|

Үхлээс биш, харин үхдэл мэт амьдрахаас л ай!

Үхлээс биш, харин үхдэл мэт амьдрахаас л ай!

 

Хүн төрөлхтний анхны мэргэжил юу вэ гэхээр "Тулаанч” гэж олон хүн хариулдаг. Тийм ч байх. Өөрийгөө хамгаалах, хоол хүнс олж идэхийн тулд тэмцэлдэх хэрэгцээ үргэлж гарч, тэр болгонд туршлага мэдлэг хуримтлуулсан байж таарна. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө ихэнх хугацаанд асуудлыг ухаанаар биш, хүчээр шийдэх гэж оролдож ирсэн гашуун үнэнийг бодолцох юм бол зэвсэгтэй зэвсэггүй зодоон тулаан хаа сайгүй цаг үргэлжид л болж байсан нь мэдээж. Гэхдээ газар газрын нөхцөл байдлаас болоод гардан тулаан өөр өөрийн онцлогтойгоор хөгжсөн нь мэдээж. Тийм болохоор  тэнд энд анх үүссэн гэж оноож түүхчлэх нь маргаантай асуудал.  Системчлэн сургалт болгосон тухайд бол арай өөр зүйл яригдана.
Монголчуудын тухайд гардан тулаан бас л эртний түүхтэй. Монгол бөхийн барилдаан бол  хүч чадлаас гадна сэтгэлгээний хурд, тооцоо, техник гээд асар олон хүчин зүйлийг өөртөө цогцоор нь агуулсан спорт. Спорт болгож хөгжүүлсэн л болохоос биш тулааны л нэг хэлбэр. Морин дэл дээрээс тулалдах тухайд монголчууд мөн л олон мянганаар ярих түүхтэй. Ногт, цулбуур, дөрөө, ташуураа хүртэл зэвсэг болгон ашиглана. Унаа хүлгээ дайн тулааны өрнөл дунд эзнээ мэдэрч захирагдахад сургана. Хүүхдүүдийнхээ бие бялдрын болоод сэтгэлзүйн бэлтгэлийг хар багаас нь гэрийн сургалтаар олгодог байв. Хожим хойно дэлгэрсэн хүрээ зодооны тухай ч үлгэр домог мэт түүх олон.
Харин Монголд орчин цагийн тулааны сургалт хөгжсөн түүх их тодорхой. Амьд домог болсон бие төлөөлөл нь өнөөдөр  хүртэл та бидний дунд амьдарч ажиллаж, хийж бүтээж л явна. Тэр бол Урианхан овогт Санжхүүгийн Хаянгарваа. Түүнийг Цагдаагийн хурандаа Хаянгарваа гэдгээр нь олон хүн мэднэ. Гардан тулааны Хаянгарваа гэвэл бүр олон хүн мэднэ. Гэхдээ дэлхийн гардан тулааны сургалтад ямар хувь нэмэр оруулсан, Монголынхоо төлөө юу хийсэн хүн бэ гэдгийг нь бүрэн дүүрэн ойлгодог,  үнэлдэг хүн цөөхөн бололтой.
Хэн нэгнийг шагналд урамшилд нэрийг нь дэвшүүлэх болохоор л үгээ олохгүй магтдаг хуурай магтаалаас миний үгийг ялгаж ойлгоорой. Би түүний тухай өөрийн мэдэх хэмжээнд л өгүүлэх гэсэн юм. Яагаад гэвэл түүний амьдралын утга учир, оршихуй нь  гардан тулааны сургалт.  Түүнийг гардан тулааны сургалтаас салгаж  ойлгохын аргагүй.
Ер нь бол гардан тулааны сургалт дэлхийн улс орнуудад уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байна. Орчин үеийн төрөл дотроо тодорхой хувь хүмүүсийн бий болгож хөгжүүлсэн дэг сургалт гэж тусгайлан авч үздэг хэсэг бий.  С.Хаянгарваа өнөөдөр дэлхий дахинаа хөгжиж буй 1600 орчим тулааны урлаг дотор "Хаянгарваа школ” гэдгийг бий болгож, дэлхийн тулааны урлагийн мастерууд, судлаачдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн. Үүнд л түүний гавьяа оршино. Тэр бол туулсан зам, хүрсэн амжилт, хийж бүтээсэн үйл хэргийнх нь талаар тоочин өгүүлэхэд л магтаал мэт сонсогддог алдар гавьяатай хүмүүсийн нэг.
