|

Манай улстөрчид яаж ч мэднэ

"Apple” компани өнгөрсөн 2018 онд 256 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Харин "Netflix” кино компани 11.6 тэрбум ам.долларын ашиг  олсон байна. Тэгвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 онд 12 тэрбум ам.долларт  хүрчээ. 
Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2030 он гэхэд 60 тэрбум ам.долларт хүргэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 17500 ам.доллар болгоно гэдгээ хоёр жилийн өмнө зарласан. Эдийн засгаа тогтвортой хөгжүүлж байж энэ зорилтод хүрнэ. Мөн Монголын улс төр, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд ямар байх вэ гэдгээс их зүйл шалтгаална.  Дээрх зорилгодоо хүрч чадвал дэлхийн улс орнуудад урьд өмнө нь гарч байгаагүй хурдтай өсөлт болох юм. 2013 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4657.8 мянган ам.доллар байсан бол 2015 онд 4218 ам доллар, 2016 онд 3854 ам.доллар, 2017 онд 3771 ам.доллар болж буурчээ.   
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг экспорт, импорт, дотоодын хэрэглээ, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалт,  гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж гэсэн хэдэн үзүүлэлтээр тодорхойлдог. Эдгээр индикаторуудаас төсвийн зарцуулалтын  тал дээр нэг зүйлийг онцлоход манай улсын 1.6 сая иргэн улсын төсвөөс хамааралтай. Тодруулбал, 912 мянган хүүхдийн мөнгө, 409 мянган хөгшдийн тэтгэврийг төсвөөс олгодог. Мөн 155 мянган тэтгэмж авагч, ослын халамж авдаг 8 мянган иргэн, ажилгүйдлийн тэтгэмжтэй 16 мянган иргэн бий. Үүн дээр 190 мянган төрийн албан хаагч төсвөөс шууд хамааралтай гэсэн үг.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлдөг өөр нэг үзүүлэлт бол хөрөнгө оруулалт, тэр тусмаа гадаадын шууд хөрөнгө оруулалт. Монгол Улс хэдийгээр хөрөнгө оруулахад тийм ч муу нөхцөлтэй улс биш. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагчид хэлдэг. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” ХХК олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах нь хөрөнгө оруулагчдад мэдээж сонирхолтой. Зах  зээлдээ ойр, олборлож буй нүүрснийх нь дийлэнх нь коксжих нүүрс байгаа гэх мэт давуу талууд бий. Харин ганц сул тал нь Монголын улс төр. Ийм санааг олон улсын шинжээчид хэлсэн байна лээ. Монгол Улсыг сонирхож буй гадаадын компаниудын дийлэнх нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулдаг. Гэтэл бид уул уурхайн салбарынхаа итгэл найдвар, бахархал гэж болох том төслүүдийг гацааж, буцааж, түүнийгээ тойрон хэрэлдсээр суугаа. Энэ нь хөрөнгө оруулагчид руу чулуу шидсэнээс өөрцгүй юм.
Дээр нь татварын бодлого нь байнга өөрчлөгддөг учир хөрөнгө оруулахад эрсдэл өндөр. Алтны салбарт л гэхэд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар бий болгосноор энэ салбарыг бүхэлд нь зогсонги байдалд оруулсан жишээ бий. Тухайн үед Монголбанканд тушаах алтны хэмжээ 20 гаруй тонн байснаа хоёр тонн болтол буурч байв. Улсын төсөвт сох дутаж буй 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олохын тулд татвараа нэмснээр 200 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг үгүй хийсэн гэдэг судалгаа ч байдаг.
Татварын бодлогоос дутахааргүй өөр нэг эрсдэл нь төр ашигт малтмалын ордуудыг өөрийн мэдэлд авах бодлого баримталж байгаа явдал. Канадад яг ийм бодлого баримталж, хууль баталсан ч амьдрал дээр олон сөрөг үзэгдэлтэй тулгарсан туршлага байдаг аж. Аливааг төр өөрөө өмчлөх ийм хандлага хэт даамжирвал Монгол Улс ардчилсан улс орон мөн үү гэх эргэлзээ ч олон улсад төрж мэднэ. Гадаадын хөрөнгө оруулагчдад тухайн улс орон ардчилсан тогтолцоотой эсэх нь хамгийн том шалгуур байдаг. Өөрөөр хэлбэл шударга шүүх үйлчилдэг үү, хөрөнгө оруулагчдаа ялгаварлан гадуурхдаг уу, гэрээгээ дагаж мөрддөг үү гээд олон асуулттай тулгардаг гэсэн үг. Монголд хөрөнгө оруулах гэж буй гадаадын компаниудад хөрөнгө оруулалтын гэрээндээ маргаан гарсан тохиолдолд олон улсын шүүхэд хандах заалт тусгахыг зөвлөх болсон нь манай хууль, шүүхийн шударга байдалд итгэх итгэл алдагдсаны жишээ.
Эцэст нь хэлэхэд гадаадын хөрөнгө оруулагчид хэзээ ч Монголыг хөгжүүлэх гэж орж ирдэггүй. Тэдэнд бизнесийн ашиг л чухал. Монголчуудад, Монголын төр, засагт ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтаас ашиг, үр шим хүртэх нь чухал. Тэгэхээр харилцан ашигтай хамтран ажиллана л гэсэн үг. Шударга зарчмаар, олон улсын болон үндэсний хууль, тогтоомжийн хүрээнд тогтвортой, найдвартай хамтран ажиллах юм бол уг нь хонь бүрэн чоно цатгалан байх болно. Гагцхүү гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс орон нэг ч үгүйг л санах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг ад үзээд суугаад байвал ганц кино компанийн орлогод ч хүрэхгүй шахам эдийн засагтай хэвээрээ л байх болно. Асар их байгалийн баялагтай ч эдийн засагтаа үр өгөөжтэйгөөр ашиглаж чадахгүй арав гаруй жил болж байгаагийн цаана шаазгай зүү олоод хийх газаргүй гэгчийн үлгэр л өрнөж буй билээ. Үүний цаана улс төр л бий. Манай улстөрчид ер нь яаж ч мэднэ. Гэнэтийн бэлэг барихдаа гарамгай улс билээ, тэд. Уг нь хоол хийж чаддаггүй хүмүүсийг гал тогооноос хол байлгах хэрэгтэй. Харамсалтай нь манай улстөрчид төмс, лууванг ч ялгахгүй хэрнээ аль хэдийнэ гал тогоонд давхиж ороод бантан хутгачихсан юм. 
А. Санчир

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу