|

Хуулиа барьж “цэвэрлэгээ” хийгээрэй, У.Хүрэлсүх сайд аа

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг УИХ нэг хоногийн дотор бүхэлд нь баталсан. Энэ хуулийн өөрчлөлтөөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гарган хууль, шүүхийн албан тушаалтнуудыг огцруулах, чөлөөлөх эрхтэй боллоо.   "Хонгил” гэж байдаг бол одоо ҮАБЗ-ийн гарт очсон гэсэн үг. Албан бус мэдээллээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ҮАБЗ-д үзүүлсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хуулийг санаачилж УИХ-д олонхыг бүрдүүлж буй МАН-ын бүлэг батлав.  АН-ын хувьд "Төрийг эрхийг хууль бусаар авч байгаа явдал” хэмээн хүчтэй шүүмжилж, чуулганыг орхиж гарсан. Гэхдээ тэр үйлдэл эсэргүүцэл гэхээсээ хууль үлэмж дэмжлэгтэй батлагдаж буй мэт харагдах нөхцөл үүсгэсэн юм.  Товчхондоо, У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Засгийн газрын сайд асуудлыг босгож, түүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төсөл болгож, эргээд У.Хүрэлсүхийн даргалдаг намын бүлгийн олонх батлаад өнгөрлөө. Хууль батлагдсаны дараа халаа сэлгээ ч шууд эхэлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг огцруулсан бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв.  Цаашаа ч олон хүнийг хамрах байх. Тэдний оронд хэн ч очсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт таалагдсан байх нь өнөөгийн нөхцөлд бол жам ёсны хэрэг. Ийнхүү иргэн, эрүү, захиргааны бүх шатны шүүх, хяналтын асуудлаар ирсэн гомдол бүрийг ҮАБЗ-ийн ажлын алба дүгнэж цэгнэх боломжтой боллоо. Албан бус шүүх гэж нэрлэж болмоор шүү.  Тэгвэл зарим улстөрч, хуульчдийн хэлж буй шиг Үндсэн хуулиар заасан төрийн эрх мэдлийн тогтолцоог уландаа гишгэж, дэг журам тогтоход юу нөлөөлөв. Ерөнхийлөгч хоёр хууль батлуулсны эхнийх нь УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцруулах хуулийн төсөл байсан. Удаах нь дээр дурдсан хууль. Гэхдээ эдгээр хуулиуд нь МАН-ын үнэмлэхүй олонхын дэмжлэгийг хүртээгүй бол чуулганы босгонд бүдэрчихээр эд.  Тэгэхээр Ерөнхий сайдын зорилгод дэмжлэг үзүүлэх зарчмаар оролцож, далимд нь өөрийнхөө санасанд хүрэх бодолтой яваа болов уу. Тухайлбал, ШХАБ-д Монгол Улс элсэх тухай асуудал, цаазын ялыг сэргээх санаачилга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт зэргээ эрх баригчдыг налж байж л хийнэ.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тэгвэл ямар эрх ашиг байж болох вэ. Өнгөрсөн жилийн намар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурж УИХ-д өргөн барьж байв. Тэр үеэр Ерөнхий сайд өрөөндөө хэвлэлийн хурал хийж "Ерөнхий сайд болсноосоо хойш 13 аймгаар явсан. Ард түмэн хоёр зүйлийг хүсэж байна.  Нэгдүгээрт, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж өгөөч ээ, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоож өгөөч гэж байгаа. Хоёрдугаарт, унаж байгаа эдийн засгийг сэргээж өгөөч, цалин мөнгө нэмж өгөөч, ядуурлаас ангижруулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад ард түмний хүсэж байгаа зүйл бол шударга ёс.  Надад хоёр зам байна. Нэгдүгээрт, ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө ам насаа хайрлахгүй тэмцэх эсвэл зарим нэг хүмүүсийг ажил амьдралтай байлгахын төлөө буулт хийж амьдрах. Би нэгийг буюу ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө амь насаа хайрлахгүй тэмцэх замыг сонгож байгаа. Шударга ёс тогтоохын төлөө ажиллах цаг болсон.  