгийн жишээг С.Эрдэнэ гишүүн бодитоор харуулж орхив. Үнэн хэрэгтээ улс төрчид сонгогчдын боловсролыг дээшлүүлэхээс илүүтэй тархийг нь угаах, төөрөгдүүлэх алхмыг хийж байгаа нь учир мэдэх хүмүүсийг эгдүүг хүргэж буй хэрэг. Ямартай ч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах таван үндэслэл бий. Үүнд нас барсан, өөр ажилд шилжих шалтгаанаар хүсэлтээ гаргасан, хүндээр өвчилсөн дүгнэлтийг эмнэлгээс гаргасан, Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргасан, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдсан тохиолдолд чөлөөлөх заалттай. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачйлсан хуулийг УИХ-аас дэмжвэл зургаа дахь нь болж хуульд оруулах юм.

Цөөнхийн бүлгийн дарга ийм хууль санаачилсныг тохиолдол эсвэл ард түмний төлөөх алхам гэж харахад хэцүү. Учир нь, тэр үнэхээр л ард түмнийг бодсон бол төдийгөөс өдий хүртэл улс төрд зүтгэсэн он жилүүдийнхээ ядаж ганцад нь яагаад сонгогчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулсангүй вэ. Үгүй гэх нь ээ, сонгуульд нэр дэвшиж ард түмний итгэлийг олох гэж явахдаа яагаад эд бараа, ахуйн зүйл тарааж, ард түмнийг хуурахыг оролдсон юм бэ гэдэгт хариулт хэрэгтэй болно. Тэгээд ч чөлөөт мандатын зарчимтай улсад парламентын гишүүд нь сонгогчдынхоо захиа даалгаврыг биелүүлэх гол зорилгоо тэгтэл ухамсарлана гэдэг үр дүн муутай. Ямартай ч цөөнхийн бүлгийн дарга өөрийн санаачилсан хуульд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Харин өөрсдөд нь хариуцлага тооцох утга бүхий заалтын шинээр тусгах хуульд УИХ-ын гишүүд хэрхэн хандахыг харах л үлдлээ.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу