|

Төрсний дараах сэтгэл гутрал

 

 

Та нартаа маш хэрэгтэй мэдээлэл оруулъя! Миний хувьд гадаадад амьдардаг бөгөөд жил дарааллан төрөөд маш их ачаалалтайн дээр 'төрсний дараах сэтгэл гутрал'-д автаж сэтгэл санаа тогтворгүй байх уйлах унжих уурлах гээд маш их тавгүйтдэг байсан ба өөрийгөө яагаад байгаа учраа олохгүй үе зөндөө байдаг байлаа. Үнэхээр ээжүүд бид төрсний дараа сэтгэл гутрал хүнд ирдэг түүнийг хүлээн зөвшөөрөх туунээс хэрхэн сэргийлэх өөрийгөө хянах гээд олон зүйлийг бид урьдчилан сэргийлж бусдад өөрсдийгөө зөвөөр ойлгуулж мөн эргэн тойрныхоо хүмүүст өөртөө туслахыг хүсэх хэрэгтэй байдаг юм байна. Ээжүүд бид эрүүл мэнд, сэтгэл санаа бие махбодоор эрүүл байж эрүүл жаргалтай гэр бүлийг бий болгох юм шүү .

Дэлхий нийтээр "Төрсний дараах сэтгэл гутрал” гэдэг асуудалд анхаарлаа хандуулж эхлээд байна. Амьнаасаа илүү хайрлан төрүүлсэн үрээ гэмтээх, тэднийгээ орхиод амиа хорлох зэрэг сэтгэл сэртхийлгэм хэргүүд ихээр гарч, үүний шалтгаан нь сэтгэл гутралтай холбоотой байгааг судлаачид, сэтгэлзүйчид онцолж эхлээд байгаа учраас тэр. "Хүүхэд төрүүлээд гэртээ сууснаас хойш ааш нь тэс ондоо болсон. Жижиг зүйлс дээр хүртэл уурлаад үнэхээр аашийг нь тэвчихээ болиод салсан” гэж ярих нэгэн залуу.

Тэр залуу эхнэрээ чухам яагаад тэгж уурлаж, бухимдаад байгааг ойлгохыг хүссэн бол гарц нь салалт биш байсныг ойлгох л байсан. Гэвч бид хүнийг шүүмжлэх гэж яардагаас ойлгох гэж хичээхээ больжээ.

Тиймээс бяцхан үрээ тэврэн ээж хэмээх үүргийг хүлээгээд буй бүсгүйчүүдийнхээ сэтгэлзүйг ойлгоосой, энэ бүх өөрчлөлт дааврын огцом бууралтаас үүдэлтэйг мэддэг байгаасай, гэр чинь заваан байна гэж шүүмжлэхийнхээ оронд цэвэрлээд өгдөг байгаасай, өөртөө анхаарахаа больсон байна арчаагүй анхиагүй гэхээсээ өмнө "Чи минь гарчихаад ир” гэж өөртөө зарцуулах хэдхээн цагийг гаргаж өгдөг байгаасай, уурлаж бухимдахад нь мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахад нь туслаасай, хайр халамж хүсэж гомдож уйлахад нь ааш авир чинь өөрчлөгдөж байна гэж гайхахын оронд зүгээр л тэврээд "Чамдаа баярлалаа, маш их ядарч байгааг чинь ойлгож байна.

Ойлгож туслаагүйд уучлаарай” гээд сайхан үгс хэлээд аргадаасай, өдөржин хүүхдүүддээ санаа тавьж хооллож ундалж, салхилуулж тухтайхан ч цайгаа ууж амжаагүй суухад нь "Гэртээ ажилгүй сууж байгаа байж, юу ч хийгээгүй байна” гэж үнэлж боломжгүй хөдөлмөрийг нь битгий үгүйсгээсэй гэж хүссэндээ энэхүү мэдээллийг хүргэж байна.

ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ

Нийт эхчүүдийн 50-75 хувь нь хүүхдээ төрүүлсний дараа ямар нэг хэмжээгээрсэтгэлээр унадаг тухай судалгаа бий.

Үүнд нөлөөлөх маш олон шалтгаанууд байдаг ч ерөнхийдөө жирэмсэний есөн cap эхийн биед тогтмол өндөр хэмжээтэй байсан "ЖИРЭМСЭНИЙ ДААВАР” гэнэт огцом буурснаас энэ нь үүдэлтэй юм. Энэ даавар нь хүний сэтгэл хөдлөлд чухал нөлөө үзүүлдэг байна.

