|

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив

 

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 10 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Эхлээд Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Б.Ундармаа, Л.Элдэв-очир нар ажилласан байна. Хоёр удаа хуралдсан ажлын хэсэг хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зарим зүйл, заалтыг нь Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулиудад нийцүүлэх, уялдааг хангах, зөрчил давхардлыг арилгах, үг найруулгыг засах, томъёоллыг ойлгомжтой болгох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэв. Түүнчлэн төсөлд "Аж ахуйн нэгж, байгууллагын хориглох зүйл” гэсэн шинээр нэмсэнтэй холбогдуулан хууль болон тогтоолын зарим төслийг боловсруулах шаардлага үүссэн талаар танилцуулгад дурдсан юм. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар зарим зүйлийг тодруулан ажлын хэсгээс хариулт авав. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар нэр томъёог олон улсын стандартын дагуу нэгтгэн, хэмжлийн нэгж, хэмжлийн нэгжийн эталон, стандартчилсан загвар, нэгж дамжуулалт, хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалын талаарх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн салбарын ажлын давхардал, хийдлийг арилгах чиглэлээр зарчмын зохицуулалтуудыг багтаасан болохыг ажлын хэсэг тайлбарлалаа. Салбарын төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хэмжил зүйн талаар хүлээх эрх, үүргийн талаар төсөлд тодорхой зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааг эрхлэхгүй аж. Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэх юм байна. Харин хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэмжил зүйн хөгжлийн стратеги, бодлого боловсруулах, батлуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн дэргэдээ хэмжил зүйн үндэсний хүрээлэн, хэмжил зүйн мэдээллийн санг ажиллуулахаар төсөлд тусгажээ. 

    Үргэлжлүүлэн төслийн талаар ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, "хэмжил зүй” гэж хэмжлийн тухай шинжлэх ухаан, түүний хэрэглээг” гэсэн төслийн 3.1.1 дэх заалтыг хасахыг, "хэмжил зүйн хяналт шалгалт гэж хэмжил зүйн салбарт төрөөс хууль эрх зүй, зохицуулалтыг хэрэгжүүлэх дадал, үйл ажиллагааг” гэсэн 3.1.11 дэх заалтыг хасахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төслийн зарим зүйл заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналуудын гишүүдийн олонх дэмжсэн. Санал хураалтын явцад ажлын хэсгийн зарим саналын томъёоллыг татах шийдвэр гаргасан бөгөөд хуралдаан даргалагч саналын томъёоллуудыг дахин боловсруулах чиглэл өгснөөр Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. 

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Дараа нь Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан. 

    Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд тус бодлогын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн  төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулан хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Түүнчлэн, "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.3 дахь хэсэгт "Эдийн засаг, бизнес, худалдаа, өмч, санхүүгийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль тогтоомж, шийдвэрийг засч сайжруулна” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны "Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хэсэг байгуулах тухай” А/67 дугаар тушаал баталсан байдаг. Уг судалгааны ажлын хэсэг нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай гэсэн эрдэс баялгийн салбарын 10 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл тогтоосон байна.

    Судалгааны багийн ажлын тайланд дурдагдсан нийт 567 давхардал, хийдэл, зөрчлийг зайлшгүй зохицуулах шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулсан байна.  

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах бүрэн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт буцааж олгох талаар холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хэд хэдэн журмыг батлах эрхийг олгохоор мөн холбогдох хуулийн төсөлд тусгаад байгаа гэв. Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн тухай зохицуулалтыг оруулаагүй, орхигдуулсныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаарх гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулж, стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус гэрээг сум, дүүргийн Засаг даргатай байгуулахаар тусгасан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан.

    Газрын тосны тухай хууль болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн зөрчлийг арилгах үүднээс Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт "Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийг зарцуулах, сургалтын урамшууллыг зарцуулах” гэсэн журмуудыг батлахаар тусгасан байна. Эдгээр журмыг баталж мөрдүүлснээр төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх зүйн орчин тодорхой болж, зарцуулалт нь ил тод болно. Сургалтын урамшууллыг зарцуулах журам батлагдсанаар газрын тосны салбарын мэргэжлийн хүний нөөц үе шаттайгаар нэмэгдэж, гадаадаас авах ажиллах хүчний тоо буурах аж. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны бүтээгдэхүүн болох шатахуун, шатдаг хий, тусгай шингэний нэр томъёог тодорхойлон оруулж байгаа бөгөөд ийнхүү тодорхойлсноор шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны тусгай зөвшөөрөл олголт болон газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, импорт зэрэг үйл ажиллагааны нэршил, зохицуулалт ойлгомжтой болно хэмээн үзсэн байна. Хэрэглэгчдийг чанартай шатахуунаар хангах үүднээс чанарын хяналт тавих эрхийг төрийн захиргааны байгууллагад олгохоор хуулийн төсөлд тусгаэнн. Чанарын шаардлага хангаагүй газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах асуудлыг цэгцлэх зорилгоор газрын тосны бэлэн болон завсрын бүтээгдэхүүний тодорхойлолтыг хуулийн төсөлд шинээр тусган завсрын бүтээгдэхүүний импорт, худалдаа, үйлдвэрлэлийн зохицуулалтыг нэмсэн байна. Түүнчлэн хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай боловч батлах эрх олгогдоогүй шатдаг хий, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанарын хяналт,  мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор холбогдох журмыг батлах, мөрдүүлэх эрхийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгохоор хуулийн төсөлд тусгажээ. 

    Төслүүдийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжуудын хийдэл, зөрчил, давхардлыг арилгаснаар ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно гэдгийг салбарын сайд танилцуулгынхаа төгсгөлд онцоллоо. 

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Б.Дэлгэрсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, хуулийн хийдэл, зөрчлийг арилгахын зэрэгцээ салбарын хүрээнд нэн тулгамдаад буй шороон ордын ашиглалтыг хязгаарлах, үндсэн ордыг дэмжих, нэн ховор элемент, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг олгох зохицуулалт гэх зэрэг олон асуудлыг бодлогын түвшинд цэгцлэх шаардлага бий гэдгийг Я.Содбаатар гишүүн хэлж байв. Алтны жижиг уурхайнуудын учруулж буй хор уршиг, үүнийг холбогдох байгууллагууд нь үл хайхарч арга хэмжээ авахгүй, зарим тохиолдолдолд хуйвалдсан байж болохуйц хуурамч баримт бүрдүүлэн зөвшөөрөл олгож байгаа зэрэг асуудлыг Д.Эрдэнэбат гишүүн хөндөж "Төслүүдийн хүрээнд тариалан эрхлэлтийн талбайн асуудал хөндөгдөж буй учир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал нь бүтээн байгуулалтын ажлуудтай шууд холбоотой Барилга, хот байгуулалтын яам, ойн болон гол нуурын сав газар, байгаль орчны асуудлаа тооцох үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох төсөв хөрөнгийг тооцож шийдэх Сангийн яамны төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцох шаардлагатай. Зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны асуудал гэж харж болохгүй” гэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого хангалтгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд хайгуулын үйл ажиллагаанд төрийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагын талаар тодорхой жишээ дурдав. 

    Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Иймд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулахаар шийдвэрлэв. 

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.