|

Курилийн өмнөд хэсгийн арлуудыг Японд шилжүүлэн өгөхийг дэмжихгүй байна

Курилийн өмнөд хэсгийн арлуудыг Японд шилжүүлэн өгөхийг дэмжихгүй байна

 

Курилийн бүлэг арал нь ОХУ-ын харьяа газар нутаг юм гэж тус арлын оршин суугчдын дийлэнх нь үзэж байгаа тухай ОХУ-ын Олон нийтийн санаа бодлыг судлах төв мэдээлжээ. 

Тус төвөөс Курилийн арлуудын харьяаллын талаар явуулсан санал асуулгад оролцогчдод "Та юу гэж үзэж байна. ОХУ Курилийн арлуудын өмнөд хэсгийг Япон улсад шилжүүлэн өгөх ёстой юу? эсвэл үгүй юу?” гэдэг асуултыг тавихад, 2 хувь нь шилжүүлэн өгөх ёстой гэж хариулсан бол 2 хувь нь хариулахаас түдгэлзэж, харин 96 хувь нь шилжүүлэн өгөх ёсгүй гэж хариулсан байна.

Энэ сарын 11-17-ны хооронд явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 7695 хүн оролцсоны гуравны хоёр нь арлын оршин суугчид аж.

Курилийн арлуудын харьяаллын талаар Япон, Оросын хооронд үүссэн газар нутгийн маргаан хэдэн арван жилийн хугацаанд шийдэгдээгүй байгаа билээ. Чухамхүү энэ асуудал нь хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулахад саад тотгор болсоор байгаа юм. 

ОХУ болон Японы удирдагчид өнгөрсөн оны 11 дүгээр сард Сингапурт уулзахдаа, 1956 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хэрэгжиж эхэлсэн Зөвлөлт-Японы хамтарсан тунхаг бичигт тулгуурлан найрамдлын гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээг идэвхжүүлэхээр тохиролцсон билээ. Уг тунхагт найрамдлын гэрээ байгуулсны дараа Курилийн өмнөд Хабомаи болон Шикотана арлыг Японы талд шилжүүлэн өгөх боломжийг Москва судлахыг зөвшөөрсөн байна.