|

Баярлалаа та нартаа гэхийн оронд баярлах ёстой та нар ч гэх шиг...

 

 

Амьдрал мэдэхгүй хөөрүү "бацаан” Ө.Энхтүвшин "ЖАСТ-ын өрийг 40-хөн сая ам.доллараар дарчихлаа, та нар баярлах ёстой шүү бидэнд” гэж "далдганав”. Мань эр улс төрд насаараа явчихаад ингэж хэлдэг нь яаж байгаа юм бол доо. Зөөлхөн хэлэхэд тохуурхаж байна гэсэн үг үү. Ер нь МАН-д насаараа дарга хийсэн ч амьдрал мэдэхгүй, цагаан гартай, өнгөн дээрээ цайлган гэмээр юм шиг хэрнээ төрөөс идэх болохоороо хувалзнаас дор авирладаг мань хүн шиг "настнууд” хэтэрхий олон. Наад захын жишээ гэхэд л Т.Очирхүү, Д.Сугар, Ж.Бямбадорж, Н.Энхболд нар байна. Тээр жил "Их өр дарчихлаа” гээд "дээд эзэн” нь дундаас нь 50 сая ам.доллар туучихаж билээ. Тэгж идчихээд цадсан муур аятай малийж суухад нь манай цагаан гартнууд жинхэнэ жүжиг тавьж байв. Т.Очирхүү, Ж.Бямбадорж хоёр дэвхцэж уйлалдаад бөөн юм болсныг өнөө ч зарим хүн тод санаж мушийж явдаг байх. Мань хоёр "Их багш”-аа тэвэрч аваад жигтэйхэн мэлмэрүүлж байсан санагддаг юм.

Харин өнөөдөр Ө.Энхтүвшин нь өнөө хоёр шигээ авир гаргаж байна.МАН-ын гишүүдийн "буян”-аар хэцүү байдалд орсон "Хадгаламж” банкинд яг ингэж хандсан нь түүх болоод үлдсэн. Тухайн үеийн хэвлэлийн хуудсыг сөхөөд харвал МАН яг өнөөдрийнх шиг увайгүй авирлаж явсан үйл явдлууд цагаан дээр хараар бичээтэй бий. Өдгөө Ерөнхий сайд,УИХ-ын даргын албыг хашиж яваа хоёр нөхөр төрийн өмчийн "Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон хэрэгт буруутгагдаж тухайн үедээ шуугианы гол сэдэв болж байв. Хэргийг эргэн сануулахад 2007 онд "Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг хаашаа ч юм алга болсныг илрүүлж байсан юм. Төрийн мөнгийг тэрбум тэрбумаар ашигласан хүн нь тэр цагт МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчээр ажиллаж явсан улсын нэг болж таарсан. Бүр тодруулж хэлбэл "Хадгаламж” банкинд нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн. Ц.Чимэдцэрэнд хэрэг үүсгэж шалгах үеэр У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай гурвын нэр гарч ирж байв. МАН-ын гурав Солонгост казино тоглож төрийн өмчит банкны өчнөөн тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн гэх дуулианыг мөн л төрийн мөнгөөр барагдуулж байв. Хэрэгт холбогдсон МАН-ын томчууд одоо төрийн томчууд болчихсон тууж яваа.

"Хадгаламж”-ийг анх Чингис хаан банк, Монгол даатгал компани, ОХУ-ын Народный братский банкны консорциум хувьчилж аваад дараахан нь ОХУ-ын "Коалка” группт худалдаж, өнөө групп нь "Жаст”-тай наймаалцаж байсан түүхтэй. Хадгаламж банк 100 хувь "Жаст”-ынх болсон түүхийг ухъя гэвэл "Хүрээний бузар булайг дэлгэж барахгүй” гэдэг шиг юм болно. Г.Алтан "Жаст”-ын эзнээс авлагатай, банк дампуурах бүрд энэ хоёр нэр холбоо үг шиг гараад ирдэг гэж хэвлэлээр шүүмжилж бичээд байгаа нь бүр дээрээс угшилтай. Бизнесийн элдэв яриа хөөрөө, тэдний хоорондын мөнгөний асуудал МАН-ын томчуудын нэртэй хэрхэн холбогддог тухай нэг бүрчлэн бичье гэвэл өчнөөн үйл явдал хөврүүлэх хэрэг гарна. Ингэсгээд орхиё.

