|

Цэргээр төмөр зам бариулах санаа нь л супер

 

Х.Баттулга 2015 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Либерал хаус клуб дээр "Нэг цэрэг-Нэг үндэстэн” сэдвээр лекц тавьж, цэргүүдийг барилга, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтад ажиллуулна гэж байв. Энэ яриа ажил хэрэг болохоо шахаж тухайн үеийн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд /одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга/ "Гашуун сухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн гэсэн гурван чиглэлийн төмөр замыг тавихад 10 мянга орчим ажлын байр бий болно. Энд цэргийн жинхэнэ албанд татагдсан залуучуудыг ажиллуулъя” гэж байв.

Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо өөрийг нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнх нь хувьд хүндэтгэл үзүүлэн Сүхбаатарын талбайд парад хийсэн армийн албан хаагчдын өмнө индэрээс "Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зориулалт бүхий цэргийн анги, салбарыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь зохицсон цэргийн болон тусгай техникээр хангах, улмаар цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулан ажиллах хүчний мэргэшсэн нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн "Нэг цэрэг-нэг үндэстэн” зэрэг  хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна” гэсэн байдаг.

Үүнийгээ ч Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ онцлон хэлсэн нь сүүлийн хоногуудад магтаал, шүүмжлэл дагуулаад байна. Төмөр замын ажлыг бага зардлаар гадаадаас ажиллах хүч авахгүйгээр дотоодын хүч бололцоогоо ашиглаад хийнэ гэвэл үнэхээр зөв. Гэхдээ илүү амалж, асуух зүйл нэлээд байна. 

Цэргээ барилгачин болговол Монгол Улс зургаан жилийн цэргийн нөөцөө алдах уу?

-Цэргийн жинхэнэ албанд залуусыг яах гэж жилд хоёр удаа татдаг билээ. Залуучуудыг буу, сумтай харьцаж сургах, эх оронч үзэл төлөвшүүлэх, багийн ажиллагаа, тэсвэр хатуужил суулгах, захирах захирагдах ёс, дэг журамтай болгох гэж. Ерөөсөө дайн байлдааны үед ашиглах цэргийн нөөцөө бэлдэх гэж. Ийм хэмжээний цэргийн боловсрол эзэмшүүлэхэд одоогийн нэг жил хүрэлцэхгүй байгаа тухай Жанжин штабынхан жиг жуг хийдэг. Ийм байхад нэг жилийн цэргээр төмөр зам тавиулна гэдэг бол сонин л гаргалгаа сонсогдож байна. Ерөнхийлөгч саяын уулзалтаараа, цэргийн албыг гурван жил болгож, цэргүүдэд хоёр саяын цалин өгнө гэж байна. Ажилгүйдлийн хямралыг сааруулж, цэргээс зугтдаг, ажилгүй залуучуудыг ажлын байраар хангах сайхан санаа байж магадгүй. Гэхдээ төмөр замыг гурван жилийн дотор барьж амжихгүй. Боловсон хүчнээ бэлтгэж, ажиллуулах гэсээр байтал дор хаяж 4-6 жил шаардана. Тэгэхээр Монгол Улс зургаан жилийн цэргийн нөөцөөрөө замын ажил хийлгэнэ гэсэн үг үү. Цэргийн боловсон хүчний нөөц тэр хэмжээгээр замын ажилчин болно гэсэн үг үү.

Төмөр зам дээр ажиллахгүй цэргийг Эрүүгийн ялаар шийтгэх үү?

-Өөр нэг зүйл. Залуучуудыг цэргийн албанд татахдаа Эрүүгийн хууль сануулсан зарлан дуудах өгдөг. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуульд ч тэр, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ч тэр санкц нь хэвээрээ яваа. Тодруулбал, шинэ Эрүүгийн хуулийн 28.6.1-т заасан "Цэргийн алба хаагч өөрийн биед гэмтэл учруулах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг үйлдэж ашиглах зэргээр хууран мэхэлж цэргийн албанаас зайлсхийсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг сануулж цэрэгт татдаг.

Эрүүгийн хууль тулган цэргийн албанд авчирсан залуучуудад цэргийн боловсрол олгох биш төмөр зам, барилгын хар ажил хийлгэх нь хэр зүйтэй бол. Нөгөө талаар татагдаж очсон залуучууд төмөр зам дээр ажиллахгүй гэвэл яана. Тангараг өргөсөн цэрэг ангийн захирагч, салааны ахлагчийн тушаалыг заавал биелүүлэх ёстой. Хэрэв цэргийн дүрэм зөрчиж удирдлагын үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ялтай.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 28.1.1-т "Цэргийн дүрмийн дагуу дарга, захирагчийн өгсөн тушаалыг захирагдагч биелүүлээгүйн улмаас цэргийн албаны ашиг сонирхолд хор уршиг учруулсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.

28.1.2-т "Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдвэл 1-5 жилийн ялтай” гэж бичжээ.
Төмөр зам дээр ажилла гэж үүрэг өгсөн захирагчийнхөө даалгаврыг эсэргүүцэж хүч хэрэглэхээр заналхийлэх, хүч хэрэглэж зодвол Эрүүгийн хуулийн 28.2-т зааснаар 1-5 жилийн хорих ялтай. 

