|

Далайн ёроолоос F-35 нисэх онгоцыг гаргах хүнд хэцүү ажил Японд эхэлж байна

Хоёр хоногийн өмнө Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний F-35 сөнөөгч онгоц сургуулилалтын нислэг үйлдэж байхдаа сураггүй болсон билээ.

Одоогоор онгоцны багахан хэсэг далайн мандалд хөвж байсныг илрүүлсэн бөгөөд үлдсэн ихэнх хэсэг далайн ёроолд байгаа гэж таамаглаж байгаа юм. Сөнөөгч онгоц яагаад ямар ч мэдээлэл дохио өгөлгүйгээр радараас алга болсон нь нууц хэвээр байна. Бас нисгэгчийг одоо болтол олоогүй байгаа юм.

$100 саяын үнэтэй онгоцны ихэнх хэсэг болон хар хайрцаг далайн мандлаас 1,500 орчим метрийн гүнд байгаа гэж албаныхан үзэж байна. Мягмар гарагийн орой шөнийн сургуулилалтын нислэгт дөрвөн ширхэг F-35 онгоц Аомори мужийн Мисава дахь агаарын баазаас хөөрсөн юм. Хөөрснөөс 28 минутын дараа буюу 19:37 цагийн орчимд нэг онгоц нь радарын дэлгэцнээс алга болжээ.

Радарт илрэхгүй нисэх чадвартай АНУ-ын Lockheed Martin компанийн орчин үеийн сөнөөгч онгоц сургуулилалтын горимд нисэхдээ байрлалаа тогтмол мэдээлж байх ёстой гэнэ.

Эргээс 136 км зайд хангалттай өндөрт нисэж явахдаа осолдсон онгоцонд техникийн ямар нэг асуудал гарсан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд таамаглажээ. Нисгэгч нь 3,200 цагийн нислэг үйлдсэн туршлагатай боловч F-35 онгоцоор дөнгөж 60 цаг нисээд байсныг албаныхан мэдээлж байна.

Одоо Японы агаарын хүчин далайн ёроолоос онгоцны үлдэгдлийг гаргахын тулд далайд аврах ажиллагаа явуулдаг тус улсын хоёр том компанийг хөлслөөд байна.

Тэдний нэг болох Fukuda Salvage and Marine Works компани 100 жилийн түүхтэй, Орос-Японы дайнд живсэн хөлгүүдийг далайн ёроолоос гаргах ажил гүйцэтгэж байжээ. Нөгөө компани болох Nippon Salvage нь F-35 онгоцыг угсарсан Mitsubishi Heavy Industries компанитай холбоотой байгууллага юм байна.

Тэдний мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар онгоцыг гаргах ажиллагаа ямар хугацаанд хэрэгжиж дуусах нь маш олон хүчин зүйлээс хамаарах ажээ. Тухайлбал их өндрөөс унасан тул онгоц олон хэсэг болсон байх магадлалтай. Салсан хэсэг бүрийг цуглуулна гэвэл нэлээд их ажил орох гэнэ. F-35 нь АНУ-ын хамгийн орчин үеийн зэвсэг, ашигласан технологи нь нууцад хамаарах тул хэлтэрхий бүрийг далайн ёроолоос цуглуулах шаардлага тавигдаж болзошгүй байна.

Японы зэвсэгт хүчин хуучирсан байлдааны онгоцнуудаа шинэчлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд 12 ширхэг F-35 худалдан авч, анхны эскадрилийг байгуулаад байсан юм.

Эх сурвалж: Japan Today