|

Мансууруулах бодисын зартай наймаачин Х.Гусманы гэм буруутайг тогтоожээ

Мансууруулах бодисын зартай наймаачин Х.Гусманы гэм буруутайг тогтоожээ

 

Мягмар гарагт АНУ-ын Нью-Йорк муж улсын Холбооны шүүхэд Мексикийн мансууруулах бодисын зартай наймаачин Хоакин "Эль Чапо” Гусманы хэргийг шүүх хурал болжээ. Түүнийг 10 зүйл ангиар буруутгасан бөгөөд тэрбээр бүгдэд нь гэм буруутай болох нь тогтоогдсон байна.

61 настай Х.Гусман нь кокаин, героин тээвэрлэсэн, галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн болон мөнгө угаасан зэрэг олон хэрэгт холбогдоод байгаа ажээ. Холбооны шүүхээс түүнд хараахан ял ногдуулаагүй байгаа хэдий ч бүх насаар нь шоронд хорих ял оноож магадгүй байгаа юм.

Х.Гусман Мексикийн шоронгоос хонгилоор дамжин зугтааснаасаа хойш таван сарын дараа буюу 2016 оны нэгдүгээр сард баривчлагдсан юм. Түүнийг 2017 онд АНУ-д шилжүүлэн өгсөн байна.

Мексикийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнийг мансууруулах бодисын "Синалоа” картелийн үйл ажиллагааг хариуцагч хэмээн буруутгадаг бөгөөд "Синалоа” нь АНУ-д мансууруулах бодис нийлүүлэгч хамгийн том картель ажээ.

Х.Гусманы хувьд өөрийгөө "мансууруулах бодисын жинхэнэ наймаачин биш, тэр бол надаас өөр хүн” хэмээн мэдэгдсээр ирсэн байна.