|

Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Долоо хоногийн онцлох үйл явдлууд

 

Өнгөрөгч долоо хоног нийгэм болоод улс төрийн эргэн тойрон хөл хөдөлгөөн ихтэй өнгөрч байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу огцорч, чөлөөлөгдөөд байсан хуулийн байгууллагын удирдлагуудад нэр дэвшигчид тодорч, зарим хуулийн байгууллагад томилгоо хийгдлээ. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бол УИХ хаврын ээлжит чуулганыхаа нээлтийг хийлээ. 

Цэцэрлэг, ЕБС-ын багш нарын илүү цагийн нэмэгдлийг нөхөж олгохоор боллоо

Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан чухал шийдвэрийн нэг нь цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын илүү цагийн мөнгийг бодож олгох, мөн өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи илүү цагийг нөхөж олгох шийдвэр байв. Цэцэрлэгийн багш нар 07:30-19:30 цаг хүртэл ажиллаж, долоо хоногт 10, сард 40 цаг илүү ажилладаг байна. Оны эхнэээс мөрдөж байсан журмын дагуу цэцэрлэгийн багш нарын илүү ажилласан 24 цагийн нэмэгдэл олгогдохгүйгээр орхигдоод байсан бол өнөөдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу илүү цагийн нэмэгдэл бүрэн олгогддог болж дээр нь 1,2,3 дугаар сарын орхигдоод байсан илүү цагийн  нэмэгдэл нөхөж олгогдохоор болсон байна. Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 1435 цэцэрлэгт 22391 багш, ажилчид ажиллаж байгаа бөгөөд тэдний илүү цагийн нэмэгдэлд 14,755.9 сая төгрөгийг төсөвлөжээ.  Мөн түүнчлэн бага ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг олимпиадыг бүрэн хориглосон тогтоолыг гаргасан юм. 

Казино тоглосон төрийн удирдах албан тушаалтнууд болон төрийн албан хаагчдад хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас төрийн байгууллагад ажилладаг ажилтан, албан хаагч,  тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцох шийдвэр гаргасан. 

Үүнд иргэд, олон нийтийн хяналт чухал гэдгийг Ерөнхий сайд онцолж, холбогдох сайд нарт үүрэгт болгосон юм. Энэхүү шийдвэрийг гаргах болсон зорилго нь гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй, төрийн албан хаагчид дипломат ёс жаягийг нийтээр дагаж мөрддөг болохын зэрэгцээ зөрчсөн тохиолдолд төрийн албан хаагч өөрөө сайн дураараа ёс зүйн хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.

ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэн томилогдлоо

Мөн Засгийн газрын хуралдаанаар нэгэн томилгоо хийгдсэн нь ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилов. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор аж.

1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан.

ШШГЕГ-ын  Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай байна. 

Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилж, Б.Амгаланбаатарыг Ерөнхий прокурорын орлогчоос огцрууллаа

Өнгөрсөн баасан гаригт хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр энэ чуулганы үеэр ШХАБ-т хүчээр элсүүүлнэ гэдэг нь ойр үндэслэлгүй яриа юм гэдгийг онцоллоо. Мөн хаврын чуулганаар нэгэн томилгоо хийгдсэн нь Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томиллоо. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг албан тушаалаас нь огцрууллаа. 

Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас "Стандарт банк"-ны 40 сая ам.долларыг төлж барагдуулав

Хаврын чуулган нээхтэй зэрэгцэн "Стандарт банк"-ны өрийг төлж барагдуулсан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийв. Тодруулбал, Жаст группын Ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд африкийн "Стандарт банк"-тай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нийт 160.1 сая долларыг авсан байдаг. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй учраас "Стандарт банк" 2013 оны долдугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандаад Арбитрын шүүхээс батлан даалтаар оролцсон Эрдэнэт үйлдвэрийг төлж барагдуул гэсэн шийдвэрийг гаргажээ. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг шилжүүлж, өрийг нь барагдуулсан байна. 

АН-ын "Онц их хуралдай" нэртэй эсэргүүцлийн жагсаал боллоо

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 5-ны өдөр АН-ын "Онц их хуралдай" нэртэй эсэргүүцлийн жагсаал боллоо. Сүхбаатарын талбайд эхэлсэн жагсаал төв талбайгаас төрийн ордоноо гороолсноор дууссан. Тус жагсаалыг АН-ын удирдлагууд Ерөнхийлөгч Х.Баттулга болон эрх баригч МАН-ын хууль бус үйлдлийг эсэргүүцэн жагсахаа мэдэгдсэн. Тухайлбал, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ийн луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт  зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй эмх замбараагүй байдлыг эсэргүүцсэн АН-ынхан төв талбайгаас дуу хоолойгоо хүргэсэн юм.

Зөвшөөрөлгүй газ худалдаалж байсан "СИНЧИ ГАЗ" хий алдаж, ОНЦ НӨХЦӨЛ БАЙДАЛ үүсэв

Өнгөрсөн мягмар гаригт СХД-т үйл ажиллагаа явуулдаг "Синчи газ" шатахуун түгээх станцаас газ алдагдсан хэрэг гарсан. Уг асуудлаар МХЕГ-ын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд мэдээлэл өгсөн. Түүний өгсөн мэдээллээр тус ШТС нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, газ худалдаалагдаж байсан нь тогтоогдсон юм. 

"Синчи ойл" компани нь 7 салбартай бөгөөд Баянхошуу дахь "Синчи газ"-аас хий алдагдсан байна. Хий алдагдсан даруйд онцгой байдлын гал унтраах аврах ангийн баг хийн тархалтыг саармагжуулах арга хэмжээ авч ажилласан байдаг. Урьдчилсан байдлаар хий агуулж байсан саванд цуурал үүссэнээс хий алдагдсан гэж үзэж байгаа аж. МХЕГ-аас тухайн цууралт нь шинэ цууралт уу, өмнө нь байсан цууралт уу гэдгийг шинжлэн дүгнэлт гаргах юм байна. Одоогийн байдлаар хий алдагдсан хэмжээ тодорхойгүй, саармагжуулах бодис цацсан учраас хамрах хүрээг тогтоох боломжгүй байгааг албаны хүмүүс хэллээ. 

"Синчи газ"-ыг зөвшөөрөлгүй газ худалдаалсан хэмээн үзэж НМХГ-аас зөвшөөрөлгүй худалдсан газын орлогыг улсын орлогод хурааж авахаар прокурорын газарт хүсэлт явуулжээ.

"Тод каннам" эмнэлэг зөвшөөрөлгүй байж мэс засал хийж байгаад хүний аминд хүрэв  

29-хөн настай бүсгүй арьсан доорх өөхөө соруулах мэс засал хийлгээд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж байсан эмэгтэйн зүрх нь зогсож, Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад энэ сарын 1-ний өдөр нас барсан байна. 

"Тод каннам" эмнэлэг нь тусламж үйлчилгээний чиглэлд заагдсанаас өөр ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн, анх тусгай зөвшөөрөл авахдаа БЗД-т үйл ажиллагаа явуулна гэж авчихаад тухайн байршилдаа үйл ажиллагаа явуулаагүй, гоо сайхны нөхөн сэргээх чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ. 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу