|

Гамшгийн нөхцөлд амьдарч байхад бэлэн байдал шалгаж яах юм

 

 

 

 

Онцгой байдлын ерөнхий газрынхан өчигдөр Төрийн ордонд ажилладаг төрийн албан хаагчдад нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл өгчээ. Яг энэ цаг дор Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу алтан амиа алдав. Жинхэнэ гамшиг нь тэнд болчихоод байхад гамшгийн бэлэн байдал шалгана гэж сүржигнэх хэрэг байгаа ч юм уу.Иргэдээ өдөр бүр гамшгийн нөхцөл байдалд амьдруулж байж бэлэн байдлыг нь шалгана гэдэг нь тавлаж басамжилж байгаа хэрэг биш гэж үү.

Зүй нь гамшгийн бэлэн байдлын иж бүрэн сургуулилалт хийнэ гэж өчнөөн мөнгө, цаг үрж, олон хүнийг залхааж байхын оронд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан, мэргэжилтнүүд нь дор дороо ажлаа сайн хийж, байх ёстой газраа, ажлынхаа байран дээрээ хариуцлага ур чадвараа сайжруулах хэрэгтэй санагдана.

Жишээ нь эмч нар өвчтөнүүдээ эмчлэх, оношлох, урьдчилсан сэргийлэх үзлэг хийхийн оронд төв талбай дээр цагаан халатаа өмсөж, чагнуураа зүүн ирж жагсчихаад өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлын иж бүрэн сургуулилалт хийнэ гээд сүрийг үзүүлээд байвал юу болох вэ. Хилчид мөн адил Сүхбаатарын талбай дээр зэр зэвсгээ агсан, танкаа хөлөглөн ирээд улс орны хил хязгаарын хамгаалах бэлэн байдлын иж бүрэн сургуулилалт хийнэ гээд бүх иргэдийг улс орноо батлан хамгаалж байгаагаа харуулж бэлэн байдлаа шалгуулан халбага, сэрээ, хутга заазуураа ч хамаагүй агсаад заасан талбайд бэлэн жагс гэж үүрэгдээд байвал яах вэ.

Төв цэвэрлэх байгууламжид болсон золгүй явдлын нөхцөл шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч үйлдвэрлэлийн осол гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Тэгвэл үйлдвэрлэлийн осол гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерүүд нь юу хийж байсан хэрэг вэ. Хөдөлмөр хамгааллын таван инженер байсан атлаа болзошгүй аюул, эрсдлийг зөв үнэлж чадалгүй эхний хоёр хүн эрсдэлтэй байдалд орчихоод байхад дахин хоёр хүнээ оруулсан бололтой. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн чухал царайлан очсон дарга нарын амнаас унасан үг иймэрхүү дүгнэлтэд хүргэж байна.

Төр иргэдийнхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж чадахгүй байгаагийн жишээтэй бид өдөр бүр нүүр тулах боллоо. Орон гэртээ, ажлын байран дээрээ, гудамж талбайд, олон нийтийн газар хаана л бол хаана хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлж байна.Газар хөдлөлт, үер, гал түймрээс илүү төрийн байгууллагуудад буй хүнд суртал, хариуцлагагүй байдал, хоосон сүржигнэл, тархи угаалт гамшгийн хэмжээнд хүрчээ.

Эх сурвалж: http://eagle.mn