|

Гялгар уутны хоригт бэлэн үү

 

Ирэх гуравдугаар сарын 1-нээс 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэлнэ.

Монгол Улсын хэмжээнд жилд 2 сая тонн хог хаягдал гардгийн 1.4 сая тонн нь нийслэлчүүдийнх, нарийвчилбал үүнийх нь 500 тонн нь гялгар уут байдаг аж. Тиймээс байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг гэх гялгар уутны хэрэглээг энэ оны гуравдугаар сарын 1-нээс хориглох тогтоол гарсан. Хог хаягдалгүй, байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй сонсогдож буй уг тогтоолыг сайтар нягталваас хоригт багтаж буй уутны нимгэн зузаанаас өөр нарийвчлан заасан зүйлгүй байгаа юм.

Засгийн газрын уг тогтоолд зааснаар 0,035 миллиметрээс нимгэн нэг удаагийн сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэдэг гялгар уутыг хориглосон. Энэ нь бидний нэрлэж заншсан 10-ын гялгар уут бөгөөд  хогийн уут болон зузаан гялгар уутыг хориглоогүй байна. Тогтоол нь Засгийн газрын байгаль орчноо хамгаалах, бохирдлын эх үүсвэрийг хязгаарлах бодлогын хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд нимгэн гялгар уутыг  хэрэглээнээс гаргахыг ААН-д үүрэг болгосон. Хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, МХЕГ, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, аймаг нийслэлийн ЗДТГ, харьяа МХГ-ууд хяналт тавин ажиллах аж.

Гэтэл супермаркетуудад худалдаалж буй тор, талх гурилан бүтээгдэхүүн, хөлдөөсөн бууз банш, хиамны гаднах савалгаанаас гадна хүнсний скоч, нэг удаагийн цэнхэр улавч, хогны уут хүртэл 0.035 мм-ээс нимгэн. Мөн хориглосон хэмжээнээс нь зузаан нийлэг уут хийхэд үнэ нь тэр хэрээр өснө, хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид цаасан болон даавуун уут хэрэглэхэд тийм хурдан дасан зохицох уу, хүсээд буй эдгээр зүйлсийг нь үйлдвэрлэх, хэрэглэгчдийн боломжид таарсан үнээр импортлон оруулж ирж чадах уу гээд дагаж гарах үр дагавар, шийдвэрлэх асуудлууд ч олон байна.  

Засгийн газрын нэг удаагийн нийлэг уутыг хориглох тогтоолыг ингэж задлан авч үзвэл хэрэгжүүлэхэд түвэгтэй, нарийвчлан заагаагүй, заасан ч тухайн  хориглож буй хэмжээнд нь багтаж буй ч нэр дурдагдаагүйн улмаас ашиглаж болохоор гээд дутуу дулимаг зүйл олон байгаа юм.

Хэдийгээр Улаанбаатар хотод гялгар уут дахин боловсруулах хоёр үйлдвэр ажиллаж байгаа ч улсын хэмжээнд гялгар уутыг боловсруулж чадахгүй байгаа гэдгийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Батжаргал хэлсэн нь бий. Нарийвчлан зааж өгөөгүй хориглох тогтоолоос нь болон цэцэрлэг, эмнэлгээр үйлчлүүлэхдээ нэг удаагийн цэнхэр улавч өмссөн, хог хаягдлаа уутанд хийж хаясан иргэд Зөрчлийн хуулиар торгуулах уу? Тогтоолын шийдвэрт хяналт тавьж ажиллах байгууллагууд нь юуг үндэслэн хяналт тавих вэ гэдэг нь тодорхой бус байна.

eagle.mn