Ялтанг албадан хөдөлмөрлүүлэхийг хориглосон. Цэрэгт хориглох уу? 

-Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенциуд "албадан хөдөлмөрлүүлэх”-ийн эсрэг. Манай улс ч ялтнуудыг албадан хөдөлмөрлүүлэх, ялангуяа Хуулийн сайдынхаа зуслангийн байшинг бариулахыг хориглосон. Монголын Хүний эрхийн үндэсний комиссынхон хорих ангиудад хоёр жилийн өмнө шалгалт хийсэн. Тэгэхэд зарим анги ялтанд оноосон сахилгын шийтгэлээ албадан хөдөлмөрөөр биелүүлсэн юм билээ. Иймээс ХЭҮК-ийнхон шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудад дахин ийм зүйл гаргуулахгүй байх тухай сануулга өгөөд орхисон. Яг үүн шиг залуучуудыг Эрүүгийн хууль сануулж цэрэгт татаад, цэргийн гэмт хэргээр айлгаж төмөр зам дээр ажиллуулбал Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенц зөрчигдөхөд хүрнэ шүү. 27 жил ардчиллын голыг туучиж, гаднаа ардчилсан улс гэж харуулдаг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь, гадаад улсад Монголыг төлөөлдөг Төрийн тэргүүн нь, армийн хананд зургаа өлгүүлсэн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нь барилгын цэргийн командлагч, хөдөлмөрийн лагерийн захирагч болох вий, та минь.

Төр нь бизнесийнхний ажлыг булаасаар байх уу? 

-Хойд Солонгост эрчүүдийг 10, эмэгтэйчүүдийг таван жилээр цэргийн алба хаалгадаг. Алба хааж байгаа цэргүүд бэлтгэл сургууль, сүрт жагсаалаа хийнэ, тэр доторхой. Гэхдээ цэргүүд нь улсын бүтээн байгуулалтадаа гар бие оролцдог. Төр нь аж ахуйн нэгждээ зах зээл өгөхгүй, бүх ажлыг төр нь булааж авч хийдэг учраас тэнд хувийн бизнес хөгждөггүй. Ардчилсан намаас нэр дэвшсэн ардчилсан Ерөнхийлөгч, МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын амнаас унасан үгээр бол яг үүн шиг төмөр зам тавих ажилд аж ахуйн нэгжийг биш, цэргийн хүчийг ашиглаж төр бизнесийг нь булаах нь ээ. Баялаг бүтээгчдээ дэмжинэ, тэднийг зах зээлийг хамгаална гэж Ардчилсан намынхан хамгийн их ярьдаг. Ерөнхийлөгч бол намаасаа татгалзсан, бүх ард түмний төлөөлөгч. Гэлээ гэхдээ өмнөө тунхагласан үзэл баримтлал, хувьд зүтгэсэн бизнесийн зам мөр нь арилаагүй байлтай. Чөлөөт өрсөлдөөн, мэргэжлийн онцлог, төрийн үл үзэгдэх гарыг мартлаа гэхэд цэргүүдээр нүүрс шуудайлуулж, түүнээсээ мөнгө цохиж Багануурыг алдагдалд оруулсан жишээ саяхны л "Нүүрс” хөтөлбөр. Цэрэг дэгтэй, татаад авчирсан хойно нь захирч тушаагаад ажиллуулж болно. Гэхдээ ажлын байр нэмж, татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдийнхээ урдуур төр нь орж бизнес хийдэг явдал хаанахын коммунизм бэ. Саяхан хүртэл Х.Баттулга Ерөнхийлөгч армийн усны үйлдвэрийн нээлтэд очоод л амжсан. 

Эсрэгээрээ ажилгүй залуучуудаа МСҮТ-д бэлтгэж, хоёр саяын цалинтай ажиллуулъя 

-Ийм учраас ганцхан жилд олгодог цэргийн "боловсрол”-ыг цэрэгтээ л олгоё. Манай улс хэдийгээр хоёр хүчирхэг гүрний цайз, хэрмийн дунд тайван байгаа хэдий ч хэн мэдлээ, хоромхон хугацаагаар ч хамаагүй цэргээ л бэлдэе. Барилгын цэрэг гэж байгаа л даа. Гэхдээ цэргийн зориулалтын зам, барилгаас бусад ажилд тэднийг ажиллуулах нь хуулиар хориотой. Ерөөсөө төмөр зам тавих ажлыг аж ахуйн нэгжүүдэд, хөдөлмөрийн насны бусад залуучуудад үлдээе. Эдийн засаг хямарч олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Ажил хайсан залуучууд гадуур өчнөөн байгаа. Ийм залуучуудыг аймаг бүрт байгаа Мэргэжил сургалтын төвүүдээр бэлдэж, тэднийг цалинжуулж төмөр замаа тавья. Төмөр зам барихад цаг хугацаагаа хэмнэх хэрэгтэй. Хүнээр бариулахад хугацаа алдана гэж үзвэл техникийн хүчээр ч барьж болно. Ингэвэл ажилгүй залуучууд ажилтай болно. Цэрэгт биш тэдэнд хоёр саяыг нь өгье. Бас батлан хамгаалах бодлогоо ч гуйвуулахгүй.

Г.Улсболд