|

АНУ цөмийн шинэ цэнэгт хошуу бүтээж эхэлжээ

 

АНУ-ын Техас муж улсад бага хүчин чадалтай "W76-2” цөмийн цэнэгт хошуу бүтээж эхэлсэн тухай "Business Insider” цахим хуудас тус улсын Цөмийн аюулгүй байдлын үндэсний газрын мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус цахим хуудсанд мэдээлснээр, "W76-2” цөмийн цэнэгт хошууг "W76-1”-т суурилан бүтээж байгаа бөгөөд Америкийн шумбагч онгоцуудыг тоноглосон "Trident” баллистик пуужингуудад суурилуулах аж.

Цөмийн шинэ цэнэгт хошууг 2019 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд хүлээлгэж өгнө гэж "Business Insider”-ийн мэдээлэлд дурджээ.

Шинэ цэнэгт хошуу бүтээхийг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхийг дэмжигчид болон АНУ-ын Конгресст сонгогдсон Ардчилсан намын хэд хэдэн гишүүн эсэргүүцэж байгаа аж.

"W76-1” цөмийн цэнэгт хошуунд суурилан шинэ цэнэгт хошуу бүтээж байгаа нь цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхгүй, харин үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар АНУ-ын хүлээсэн үүрэгт нийцнэ гэж Пентагон цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn