|

УИХ-ын хаврын чуулган Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ

 

Хууль тогтоогчдын олон жил бэргэсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг  энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдээд буй. Энэ тухайгаа тэрбээр  "Бидэнд эргэж буцах зам байхгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд учирч болох эрсдэлээс сэргийлж чадаагүйнхээ төлөө хожим түүхэн хариуцлага хүлээж болзошгүй” гэсэн үгээр зорилгоо тодотгожээ.

Эцэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль тогтоогчид хэдэнтээ барьж авч байсан удаатай. Тухайлбал, 2000,2011,2012,2015 онд  УИХ-ын гишүүд өөрчлөлт оруулах  асуудлыг өргөн мэдүүлж байв. Эдгээрээс  бүтэлтэй болсон нь 2000 оных бөгөөд хожмоо "Дордуулсан долоон өөрчлөлт” гэх нэр хочтой болоод байгаа билээ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах "хувьсгалын тохироо” бүрдсэн үү

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хамгийн боломжтой цаг хугацааг  энэ парламентын бүрэн эрх, хугацаатай холбож үзэж байгаа нь санамсаргүй  зүйл биш байх. 2016 оны сонгуульд МАН үнэмэлэхүй олонх болсон нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ард түмний захиалга хэмээн хардаг хуульчид цөөн биш байдаг.  Харин УИХ дахь Ардчилсан Намын бүлэг энэ парламентыг ийм ёс зүйн чадамжгүй хэмээн чичилж байсан нь бий.  Хуульч Б.Гүнбилэг энэ тухайд "Бүгдээ санал нийлж нэгдээд байгаа асуудлаа хууль тогтоогчид өөрсдийн эрх мэдлийн хүрээнд авч хэлэлцээд шийдээд явах нь зүйтэй. Хэчнээн жил ажлын хэсэг байгуулж,  хэдий болтол явах юм. Ийм янзаар явах юм бол залуу үеийн бидний нас ч хүрэлцэхгүй байж мэднэ” гэсэн санааг илэрхийлжээ.

Олонхи хууль тогтоогчид, эрдэмтэн судлаачид, хуульчдын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тохироог одоо бүрдээд байна гэсэн байр суурь илэрхийлж байгаа гэдгийг дахин тодотгоё. Судалгаанаас харвал дийлэнхи олонхийн  цикл 12 жилийн давтамжтай байдаг  гэнэ. Хэрэв үүнийг иш үндэс болговол  энэ парламент хуулийн нэмэлтийг хэлэлцэж эс чадваас  дахиад 12-16 жил хүлээх болно гэсэн үг.  

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд  бид их хардамтгай хүмүүс. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай холбогдуулан  хэт олонхи байгаа улс төрийн хүчнээ хардаж сэрдээд баймааргүй байгаа юм.  Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт нь аль нэг нам бүлэгт  бус Монголын нийт ард түмний тусын тулд үйлчилнэ.

Нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага шалтгаан юу вэ

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль маань батлагдаад 26 жилийн нүүр үзэж байна.  Ийм хугацаанд хүчин төгөлдөр үйлчиллээ гэсэн үг. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй.  Үндсэн хууль үндсэндээ Монгол Улсын нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих харилцааг зохицуулж, дарангуйллын тогтолцоо дахин тогтохгүй дархлааг бий болгож, ардчилал, зах зээлийн  харилцаанд эргэлт буцалтгүй шилжих үндэс суурийг тавьж өгсөн.  Өөрөөр хэлбэл Үндсэн хууль үндсэн үүргээ биелүүлсэн хэмээн судлаачид онцолж байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлт нь аль нэг нам бүлэгт бус Монголын нийт ард түмний тусын тулд үйлчилнэ.

Гэхдээ нийгэмд бий болоод байгаа шударга ёсны хүсэмжлэл, сахилга хариуцлага, засалалын хуваарилалт, тогтолцоо зэрэгт эргэн харах, төгс төгөлдөр болгох зайлшгүй шаардлага урган гарсан гэж үзэж байгаа. Тухайлбал, парламентын засаглалыг сонгодог утгаар нь хөгжүүлэхэд саад тээг болж байгаа заалтууд бий гэж үздэг. Гадаадын судлаачид Монгол Улсыг холимог тогтолцоотой хэмээн тодорхойлсон нь бий. Ингэж тодорхойлох шалтгаан нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл өндөр, Засгийн газар нь маш эмзэг, хэдэн гишүүн гарын үсэг зураад огцруулчихдаг, энэ хэрээрээ нийгмийн хөгжлийг чөдөрлөдөг гэхчлэн бодит олон шалтгаан бий.

