|

"Авахгүй бол яах гэж үздэг юм” гэдэг бүдүүлэг худалдагч нар соёлжъё!

Хүмүүст өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүрээс бусад хувиараа лангуу түрээслэгч болон захаар үйлчлүүлэхэд төвөгтэй ч юм уу эвгүй байдалд оруулдаг соёлын доголдолтой нэг асуудал үүсдэг. Энэ юу вэ гэхээр нэг тасгийн бүх худалдагч нар ижил бараа зарж байгаа үед "манайхаас ав, манайхаас ав” гээд тал талаас бараагаа сурталчилж, авахгүй бол араас амандаа үглээд үлддэг үйлдэл танд нэг л танил санагдаж байгаа байх.

Жишээ нь махны тасаг дээр гэхэд хүмүүс өөрсдийн хоол хүнсний  асуудалд чухал нухацтай хандаж аль болох эрүүл, чанартай мах авахыг бодно. Энд гайгүй мах байна уу даа гэхэд цаад лангуу дээр нь арай дээр мах байвал хэрэглэгч тэрийг нь сонгож авна шүү дээ.

Харин эхний лангуу нь дээр байсан худалдагч нөгөө худалдагч руу гаа хялайж хараад худалдан авагчийг "Авахгүй бол яах гэж үздэг юм” гэх мэтээр элдвийн үгээр хэлж хоцордог. Энэ үзэгдэл, хүнс хувцас бараа гээд аль алинд ч элбэг гардаг. Гэтэл гаднын соёлтой оронд дэлгүүрээр нь ямар ч бараа худалдан аваагүй гарсан ч гэсэн ижил эелдэг хандаж, манайхаар дахин үйлчлүүлээрэй гээд инээмсэглэн үддэг байна.

 Хэдий манай улсын худалдаа үйлчилгээний салбар хөгжиж, худалдагч нар нь  соёлжиж байгаа ч хувиараа худалдаа эрхэлдэг худалдагч нар иймэрхүү хэл ам гаргадаг бүдүүлэг үйлдлээ зогсоомоор байна. Ямар ч хүн сэтгэлд сэвтэй худалдан авалт хийхийг хүсэхгүй.Юу авахаа сонгох нь худалдан авагчийн шийдвэр шүү дээ. Бусдад сайн үг хэлж, сайхан хандаж үйлчилгээний соёлтой байх нь эргээд худалдан авагч татах шалтгаан болно.   

М.Уянга