|

Д.Ариунаа: Таван мянгатын дэвсгэртийг хуурамчаар үйлдэгдэхээс бүрэн сэргийлсэн

Таван мянгатын дэвсгэрт шинээр хэвлэсэн асуудалтай холбоотойгоор Монголбанкны ОНБМТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Монголбанкнаас Цагаан сарын өмнөхөн 5000 дэвсгэртийг шинээр хэвлэсэн байна. Нийт хэчнээн төгрөгтэй тэнцэх хэмжээний дэвсгэртийг   шинээр хэвлэсэн бэ?

-Нээлттэй мэдээлэх шаардлагагүй мэдээлэл гэж бий. Энэ нь аливаа улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой байдаг тул төрийн нууцад хамааруулдаг. Нөөц бүрдүүлэх зорилгоор шинээр дахин хэвлэдэг мөнгөн тэмдэгтийн тоо үүнтэй хамаатай учраас нийтэд мэдээлэх боломжгүй.

-Шинээр хэвлэсэн мөнгөн тэмдэг дээрх соёмбын өнгө, дизайн нэлээн өөрчлөгдсөн байна. Шинэчлэх, шинээр хэвлэх болсон шалтгаан юу вэ. Шинэ мөнгө хэвлэхтэй зэрэгцээд хуучирсан, муудсан мөнгө тэмдэгтийг устгадаг уу?

-Цаасан мөнгөн дэвсгэрт тодорхой хугацааны дараа тогтмол хуучирч мууддаг. Тухайлбал, манай улсын мөнгөн дэвсгэрт дунджаар 2.5-4 жилийн эдэлгээ дааж байна. Улс орны иргэдийх нь соёл болон банкны салбарын хөгжил, эдийн засгийн чадамж зэргээс  хамаараад мөнгөн тэмдэгтийн насжилтын хугацаа янз бүр байдаг. Тухайлбал, хөгжиж байгаа орных 2-3 жил байхад хөгжингүй орных 5-10 жил байдаг. Эдэлгээ даахааргүй болсон мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасч, оронд нь шинэ мөнгөн дэвсгэртээр сольдог. Тиймээс хуучныг орлуулан шинэчлэхийн тулд шинэ мөнгөн дэвсгэртийн нөөц бүрдүүлэлт хийгдэж л байдаг гэсэн үг. Үүнээс гадна таны асуусан асуултын дагуу мөнгөн тэмдэгтийн загвар, хийц, хамгаалалтын элементийг дээрх тайлбарласан явц дунд шинэчлэн сайжруулах ажил хийддэг.

Сая шинэчлэгдсэн 5000-тын дэвсгэртийн хувьд, хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд хэрэглэх, иргэд хохирохоос сэргийлж, хамгаалалтын элементийг нь шууд  таних боломжтой, илүү найдвартай болгож өгөх зорилгоор шинэчилсэн. Яагаад гэвэл, хуурамчаар үйлдэгдэж байгаа мөнгөн дэвсгэрт нь энгийн өнгөт принтерээр хэвлэсэн, хуучирсан мөнгөн дэвсгэрттэй өнгө дагуу, хамгаалалтын элементүүдийг нь төстэй материалаар орлуулан хийсэн байдаг ч сайн анзаарахгүй л бол багц мөнгөн дотор мөн гэрэл муутай бүүдгэр үед ялгарч танигдахааргүй байх тохиолдол байсан.  Тиймээс анх харахад л таних тэмдэг нь содон тусах байдлаар хуурамчаас ялгаж таних хамгаалалтын элементийг өндөр технологи ашиглан хийсэн. Дахин хэлэхэд, нөөц бүрдүүлэлтийн хүрээнд шинэчлэн сайжруулж буй ажил юм. Хуучин нь явцын дунд эдэлгээ нь дуусвал гүйлгээнээс хасагдаж, шинэчлэн сайжруулсан дэвсгэртээр нөхөгдөөд л явна.

-Ер нь жилд хэчнээн төгрөг шинээр хэвлэж, зах зээлд нийлүүлдэг юм бэ. Энэ жил мөнгө хэвлэх үү?

-Энэ асуудал дээр хэлсэн төрийн нууцтай холбоотой мэдээлэл юм.

-Монголбанк 50 000-тын дэвсгэрт гаргах яриа байсан, гаргах уу. Ер нь шинээр мөнгөн дэвсгэрт гаргах уу?

-Шинэ мөнгөн дэвсгэрт гаргах тухай яриа огт гараагүй. Монголбанк бие даан шинэ төрлийн мөнгөн тэмдэгт хэвлэх эрхгүй. 

-Таван мянгатаас бусад мөнгөн тэмдэгтийн загварыг мөн шинэчлэх үү?

-Монголбанк сая 5000-тын дэвсгэртийн загварыг биш, хамгаалалтын элементийг сайжруулсан. Ер нь  мөнгөн дэвсгэртүүдийн нөөцийг дахин бүрдүүлэх явцад хуурамч мөнгөн дэсвгэрт үйлдэгдэхээс сэргийлж хамгаалалтын элементүүдийг шинэчлэн сайжруулахаар зорьж ажилладаг. Энэ нь тухайн нөхцөл байдлаасаа хамаарна. 

-Хуучирсан мөнгөн тэмдэгтийг солих, шинэчлэх ажлыг хэрхэн хийдэг вэ?

-Иргэдээс банкинд тушаасан хуучирч муудсан дэвсгэртийг Монголбанкинд өгч, Монголбанк гүйлгээнд дахин хэрэглэж болох эсэхийг нь ялгаж ангилаад, хэрэглэх боломжгүй болсон дэвсгэртүүдийг нь гүйлгээнээс хасдаг. Иргэд өөрт байгаа хуучирсан, ашиглахад хэцүү болсон мөнгөө банкуудын аль ч салбар, нэгж дээр цэвэрхэнээр солиулах боломжтой.

Э.Мөнхцэцэг