|

Өргөн бариад 9 сар дуншиж буй Татварын багц хуулинд ийм өөрчлөлтүүд орно

Өргөн бариад 9 сар дуншиж буй Татварын багц хуулинд  ийм өөрчлөлтүүд орно

 

Ирэх сарын дундуур хуралдах магадлалтай байгаа УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Татварын багц хуулийн шинэчлэлт багтаад буй.  Энэ хуулийн төсөл УИХ дээр  олон сар дуншиж байгаа ч одоог хүртэл анхныхаа хэлэлцүүлгийг ч хийж амжаагүй байгаа юм. Тодруулбал хуулийн төслийг өргөн бариад 9 сар болж байгаа төдийгүй  энэ хуулийн  шинэчлэлийн талаар олон нийтийн дунд  39 удаагийн танхмын хэлэлцүүлэг зохион байгуулагдс ан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны хоёрдугаар сараас  энэ хэлэлцүүлэг өрнөж байв.

Татварын багц хууль гэдэгт  "Татварын ерөнхий хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль", "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"  багтаж буй бөгөөд  хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт орно гэсэн тооцоо бий.

Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүцэтгэгч Б.Заяабал:"Татвар төлөхийг "сайхан” болгох боломжгүй, харин татвар төлөхийг хялбар болгох боломжтой”  гэжээ. Энэ бол шинээр батлагдах Татварын багц хуулийн мөн чанар мөнөөс мөн байх биз ээ.

Энэ хуулийг өөрчлөх гол шалтгаан зорилгоо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ""Өөрчлөлт оруулж байгаагийн гол зорилго нь бизнесээ дэмжих, ойлгомжгүй, хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцлэх. Мөн Татварын багц хуулийн төслийн хүрээнд Бизнесийн орчныг сайжруулах, олон улсын татварын харилцааг боловсронгуй болгох зэрэг зорилтыг тавьсан” хэмээн тодорхойлж байсан удаатай.  Харин хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан  хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан "хялбаршуулсан татварын тогтолцоог нэвтрүүлэх” тухай  онцолсон.   Энэ бол  хуулийн шинэчилсэн агуулгын  гол мөн чанар  биз ээ.

Хуульд хямар ямар өөрчлөлт орж байгаа талаар уншигчиддаа цухас хүргье. Юуны өмнө  иргэдийн хувьд хүлээлттэй байдаг,  бас  шахаж шаардаг нэг асуудалд албаны хүний хэрхэн хариулсныг дахин нэг саная.  Манай иргэд НӨАТ-ын  суглааг больж, буцаан олголтын хувь хэмжээг 5 хувь болгох тухай үе үе  давалгаалдаг.  Харин энэ саналд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Боломжгүй” гэсэн хариултыг өгөөд байгаа билээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй  Татварын ерөнхий хууль 9 бүлэг 76 зүйлтэй. Харин шинэ хуулийн төсөлд  14 бүлэг 83 зүйлтэй болж нэмэгджээ.

Шинэчлэн найруулсан Татварын багц хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ гэдгийг  өргөн барьсан төсөлд туссанаар товчлон хүргэж байна. Гэхдээ энэ бүхэн одоогоор төсөл  гэдгийг дахин сануулъя..

Нэг.Татварын Ерөнхий хуульд:

-Татварын өр төлөх хугацаа 2 сар байгааг 24 сар болгон сунгана.

-Татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийнэ

-Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,

-Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмгдүүлнэ,

-Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,

-Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,

-Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,

-Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлан гаргаж, нийт орлогын 1 хувиар татвар төлнө.

Хэрэв жилийн борлуулалт  нь 3 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа, доош бол 2 удаа тайлагнадаг болно.

Хоёр. ААНОАТ-ын тухай хуульд:

-Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,

-Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,

-Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно.

-"X” тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө.

-Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна.

-Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ.

-Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

- Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно.

Гурав:Хувь хүний орлогын албан татварын хуульд:

-Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,

-Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,

-Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно,

-Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ,

-Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.

Дөрөв:Бусад хуулиудад оруулах өөрчлөлт

-Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,

-Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

Иймэрхүү өөрчлөлтүүд хуулийн шинэчлэлд тусаад буй. Энд нэмж хэлэхэд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгох асуудал хуулинд тусаад байгаа юм байна.

Өөр нэг сайшаалтай өөрчлөлт гэвэл аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаадад төлсөн татварыг давхар татварын гэрээтэй улс орныг харгалзахгүйгээр тооцдог болох зохицуулалтыг тусгажээ.

Эцэст нь Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүцэтгэгч Б.Заяабал: "Татвар төлөхийг "сайхан” болгох боломжгүй, харин татвар төлөхийг хялбар болгох боломжтой хэмээн  хэлжээ. Энэ бол шинээр батлагдах Татварын багц хуулийн мөн чанар мөнөөс  мөн байх биз ээ.

 

Г.Хантулга

http://www.zaluu.com/read/308a8fh04