|

10-хан сая төгрөгийн үнэтэй хүний амь

 

Эрдэнэт хүний амь нас дэндүү хямдхан болжээ. Тухайлбал, энэ сарын 22-нө өдөр Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан. Тэгвэл түүний амийг ердөө 10-хан сая төгрөгөөр үнэлж буй бололтой. Уг нь Монгол хүний амь нас үнэгүйдэж буйг хүний эрхийн төлөө тэмцэгчид, Засгийн газрын гишүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг ч доривтой ажил хийдэггүй нэг нь цэрэг эрийн үхэл.

Тодруулбал, талийгаач А нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Орхон аймгаас дээрх ангид татагдсан учраас тус аймгийн ЗДТГ-аас талийгаачийн ар гэрийнхэнд нь 10 сая төгрөгний дэмжлэг үзүүлэхээр болсон тухай мэдээлэл Монгол хүний амь нас хэр үнэ цэнэтэй буйг харуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "10 сая төгрөгийн амь гэж юу байхав дээ. Энэ асуудлаар бид мэдээлэл авмаар байна” хэмээн салбарын сайдаас хүссэн. Тэгвэл БХЯ-ны сайд Н.Энхболд өнөөг хүртэл талийгаач хүүгийн асуудлаар доривтой мэдээлэл өгөх нь бүү хэл ар гэрийнхнээс нь ч уучлалт гуйсангүй.

Учир нь тэрбээр уучлалт гуйх ёстой гэдгийг өнгөрсөн өдөр болсон үйл явдлууд гэрчилж байна. Ингэж хэлэхийн учир нь өчигдөр Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авсан юм. Тодруулбал, ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн хэмээн албан тушаалаас нь чөлөөлсөн.

Мөн нас барсан хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь талийгаачийн үхэлд БХЯ буруутай гэдгийг баталсан юм. Тэгэхээр армид дэглэлт байсан учраас хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж халагдах өдрөө хоног тоолж суусан 19-хан залуу ямар шалтгааны учраас амь насаа алдав гэдгийг баталсан юм. Тиймээс л Батлан хамгаалахын сайд Н.Энхболд үүрэг өгсний дагуу 336 дугаар ангийн удирдлагын долоон хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн явдал юм. Хэрвээ тус салбар яамныхан буруугүй байсан бол яагаад долоон хүнийг ажлаас нь чөлөөлнө гэж.

Монгол Улсын иргэн амиа алдчихаад байхад салбарын сайд нь хэнэг ч үгүй "Армид дарамт байхгүй. Байвал гаргаад ир" гэж хэлсэн нь эмгэнэл. Тиймээс тус салбарыг мэргэжлийн удирдлагаар хангаж цэрэг эрсийг өөрийн хүү шигээ хайрладаг аав шиг хүнийг томилооч гэж Ерөнхий сайдад хэлэх байна. Өнөөдөр улстөрийн томилгоогоор ирчихээд хоноцийн сэтгэл гаргаж амиа хоохойлсон мэдээллийг олон нийтэд өгсөн нь Н.Энхболд сайдын ажилдаа хэр сэтгэлтэй вэ гэдгийг ч харуулж байна. Эцэст нь хэлэхэд дайн дажинтай хэцүү үед хүүхдээ амьд ирэхийг хүлээж залбирдаг байснн бол энх цагт эх орондоо эрсэдсэн алтан амиудыг бид хэнээс нэхэх вэ. Нэртэй брэндийн хүзүүний ганц алчуур авах хэмжээний мөнгөөр эрдэнэт хүний амь насыг 10-хан сая төгрөгөөр үнэлүүлсэн Н.Энхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой билээ.

Р.Саруул