Дааврын огцом бууралт, болон бусад нөлөөллүүдээс үүдэн эх:

-цочромтгой
-түргэн ууртай
-бухимдуу
-уйламхай
-олон ааштай
-нойргүй
-гунигтай
-зожиг ганцаардмал
-хоолондоо дургүй эсвэл хэт их идэх
-бэлгийн дур сонирхолгүй болх зэрэг өөрчлөлтүүд илэрдэг байна.

Ерөнхийдөө сэтгэл гутралыг 2 ангилж үздэг.

1. "ХӨНГӨН” хэлбэрийн сэтгэл гутрал (baby blue)

Энэ нь Ихэвчлэн төрсний дараах эхний хоёр долоо хоногт дээрх байдал илэрдэг бөгөөд ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй бөгөөд аяндаа хэвийн байдалдаа ордог байна.

2. "ХҮНД” хэлбэрийн сэтгэл гутрал (postpartum depression)

Хэрэв сэтгэл санааны тогтворгүй байдал хоёр долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл төрсний дараах сэтгэл гутрал гэж үздэг.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

-Сэтгэл гутралын талаар бодитой мэдээлэл, мэдлэгтэй байх,
-Шинж тэмдэгүүд эхэлсэн даруйд биеэ хянан захирахыг оролдох
-Сэтгэл санаа, мэдрэмжээ ойр дотныхонтойгоо хуваалцах
-Хоол хүнсийг сонгохдоо: Нэр төрөл олонтой, тэжээллэг болоод амин дэмээр баялаг, өнгө өнгийн хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх (Учир нь эдгээр нь хоолны дуршилд сайнаар нөлөөлж улмаар сэтгэл гутралыг засдаг)
-Жирэмсэн байх үедээ хийж байсан дасгал хөдөлгөөнөө үргэлжлүүлэх
-Бүх зүйлийг ялангуяа гэрийн ажлыг ганцаар хийх гэж зүтгэлгүй бусдын дэмжлэг туслалцааг авч сурах
-Найз нөхөдтэйгөө бага ч гэсэн цагийг өнгөрөөж, гадуур богино хугацаанд ч гэсэн салхилах
-Өөртөө зориулан цаг гаргах, өөрийгөө тордож, дуртай сохирхолтой зүйлсээ хийх, үс зүсээ сайхан авч явах нь сэтгэл зүйн өөдрөг байдалд эерэгээр нөлөөлнө. (Төрсний дараа удаан хугацаагаар усанд орохгүй, ариун цэврийг сахихгүй байдал улам ч сэтгэл санааг доройтуулахад хүргэдэг)
-Архи тамхинаас бүр мөсөн татгалзах

Нөхрүүдэд өгөх зөвлөмж:

Сэтгэл гутралаас эхнэрээ аврах бүхий л аргыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй
Эхнэрийнхээ нуруунд байгаа ачааллыг хуваалцах, гэр ахуйн ажилд нь туслах
Ямар их жин нэмсэн талаар, бас хэзээ эргэж хэвэндээ орох талаар нь "ЯРЬЖ” хөндөхгүй байх
Нөхөр хүн эхнэрийнхээ хамгийн сайн ярилцагч, сонсогч, дотны найз нь байж чаддаг(төрсний дараа 30 хоног "ХӨЛ ХОРИХ” явдал нь эхийн сэтгэл санаанд хэрхэн сөргөөр нөлөөлж болох талаар эргэцүүлэн бодох)
Ямар ч шалтгааныг хайлгүйгээр эхнэртээ гэнэтийн бэлэг барих, болзоонд урих гэх мэт "БҮТЭЭЛЧЭЭР” хандах

Учирч болох сөрөг үр дагаварууд:

Сэтгэл гутралыг засахгүй бол эх хүн өөртөө болон хүүхэддээ санаанд оромгүй байдлаар сөргөөр хандаж эхлэх
Үргэлж золгүй байдлыг зөгнөж бодох, улмаар ярьж эхлэх
Эхнэрийн сэтгэл гутралын даамжрал нөхөрт ч гэсэн нөлөөлөн гэр бүлийн "УУР АМЬСГАЛ” хүйтэн хөндий болох аюултай.
Улмаар эх хий зүйл харах, дэмийрэх гэх мэтийн сэтгэцийн гүн эмгэгтэй болох
Надад болон манай гэр бүлд энэ зүйл тохолдохгүй гэж хайнга хандахгүй байхыг бүх ээжүүдэд зөвлөмөөр байна. Шаардлагтай тохиолдолд мэргэжлийн хүмүүст хандах нь таныг болоод танай гэр бүлийг учирч болох олон бэрхшээл, хүндрэлүүдээс хамгаалах болно.
Эх сурвалж http://www.info.mn