|

Багш нарын VII Их хурлаар багшийг хөгжүүлэхээс эхлээд сахилга хариуцлагын асуудлыг ч хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 25 дугаар захирамжаар Монголын багш нарын VII их хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдөр Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Төрийн ордонд "Сайн багш сайхан ирээдүй” уриатайгаар зохион байгуулна. Багш нарын Их хурлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөл Хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл өглөө.

Сайд, багш нарыг хөгжүүлэх, урамшуулах асуудалд Монголын төр засаг үргэлж анхаарлаа хандуулж ДНБ-ний 20 хүртэл хувийг боловсролын салбарт зарцуулж, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлж ирсэн. Энэ удаагийн их хурлаар багш нарын хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулах голчлон хэлэлцэж тодорхой шийдлүүд гаргана. Мөн багшийн хөгжлийн асуудал яригдана. Багш өөрийгөө хөгжүүлэх мэргэжлээ дээшлүүлэх тал дээр манай улс нэлээд ахиц гарсан орны тоонд ордог. Их дээд сургуулийн багш нарын мэдлэг чадварын асуудал, нийт багш нарын сахилга хариуцлага, боловсролын салбарын хууль эрх зүйн орчны гээд олон асуудлыг хэлэлцүүлнэ гэлээ.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Манай улсад нийтдээ 47000 гаруй багш ажиллаж байгаагаас 800 гаруй төлөөлөгч их хуралд оролцоно. Хурлын төлөөлөгчдийн 70 хувь нь багш нар бол 30 хувь нь удирдах албан тушаалтан байгаа. Аль болох олон багшийн саналыг сонсохын тулд урьдчилаад 14 хоногийн өмнөөс биеэр, захидлаар, цахимаар, сонгогдсон төлөөлөгчөөр гэсэн хэд хэдэн хувилбараар бид багш нараас санал авсан. Тэдний саналыг нэгтгэж хурлаас гарах шийдвэртээ тусгах болно. Хүний нөөцийн цөм болсон багш нарынхаа асуудлыг дорвитой шийдэх үр дүнтэй хурал болно гэдэгт зохион байгуулагчдын зүгээс итгэлтэй байгаа гэв.

Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулж байжээ. Анхны хурал 1935 онд болсон бол сүүлчийн хурал 1996 онд хуралджээ.

2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм. Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр сүүлийн 16 жилд 3 удаа өөрчлөгдсөний үр дагавар, сургамж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулах асуудлыг VII Их хурлаар хэлэлцэнэ.

Шинэ цаг үе, нийгмийн шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх (2030 оны иргэн), тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилгыг тодорхойлох, багш бэлтгэх тогтолцоо, бодлогын үр ашигтай хувилбараас гадна, Багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлт, багшийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх боломжийг мөн хэлэлцэх юм.

Монголын багш нарын VII их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын багш нарын холбоо, Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ахмад багш нарын холбоо, Монголын залуу багш нарын холбоо хамтран оролцож байна. Хурлаас бодит, ажил хэрэг болох зөв шийдэл, үр дүн гарна гэсэн хүлээлт багш нарын дунд байна.