|

Хятадын үзэгчид “Game of Thrones” цувралын 6 минут хассан хувилбарыг үзжээ

Даваа гарагт дэлхийн олон орны иргэд HBO компанийн "Game of Thrones” цувралын сүүлчийн бүлгийг үзэж эхэлсэн билээ.

Цуст тулаан, ил задгай үзэгдлүүдээрээ алдартай энэхүү уран зөгнөлт бүтээлийг Хятадын эрх баригчид үзэл суртлын шалгуураар танаж үзүүлсэн нь тус улсын фэнүүдийг бухимдуулсан байна.

Tencent компанийн стриминг сувгаар үзүүлсэн хувилбар HBO сувгийн эх хувилбараас 6 минутаар богино байгааг иргэд гомдоллон хэлэлцэж эхэлжээ.

Хятадад үзүүлсэн хувилбар 48 минутын урттай байсан бол оригиналь хувилбар нь 54 минутын урттай байгааг тэд сошиал сүлжээнд бичиж байна.

HBO компанийн вэбсайт Хятадын интернэт ертөнцөд хаалттай байдаг. Гэхдээ зарим иргэд нь улсынхаа интернэтийн хаалт хязгаарлалтыг янз бүрийн аргаар нэвтэлж үзсэнээ бусадтайгаа хуваалцжээ.

Эх сурвалж: AFP

Э.СЭМҮҮН, IKON.MN