|

Баячуудын өрийг "барлаг"-ууд нь төлдөг жишиг тогтчих вий

 

"Стандарт” банкны өрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төллөө. Яаж зүгээр байхав, үүнийг тойрсон эргэлзээ бас явж л байна. Тухайлбал, зуучилсан  компанид 40 саяыг өгч харин Стандарт банкны үндсэн өр болон хүүнд зэсийн баяжмал өгөх болсон гэх яриа явж байна.  Аль нь ч бай, Монгол Улсаас ямар ч үр ашиггүйгээр гарч буй мөнгө. 40 сая ам.доллар гэдэг ядарсан Монголд бага мөнгө биш. Үүгээр юу барьж болохыг багцаалбал нэлээдгүй том бүтээн байгуулалт болно. Ойролцоогоор  тэр Замын цагдаагийн газрын дэргэд барьж байгаа гүүрэн гарц нэг иймэрхүү өртөгөөр босч байгаа байх.

Цагтаа Монголын толгой баячуудын нэгээр нэрлэгдэж, Ерөнхий сайд асан С.Баярын баруун гарын дүү гэгдэж явсан Ш.Батхүүгийн  "баас”-ыг Монголын төр ингэж цэвэрлэв.

Ерөөс төрийн мөнгө гэж ч юу билээ, татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг. Энэ 40 сая доллар Эрдэнэтийн эрсдлийн сангаас гарсан, гэхдээ энэ Монголын хөрөнгө.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр энэ өрийг Ш.Батхүүгээр нөхөн төлүүлнэ гэлээ. Харин  "байдгаа барсан” гээд байгаа энэ нөхөрт  тэр 40 сая байгаа эсэх нь эргэлзээтэй. Одоо тэр хүнд  хоёр чихнээс өөр юу байгаа нь  тодорхойгүй.

Зарим нэг мэдээллийн эх сурвалжид дурдснаар  160 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө байсан гэх.  Гэвч тэр бүгдийг, үл хөдлөх хөрөнгүүдээ өр зээлэнд бусдад шилжүүлсэн гэдэг. Үүнд нь хуулийн байгууллагын ажилтнууд оролцсон гэж яригддаг. Товчхондоо хөрөнгөө төрөөс төөрөлдүүлчихсэн юм биш биз гэж бодогдож байна.  Ийнхүү бүдгэрч,  хаяг хамаарал нь өөрчлөгдсөн өмчийг нь төр дахин шалгаж нягтлана гэж байна. Үнэхээр  нуусан далдалсан нь ил гараад төрийг хохиролгүй болговол  сайн л байна.

Ерөөс төрийн мөнгө  гэж ч юу билээ, татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг.  Энэ 40 сая доллар Эрдэнэтийн эрсдлийн сангаас гарсан, гэхдээ энэ Монголын хөрөнгө.   

"Стандарт”  банкны өрийн  ар талд арайхийж гармагц  ахиад л бөөн гарлага Монголын төрд нүүрлэж байна.  Тэр нь "Капитал”  банкны дампуурал.  Зарлагын үүд нь нээгдчихсэн юм шиг байна даа. 

Сангийн сайдын мэдээлснээр Капитал банкинд төрийн данстай 340 тэрбум төгрөг байршиж байжээ. Тодруулбал,

-Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг,

-Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум,

-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дөрвөн тэрбум,

-МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг зэрэг нийт дүнгээрээ 340 орчим тэрбум төгрөг байжээ. Мөн өчнөөн олон харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгө санхүү бас байх учиртай. Бидний нүдний далд юу явагдаж, юу болдгийн тод жишээ "Капитал”  болов.  Нийт банкны системийн дөнгөж 1,1 хувийг эзэлдэг гэх энэ  жижигхэн банк төрийн 400 тэрбум төгрөгийг ганцаархнаа хусчихсан байгаа юм. Арай л хэтэрхий.  Арилжааны бусад банкинд юу болж байдаг юм бол доо, хөөрхий.  

"Капитал”-ын хийсэн үйлийн үрийг Монголбанк үүрэхээр болж байна. Монгол банкны мөнгө ч бас л төрийн мөнгө шүү дээ.

Нөгөө "Хүргэн хүү”-гийн Жамц баяны "Хорь гучин шарыг минь  хоёрхон хулгана идчихлээ гэж үү” гэдэг шиг ийм их хэмжээний мөнгөөр хувийн ганцхан банк гараа угаачихсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Капитал” банкны дампуурлыг "Итгэмээргүй явдал”  хэмээн тодорхойлсон нь ийм учиртай.  Тэрбээр энэ асуудлаар "Баялаг бүтээгчид татвар төлж, ажилчид өөрсдийн эрүүл мэнд, нийгэмд зориулж татвар төлж байхад хэн нэгэн албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж дундаас нь мөнгө хүүлж, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх нь хууль бус. Энэ бол эдийн засгийн том гэмт хэрэг” хэмээн  хэлнэ билээ.

УИХ-ын ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир "Банкны эзэд хариуцлагаа хүлээх ёстой” гэдгийг бас хэлсэн.

Хөгшчүүлийн тэтгэвэр,  иргэдийн эрүүл мэндийн даатгалын тэр их мөнгийг  хэн бидэнд өгөх вэ? Лав л УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Капитал”-д хувь эзэмшдэггүй гэж  улаан цайм мэлзэнэ билээ, тэгэхээр тэр өгөхгүй гэсэн үг. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ цагаан дээр хараар бичснээс ийнхүү буцав.

Тэгэхээр "Капитал”-ын хийсэн үйлийн үрийг Монголбанк үүрэхээр болж байна. Монгол банкны мөнгө ч бас л төрийн мөнгө шүү дээ.  

Одоогоор "Капитал” банкны хохирогчид шаардлага хүргүүлж,  банкны барьцаа хөрөнгө болон  чанаргүй зээлдэгчдийн талаархи мэдээллийг ил болгохыг шаардаж байгаа. Хэдэн жилийн өмнөх Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал шиг  олон иргэнийг хохироох вий гэсэн болгоомжлол  байх шиг байна.

"Капитал”-ын эргэн тойронд  дэгдээд буй "гал”-ыг Монгол банк эхний удаад  намжаах нь тодорхой. Гэхдээ үүнтэй  холбоотой хохирол бүрэн шийдэгдэнэ гэдэг худлаа. Адаглаад л хадгаламж эзэмшигчид  хүүгээрээ хохироод үлдэх бол  наад захын асуудал.

Цаашид Монголд  банк дампуурахгүй гэх  баталгаа байхгүй. Тэр бүрийд улс хохироод үлдэх үү. Хүний хөрөнгөн дээр хөлөө олсон баячууд  банкаа дампууруулж, хохирлоо төрөөр төлүүлдэг жишиг тогтчихгүй биз гэдгийг дахин дахин сануулмаар юм байна.  Тийм эрх зүйн орчин, хариуцлагын тогтолцоог  илүү боловсронгуй болгомоор байна.  

Г.Хантулга