Сүүлийн 28 жилийн хугацаанд Монгол Улсын засгийн газар дунджаар 1,4 жил ажиллаад огцорч байжээ. Мөн Ерөнхийлөгч нь хуульд хориг тавьдаг, хууль санаачилдаг,  хууль тогтоогчид нь төсвийн захирагч нар болчихдог  гэхчлэн гэм зэм бий.  Харин энэ бүхний буруутныг Үндсэн хуулийн заалттай холбон үздэг билээ.   

Иргэдээс ирсэн 5.6 сая саналын үнэ цэнэ

Эцэг хуулийн өөрчлөлтийг зөвхөн хууль тогтоогчид бус ард түмнээрээ хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Аль ч талаасаа энэ зөв. Энэ ч утгаараа  ард түмний оролцоог хангах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол гэж гарсан.

Үүнтэй холбоотойгоор  зөвлөлдөх санал асуулгын уулзалтыг  хоёр үе шаттай зохион байгуулсан байдаг. Тодруулбал,  2017 оны 06 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл Монгол улс даяар өрнөж, 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн иргэдийн дунд хэлэлцүүлэг  үргэлжилжээ. Мөн Монголын  Хуульчдын Холбоо хоёр удаа форум хийсэн.  Энэ бүхний дараа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар иргэдээс нийтдээ 5.6 сая санал ирсэн бөгөөд эдгээрийг ангилж багцлан  төсөлд тусгасан гэх мэдээг ажлын хэсгийнхэн  өгдөг. Тэдгээрээс хамгийн их давтамжтай зарим нэг саналыг дурдвал:

-Орхон аймгийг  хотын статустай болгох,

-Аймгийн төвийг  мөн хотын статустай болгох

-Газар нутаг, хүн амын тоог харгалзан засаг захиргааны нэгжийг дахин хуваарилах гэхчлэн.  Одоо ажлын хэсийнхэн эдгээр саналыг судалж байга ажээ.

Үндсэн хуулинд ямр өөрчлөлт орох вэ

Хамгийн анхаарал татаж байгаа нь Үндсэн хуулинд ямар өөрчлөлт орох вэ гэсэн эргэлзээ. Энэ удаагийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 1/3 буюу 20 гаруй хувьд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Эцэг хуульд орох нэмэлт өөрчлөлтийг  ерөнхийд нь доорхи 7 чиглэлд  хуваан үзэж болно. Үүнд:

1.УИХ болон гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх.

2.Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх

3.Шүүх засаглалын хараат бус байдлыг бэхжүүлэх

4.Улс төрөөс хараат бус төрийн албыг бэхжүүлэх

5.Улс төрийн намуудын  үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох

6.Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгож хуулиар тогтоож өгөх

7.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тогтолцоог  боловсронгуй болгох гэж ерөнхий чиглэлээр нь ангилж болно.

Эдгээр нь ерөнхий чиглэл, утгаар нь авч үзсэн бөгөөд хэрэв нарийвчилбал мөнөөх  Ерөнхийлөгчийн эрх мэдэл, яамдын тоо, сонгуулийн тогтолцоо,  давхар дээл буюу дордуулсан долоон өөрчлөлийг буцаах гэхчлэн асуудал багтана.

 Хоёр танхимтай парламент хийгээд Засаглалын тогтолцооны тухайд

 Иргэдийн сонирхдог  өөрчлөлт гэвэл энэ хоёр. Мөн Шинэ Үндсэн хуулийн тухай.  Зарим улс төрийн нам Шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулчихсан  хот хөдөөд  хэлэлцүүлээд явж байгаа.  Гэхдээ эдгээр  нь Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай  хуулийн хүрээнээс давсан асуудал гэдгийг ажлын хэсгийнхэн тодотгож буй.

Хоёр танхимтай болох асуудал  зөвлөлдөх санал асуулын үеэр дэмжигдээгүй гэсэн мэдээлэл бий. Харин засаглалын тогтолцооны тухайд  Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь дахиад бүхнийг тэгээс эхлэхтэй адил бөгөөд  төлөвшиж тогттолоо дахиад  олон жилийг үзэх учир иргэдийн хувьд анхнаасаа  дэмжээгүй аж.

 Сум, дүүргийн хуралд нам нэр дэвшүүлэхгүй

 Үндсэн хуулинд орох хамгийн магадлалтай нэмэлт өөрчлөлтийн нэг нь  сум дүүргийн  иргэдийн хуралд нам нэр дэвшүүлэхгүй байх явдал. Өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг байгуулах журамд  өөрчлөлт  оруулах  асуудлыг судалж байгаа аж.

Энэ  бол үндсэндээ иргэдийн хүлээлт.  Харин баг, хорооны Засаг даргыг шууд томилдог байхаар зохицуулалт  яригдаж байна.

 

Г.Хантулга

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу