|

Хоёр тал нь муудсан еэвэнгээ хаяач ээ

Ерөөсөө бид нарыг хошин шогийн тоглолтон дунд амьдарч байгаа юм шиг болгоод, ямар ч хөгийн ой гутам зүйлийг хошин шог гэж хараад өнгөрөөдөг "хэнэггүй новшнууд” болгох гээд байх шиг санагдах боллоо. 

Зохиолыг нь ойлгохгүй, эсэргүүцээд ч юм уу? үнэн учрыг нь асуухаар "энэ мэдрэлийг хараа, хошин шогийн мэдрэмжээ яацын, самар ид” гэх мэтээр доромжлоно. Доромжлуулахгүйн тулд худлаа ойлгосон царайлах, ямар ч ойлголтгүйгээр маасайтал инээж зогсох сонголтуудыг үлдээчихсэн. 

Жишээлбэл УИХ-ын даргын "60 тэрбум”, ЕС-ын "ЖДҮ” хоёрын аль нэг талд нь орохыг хүчээр тулгах маягтай болчихлоо. Тэгээд аль нэг талд нь орлоо гэхэд нөгөө талаа хараах, өөрийн талаа өмөөрөх програмчлалтай. Энэ хоёрын алийг нь ч дэмжихгүй бол баараангүй "хужаа” болчих маягтай. 

Яагаад угаасаа тал еэвэн барьчихаад нэг бол нүүрэн тал нь зөв, нөгөө бол ар тал нь зөв гэж хэлүүлэх гээд байгаан. Болвол бүтэн сайхан еэвэнтэй болмоор байна. Болохгүй бол ар, өвөргүй муудсан энэ тал еэвэнг хаяад нөгөө тал еэвэнг хайж болдгүй юм уу? 

"Зэрэг нэмэхийн өмнө” хэмээх энэ инээдмийн киноны нэр нь хүртэл одоогийн нөхцөл байдалтай таараад байх шиг. Ухаандаа хоёр том фракцын тулаан. Хэн ялсан нь илүү их эрх мэдлийг төвлөрүүлж "Зэрэг нэмнэ”. Нэг нь төрийн эрхийг хууль бусаар авах схемийг дэмжсэн магадгүй зохион байгуулсан тал, нөгөөх нь үйлдвэр эрхлэгчид буюу баялаг бүтээгчдэд очих ёстой мөнгийг дээрэмдсэн тал. Ийм байхад бид яагаад хэн нэгнийг нь дэмжиж тэднийг баярлуулах ёстой юм.

Зүй нь "новшнуудаа бүгдээрээ зайл” хэмээн хөөж явуулахаар тэмцэх ёстой байтал хэн нэгнийх нь тал болж жагсаад шагналд нь гэрийн сугалаанд оролцох болчихоод зогсож байх юм уу? Нэг бол бүгд хүлээн зөвшөөрөөд улайчихсан төрийн албан тушаалыг худалдах системийн тухай яриа эвлүүлэг байсаан гээд илт нэг талд ажиллаад байгаа прокуророо "шодрогосыг тогтоогч” гээд магтан дуулаад суух юм уу? 

Одоо хэдүүлээ идэхийн аргагүйгээр хоёр тал нь муудчихсан энэ еэвэнгийн тухай биш илүү сайн хадгалагдсан нөгөө талын тухай, нэг бол бүүр илүү сайн, шинэ еэвэнгийн тухай ярьцгаавал ямар вэ? 

Би наад юмыг чинь ойлгохгүй байгаа тул та нарыг дагаж инээмээргүй байна, хошин шогийн мэдрэмж дутуудаа биш харин эмгэнэлт жүжгээс хошин юм хайдгүй болохоор инээмээргүй байгаам шүү. 

Ахиад хэлэе наад муу еэвэнгийн чинь хоёр тал хоёулаа муудцан байна, хая цаашаа... 

Г.Ариунчулуун