|

СГЗ сэтгүүлч Х.Цэвлээ: Гэрээ санахын эрхэнд сургуулиасаа оргож байв

 

Монголын сэтгүүл зүй хэмээх ай сав газрын ноён оргилын нэг нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуай билээ.

Нийгэм, улс төр, хэвлэл мэдээлэл, боловсролын салбарынхан дунд Цэвлээ гуай, Цэвлээ эрхлэгч ээ, Цэвлээ багш аа гэж түүнийг хүндлэн дээдлэх хүнийг тоолж багцаалах аргагүй, "Монголын сэтгүүл зүйд эр бяр нь жагссан, бүтээн туурвих инжааны ухаан нь жигдэрсэн нэгэн сайн нийтлэлч гарч ирсэн нь Х.Цэвлээ. Тэрбээр амьдралыг гаднаас нь биш сэтгэл дотор нь орж байж, үгийг нь хэлүүлж байж, түүнээс нь учир ургуулж урлан бичдэг сэтгүүлч. Сайхан болгох гэж сахал наадаггүй. Санаанд орсноо салхи шуурга болгох гэж хашгирдаггүй. Гэхдээ л орой руу ортол хэлнэ. Ятгаж нотолж хэлнэ. Цэвлээ гуайд найруулан бичих лут авьяас, арга чадал бий. Баримтыг олоод бичлэгээ шигтгээ болгон гялалзуулах эрдэмтэй хүн”. Сэтгүүлч, зохиолч Г.Дамба гуай нэгэнтээ ийн бичсэн байдаг.
Эгэл ардын хүү болон төрж, өөрийн нөр их хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр алдар хүндлэлийн өндөрлөгт гарсан Цэвлээ гавьяат бага насаа ийн дурсах ажээ.

Миний багын нэр Дамдинсүрэн
-Би "эсэргүүний жил” буюу 1932 онд төрсөн хүн. Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн түүхтэй.

Манайх төрөлхийн ядуу айл. Гучин гурван онд улс даяар хүн амыг бүртгэж тоолсон баримтыг архиваас харахад найман ямаа, зургаан ишигтэй, гурван ам бүл гэж тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Гурван ам бүл гэдэг нь эмээ Адьяагийн Буянхүү, ээж Буянхүүгийн Хорлоо, миний бие Хорлоогийн Дамдинсүрэн нарыг хэлсэн хэрэг. Багадаа би Дамдинсүрэн гэж нэртэй байсан гэдэг. Гэтэл айхтар өвдөж, хавийн эрдэмтэй лам нар ном хурж байж амийг минь торгоосон юмдаг уу даа. Тэгээд нэрийг минь сольж Цэвэл болгожээ.

Хүүхэд л болсон хойно айл айлын үүд хаалга онголзуулан чихэр боорцогхон горьдон гүйж явдаг шүү дээ. Нэг өглөө Бадрах ламынд гүйгээд очтол "Чиний нэрийг чинь Цэвэл болгосон гэл үү. Урд шөнө чи Дамба гэлэнгийн хонгор гүүний хонгыг ухчихсан гэх шив” хэмээн тас тас хөхөрч байсан нь санаанаас гардаггүй юм. Нүрзэд, Дамба гэж хоёр гэлэн манай нутагт байсан л даа. Гэтэл Дамба гэлэнгийн хонгор гүүний хонгыг тэр шөнө чоно урчихсанаас үүдэн намайг "цаашлуулж” байсан нь тэр юмсанж.


 

Алтны гялаанаа булаалдан үеийнхээ бандитай…
 

-Бүүр багад минь эмээ, ээж хоёр айлын мал услалцахаар худаг руу явахдаа намайг араганд хийж гэрийн сүүдэрт тавиад орхидог байсан гэдэг юм. Гэхдээ ганцааранг нь биш нэг цагаан ямаатай хамт үлдээдэг байж. Нөгөө ямаа гэрийн ойролцоо идээшилж байснаа намайг уйлахаар шогшиж ирээд л нүүрийг минь долоодог байж. Ямаанд долоолгосоор нүүр нь гялайчихсан "амьтан” унтаж байдаг сан гэж ээж минь хуучилдаг байж билээ.

Айлын ганц эрх хүү таван нас хүртлээ ээжийнхээ мөөмийг хөхсөн дөө, дүүтэй болтлоо. Би Хорлоогийн Самдан гэж газар дээр ганц төрсөн дүүтэй хүн. Нэг өдөр ээжийнхээ мөөмийг хөхөх гэтэл ёстой муухай гашуун амттай болчихсон байсан. Тэгэхнээ нь ээж ямар нэгэн зүйл түрхчихсэн байсан юм билээ. Намайг хөхнөөс гаргах гээд. Одоо би энэ дайтай яваагаа ээжийнхээ мөөмийг олон жил хөхсөнтэйгээ холбож бодох дуртай. Ээжийн сүүнд их эрдэм бий шүү.