Ямартаа ч "Хадгаламж”-ийг дампууруулсан "Жаст” энэ удаа бас нэг банкийг дампууруулахад түүхэн үүрэг гүйцэтгэчихлээ. "Жаст”-ын банк дампууруулсан түүх энэ хоёр банкаар ч тогтохгүй гэдэг. Сэдэв хазайх учраас дэлгэрүүлж тоочоод яахав.

Үндсэн сэдэв рүүгээ оръё. Нэг л асуултыг Ө.Энхтүвшин ба түүний нөхдөд онцгойлж тавимаар байна. "Жаст”-ын мөнгийг биднээс гаргуулж, Стандарт банкны өрийг дарсанд тэгээд бид өөрсдөө баярлах ёстой юу. Жирийн иргэн Бат, Дулмаа, компани толгойлж яваа бизнес эрхлэгчид аль аль нь хөлсөө урсгаж олсон хэдээсээ төрд татвар гэж өгдөг юм. Илүүдсэндээ биш, өгөх ёстой учраас, тэр мөнгөөр нь төр хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээр хангаж, зам барьдаг учраас өгдөг юм. Хэн ч ойлгохоор хэтэрхий энгийн логик. Ингэж өгсөн мөнгийг энэ мэт дэмий зүйлд зарцуулж улайрч хадуураад яваад нь баярлалаа гээд бөхөлзөх хэрэг үү, тэгээд?

МАН-ын дээр байгаа нөхөд ийм гэнэн хөнгөн учраас 65-уулаа засаг барьчихсан хэрнээ нэг хүнд мад тавиулаад яваа юм. Ингэж авирлаж байгаа хүмүүсийг нөгөө намаас нь нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга тоглоомоо болголгүй хаачихав. Толгойд нь суугаа нөхөд энэ мэт муйхарлаж, тэс хөндлөнтөж, илжиг мэт авирлаад яваа намыг удирдах шиг амархан юм хаана байхав. Хөтөлж залж яваанууд нь ийм хөнгөн байхаар нэг нам байтугай бүхэл бүтэн улс орон, тивийг ганцхан хүн дөрлөөд явчихдаг жишээ дэлхийгээр нэг байна.

МАН-ын толгойгүй, үнэ цэнэгүй, увайгүй, муйхар улстөрчдийн дэргэд Х.Баттулга гэдэг хүн хал үзэж халуун чулуу долоосон, хар бор амьдралд өсч өндийсөн, гахай үүрч, нохой нүцгэн зүтгэсэн хүн шүү дээ. 65-уулаа УИХ-д сонгогдчихоод байгаа намыг дөрлөсөн юм шиг залж байгаагийн цаад шалтгааныг ухвал ердөө л энэ. Цагаан гартай, цагаан захтай, даргаас өөр ажил хийж үзээгүй, хал дол амсаагүй МАН-ын хөгшин, залуу улстөрчдийг ганцхан хүн хөтөлж чиглүүлж, мад тавиад байгаа нь ийм учиртай.

Тэд иймдээ л "Та нарынхаа мөнгөнөөс өр төлчихлөө. Өөрсдийнхөө буруугаас үүссэн өрийг та бүхнийг аятай таатай амьдруулахад зарах ёстой байсан мөнгөнөөс хумслаад дарчихлаа. Биднийгээ уучлаарай, харин та бүхэндээ үнэхээр баярлалаа” гэж мэхийж, талархаж чадахгүй байгаа хэрэг. Зүй нь талархаад ч зогсохгүй "Бидний буруугаас үүссэн "Стандарт”-ын өрийг та нарын боломжоос хулгайлж дарсандаа уучлал гуйя” гэчихсэн бол Ө.Энхтүвшин нас намбандаа харагдах байв. Учир нь "Стандарт банк”-ны өр үүссэн шалтгаан МАН-ыг засаг барих үед тавигдаж байв.Тухайн үед засгийн эрх барьж явсан МАН-ын томчууд Эрдэнэт үйлдвэрийн өмнөөс баталгаа гаргаж өгөөгүй бол Монгол Улс 40 сая ам.доллараа салхинд хийсгэхгүй байсан юм. Өөрсдөө идэж уучихаад, идэж уусан өрөө иргэдийнхээ халаасыг тэмтэрч дээрэмдэж дарчихаад, ганцхан хүний олз болж, дөрлүүлж, хөтлүүлээд яваа улсыг одоо ч юу ч гэмээр юм бэ дээ. Лав л гэнэн гэхэд гоёдоно, тэнэг гэхэд зөөлдөнө.

Ц.Билиг

Эх сурвалж: Өдрийн сонин