Хүмүүс ярьдаг МАНАН гэж байдаг гэж. Үнэн юм байна. МАНАН гэж байдаг юм байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Надад сэтгэлийн хүч байна. Албан ёсоор мэдэгдэхэд 60 тэрбумын бичлэг бол үнэн. Тэр бол эвлүүлэг биш. Хэрэгжүүлсэн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах байх. Би УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Улаанбаатар хотын Засаг даргыг огцрохыг шаардсан. Үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болсон.  Төрийн цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье. Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутаж байгаа. Дээр нь бас намаа цэвэрлэх ёстой гэж бодож байна. Нөгөө яриад байгаа 30 гэр бүл, Эрдэнэтийн хөрөнгийг зарж баяжсан эдгээр хүмүүс амь тэмцэн зүтгэж байна. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн. Би парламентын засаглалын дэмждэг. Гэхдээ бид парламентын засаглалыг боловсронгуй болгох цаг болсон. Бид 27 жил Үндсэн хуулиар амьдарсан. Гэхдээ амьдрал өөрчлөгдөж байна, өөрчлөх ёстой. Энэ бүхнийг мэдэрч, цаг алдалгүй энэ ажлыг эхлүүлэх ёстой” гэж байв.  Өнгөрсөн жил хэлж байсан үгсийнхээ ихэнхийг өдгөө биелүүлжээ. Ямар ч байсан намдаа байр сууриа бататгав. УИХ-ын даргаар Г.Занданшатарыг тавьж, хотын даргад С.Амарсайханыг зүтгүүлсээр суулгалаа. НИТХ-аас С.Мөнхчулууныг эхлээд дэмжсэн ч Ерөнхий сайд олонхын шийдвэрийг хүндэтгэлгүй дахиулж л байв. Нэг үгээр багаа бүрдүүллээ.  Харин одоо танхимын сайдаараа түлхүүлж, Ерөнхийлөгчөөр өргөн бариулж, УИХ-аараа батлуулсан хуулийнхаа хүрээнд ҮАБЗ-ийг үнэмлэхүй хүчтэй болгоод байна. Төрийн бүх шатанд нөлөөллөө тогтоох замдаа орлоо. Энэ Ерөнхий сайдын ярьсан "цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе байж мэднэ. Ардчилсан улсын хувьд бахархаад байх зүйл биш ч өнгөрсөн 30 жилийн төрийн албаны завхралыг засах ёстой юу гэвэл тийм. Тэр чиглэлд зоригтой ямар алхам хийхийг нь харах л үлдэж байна.  Мэдээж, өөрийнхөө амласан 60 тэрбум, 30 гэр бүл, МАНАН, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас авахдаа төрийн мөнгө ашигласан хэргүүдийг зүгээр орхихгүйн дээр олны дургүйг хүргэсэн ЖДҮ-чдийн асуудлаа шийдэх байх.  Нэгэнт хуулиар эрх мэдэлд хүрчихсэн ийм үед хууль барьж "цэвэрлэгээ” хийх ёстойг У.Хүрэлсүх сайдад сануулах ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван хүний 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг. Нэг нь зөвшөөрөхгүй бол шийдвэр гарахгүй. Хүч чадал төвлөрч, албан тушаалтнууд тонгойх хэрээр ҮАБЗ-ийн гурван хүн дотно нөхөрлөх нь аюултай.  Хууль шүүхийн байгууллагыг захирна гэдэг улстөрчдийг эргээд үзэмжээрээ эсвэл олон нийтийн шаардлагаар ажил хэрэгт хандах байдал үүсгэх боломжтой. Ийм болохоор л ямар ч хүч чадалтай байсан хуулийн дагуу ажиллаарай гээд байгаа хэрэг. Монголчууд өнөөдөр төрийн гурван өндөрлөгийг хүний хайлан болохоор нь дэмжээд тэтгээд, УИХ-ын non гишүүдийг ард түмэн шүтээд байгаа юм биш.  Нийт олны дийлэнхийнх нь амьдрал хүнд байна. Тиймээс амь амьжиргаа нь сайжрах болов уу, ажлын байртай болоосой гэж хүсэж байгаа юм. Үнэн, худал нь мэдэгдэхгүй их мөнгөний тоотой хэргүүдийн дуулианд нүд хорсож байгаагийн шалтгаан нь, тэр. Тэрнээс биш хувьсгалын үед хууль хэрэггүй гэдэг Ж.Батзанданг өөгшүүлэх хүсэлтэй эрүүл ухаантай хүн байхгүй.  Барь, хорь, дүүжил гэдэг сошиал армийн ихэнх нь тролл баг, мэдээлэлгүй хүүхдүүд шүү. Тэдэнд "шинэ мах” хаяж, нийтэд улам олон дайсан гаргаж өгөхөд ҮАБЗ анхаараад эхэлбэл улс орон сүйрэх зам руугаа явна гэдгийг бодолцох учиртай. Яваандаа хууль, шүүхийг ҮАБЗ атгасан энэ хуулиа цуцалбал зүгээр. Ардчилсан улс оронд, чөлөөт сонгуулиар эрх мэдэлд хүрээд хэрхэн ажилласныг нь хожим түүх үнэн мөнөөр нь цэгнэх билээ. 

Ж.Баяр 

Эх сурвалж: Үндэсний шуудан