Манай тэр Ямбатын улааны хавь алтны орон. Багадаа алт ухаж байсан л даа, ядуугийн эрхээр. Дөрөв, тавтай л байсан юм уу даа. Жаахан алтны гялаан олоод үеийнхээ нэг бандитай булаалдан зодолдож байсан нь санаанаас ер гардаггүй.


 

Анхны шинэ үсэгтэн
 

-Тав, зургаан настайгаасаа би айлд очиж ном заалгаж эхэлсэн. Монгол бичигтэй, дөрвөн аргын тоотой болоод сургуульд орсон доо, есөн нас хүрсэн хойноо. Сумын төвийн бага сургууль нээгдээд хоёр жил л болж байсан юмдаг. Таних мэдэх айл ховор болохоор багийн даргынд сууж билээ. Манайхаас сумын төв ортол гучин хэдэн км газар. Явган явах аргагүй. Хөөрхий ээж минь намайг санаад, би ээжийгээ санаад хоёр талд хэцүүхэн л байсан даа.

Миний анхны багш "Ширүүн хар” Доржпалам гэж хүн байв. Харин бага сургуулийн маань анхны захирал нь Бадарч. Намайг анх сургуульд ороход захирал багш толгой илж "Хүүгийн нэр хэн билээ” гэхэд нь би "Цэвэл” гэтэл "Аа, Цэвлээ” гэж амандаа давтан хэлж бүртгэснээр Цэвэл маань Цэвлээ болон "хувирч” өнөөг хүртэл янз бүрээр дуудуулан хамт явж байна.

Би анхнаасаа шинэ үсэг заалгасан хүн. Миний дээд ангийнхан нэгдүгээр ангидаа, монгол заалгаад, хоёроосоо шинэ үсэгт тайлагдсан улс. Хичээлийн хувьд хэл бичиг, тоо хоёр л яваад байсан. Гурваас байгаль, дөрвөөс газар зүй нэмэгдсэн санагдана. Тэр үеийн багш нар ч хатуу зарчимтай байж. Хүүхдүүд ч нэлээд нухлуулж сурдаг байж. Ном уншуулж, уншсан номоо цээжлүүлнэ. Ихийг цээжилсний буруу гэж ер байхгүй. Хэрэг болохдоо болоод болохгүй бол цээжний мухарт байж л байна. Аливааг ангиараа нэгэн зэрэг уншин цээжлэх сайхан байж. Үржүүлэхийн хүрд л гэхэд хоёр хоёрын дөрөв, хоёр гурвын зургаа гээд хоороороо аялгуулан маань хэлж байгаа аятай дүнгэнэтэл уншин цээжлээд л.


 

Үхрийн булууны чөмгийг сорж…
 

-Дөчин таван оны хавар бага сургуулиа төгссөн. Тэр жил манайхыг Улаан сайрын аманд намаржиж байтал нэг өдөр аймгийн Гэгээрлийн хэлтсийн байцаагч Тампуулин гэдэг хүн ирдэг юм. Намайг аймгийн дунд сургуульд явуулахаар хөөх гэж ирж байгаа нь тэр. Яахав, зөрж чадсангүй, Дагвын Авирмэд гэдэг хүүхдийн хамт явахаар боллоо.

Манайх хөл дүүжлэх уналгагүй болохоор ойрын хамаатныхаа эрмэг улаан гүүг гуйж таван төгрөгөөр хөлсөлж унаад гарч өгсөн. Таван төгрөг гэдэг тухайн үед их мөнгө шүү дээ. Ямааны нэг кг ноолуур долоон төгрөг байсан гээд бодоход. Cap хонийг нь хариулж өгсөн ч гэлээ ядуу зүдүү намайг ганц удаа харж үзээгүйд нь дотроо бол гомдож л явсан даа.

Ингээд аймгийн төв ортол гурван өртөө газар морин өртөөгөөр дамжин сургуульдаа очиж байв. Би Баянхонгорын долоон жилийн дунд сургуулийн хоёр дахь элсэлтийн сурагч. Дайны сураг чимээ газар авч түр цэрэг татаж байсан үе. Дотуур байранд өлөн зэлмүүхэн амьдарч байлаа. Адууны жаахан мах олдвол дээдийн заяа. Байрны хоолонд нь цадахгүй. Өлсөнө. Хүрээний айлуудын хаясан үхрийн булууны ясыг галын цог дээр шарж чөмгийг нь сорно. Дэнгийн өөхөн тосыг хүүхдүүдтэй ээлжлэн долооно.

Дайны хажуугаар дажин гэгчээр өлсгөлөн хүүхдүүдэд өвчин зовлон мундахгүй. Улаан бурхан, цусан суулга өвчнөөр олон хүүхэд нас барсан юмдаг, тэр жил. Гэрээ, ээж, эмээ, дүү гурваа л бэтгэртлээ санадаг сан.


 

"Миний хүү, сургуульдаа яв даа”
 

-Гэрээ санахын эрхээр нэг удаа сургуулиасаа оргож билээ. Оргох болсны шалтаг нь ургамал судлалын Ядамжав багш намайг хэрэг тарилаа гэж өөр хүүхэдтэй андууран заамдаж сэгсрээд муу тэрлэгийг минь урчихдаг юм. Тэгээд яахав, далим гарсан дээр тэр шөнөдөө Авирмэдийнхээ хамт гараад гүйчихсэн, нутаг руугаа. Хүүхэд ямар ядрахаа мэдэх биш. Тувт шогшчихож байгаа юм.

Замдаа Алтана хөндийг гаталж Өлзийт голыг уруудан Их дугуйн булан хүрч явтал нэг морьтой хүн тааралдсан нь манай нутгийн "Гонзгой” Дамдин. Тэрбээр бид хоёрыг дагуулан зам зааж Дөрөө хавчдагаар давуулж өгөөд буцаж билээ.

Цаашаа бид хоёр Хавчуурын амны намаржаагаар дайран гэртээ хүрсэн. Ээжийгээ загнах байх хэмээн дотроо бол айж л явсан даа. Гэсэн ч оргож боссон амьтнаас элдвийг асууж шалгааж зовоогоод яахав гэсэн үү, яасан ээж минь юу ч хэлээгүй. Маргааш нь үдийн алдад хатиртай хүрэн морьтой хүн манай гадаа буусан нь манай сургуулийн багш Шагдар байв.

Ээж минь "Миний хүү, сургуульдаа яв даа. Манайх угийн ядуу айл. Хүү минь чи л эрдэм номтой бол” гэснээр аргагүйн эрхэнд сургууль руугаа буцсан даа. Хэрвээ ээж тэгж хэлээгүй бол би үг дуугүй л мал дагасан хөдөөний хүн чигээрээ үлдэх байсан.


 

Ардын зураачийн дагалдан болсон
 

-Манай Ямбатын улаан шороо шиг тарвагатай. Хавх тавьж ганц нэг тарвага бол шоглодог байсан л даа. Гэхдээ нэг их шимтэж ангийн мөр хөөгөөгүй. Аймагт долдугаар ангиа төгсөөд 16 настайдаа сумандаа багш болсон. Хичээлийн завсар зайгаар улаан буланд очно. Урлаг, уран сайханд явна. Багш хүн бүхний түрүүнд явахыг шаарддаг, тэгж бодож зүтгэдэг үе байсан юм чинь дээ. Хуучир, мондалин тоглож сурсан, тэр үед. Ер нь урлаг гээч юм чинь хүний сэтгэлд гэгээ оруулж байдаг сайхан зүйл.

Багшлаад хоёр жил болов. Зураг, энэ тэр оролддог ухаантай байсан учир намайг аймгийн урчуудын салбарын эрхлэгч болгоно гээд. Улаанбаатар хотод ирж ардын зураач Очирын Цэвэгжав гуайн урланд дагалдангаар. хэсэг байж билээ. Гэвч буцаж очоод зургийн чиглэлийн ажил хийгээгүй ээ. Багшаа л хийсэн. Суманд маань бичиг үсгийн бүлгэм шинээр байгуулагдаж тэнд томчуудад бичиг үсэг заах ажилд ханцуй шамлан орж байв. Бэрхшээл зовлон мундахгүй их. Багшийг, сургуулийг элдвээр хэлдэг, дайсан мэт л ярьдаг бүдүүлэг цаг байж дээ.

Багш, эвлэлийн үүрийн дарга хийсэн шиг нутагтаа хэдэн жил ажилласан миний ханын сонин гаргадаг, жаал зугаа юм бичдэгийг бодолцсон биз, аймгийн сонины нарийн бичгийн даргаар томилдог юм. Хэвлэлийн салбарт насаараа ажиллах эх суурь тавигдсан түүх товчхондоо ийм…


 

Ц.Галбадрах