Гэхдээ энэхүү алдар гавьяа түүнд аяндаа олдчихоогүй. Сурагч ахуйдаа үндэсний бөхөөр хичээллэж, дараа нь ЗХУ-д хилийн цэргийн дээд сургуульд суралцахдаа байлдааны самбо, гардан тулааны хичээлийг В.Ю.Заражевский багшаар заалгажээ. Энгийн сонсогчид анхан шатны сургалтад хамрагдаад л болчихдог бол С.Хаянгарваа дунд, дээд шатных нь сургалтыг дүүргэж, багшлах эрхтэй төгссөнөөр энэ чиглэлийн мэргэжилтэн гэж нэрлэгдэх эрхийг албан ёсоор олж авсан хүн. Гэхдээ л гардан тулааны мөн чанарыг бүрэн ойлгоогүй явсныг В.Ю.Заражевский багш нь эцсийн мөчид ухааруулсан нэгэн үйл явдал болжээ. С.Хаянгарваа   Монголдоо очоод хайртай дүүг нь хөнөөсөн танхай этгээдийг олж хариугаа авна гэтэл багш нь маш ихээр халаглаж "Би яах гэж чиний төлөө аяга аяга хөлсөө урсгасан гэж бодно вэ? Чи хэрхэн тулалдахыг сурсан ч гардан тулааны амин сүнс болсон өөрийгөө ялан дийлж, энэрэнгүй байх ёсыг ойлгосонгүй. Чи өшөө хорслоос ангид яв. Алдартан бол” гэсэн нь Хаянгарваагийн нүдийг нээж, тулааны урлагийг огт өөр нүдээр харахад хүргэжээ.
1977 оны хавар НАХЯ-ны цэргийн тусгай дунд сургуулийн байлдааны самбогийн анхны албан ёсны багшаар томилогдож, гэртээ харихаа мэдэхгүй хичээн зүтгэсэн түүхийг нь дэлгэн ярина гэвэл бүхэл бүтэн ном болох биз. 1981 онд ЗХУ-ын Дотоод хэргийн яамны академид элсэн суралцахдаа энхийн цагт онцгой гавьяа байгуулсныхаа төлөө ЗХУ-ын баатар цолоор нууцаар шагнуулсан А.И.Попрядухины гарын шавь болж гардан тулааны хичээл заалгажээ. Ийнхүү тухайн үед сургалтаараа битүүхэн өрсөлддөг байсан ЗХУ-ын хоёр  том сургуулийн аль алиных нь алдартай сайн багш нарын хайр итгэлийг хүлээсэн сайн шавь нь болж, нарийн нандин эрдэм заалгаснаар С.Хаянгарваа  гардан тулааны Монголдоо бүү хэл, хаана ч хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн болсон түүхтэй.
НАХЯ-ны орлогч сайд байх үед өөрийнх нь зөвлөхөөр ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн, хошууч генерал  В.И.Любин дайсны довтолгооноос өөрийгөө хамгаалах үзүүлэх сургуулийн үеэр С.Хаянгарваагийн ур чадварыг үнэлж "Ийм чадалтай багш яг үнэнийг хэлэхэд манайд ч ховор” хэмээн магтаж байсныг дэслэгч генерал Ш.Арвай гуай дурсан бичжээ. Мөн Японы шин жиссэн каратэг үндэслэгч  Хиромото Мияагава түүнийг "Монголын Хаянгарваа бол гардан тулааны дэлхийн хэмжээний багш” гэж тодорхойлсон байдаг.
С.Хаянгарваа ЗХУ-ын Дотоод хэргийн яамны академийг төгсөх жилээ зодолдсоны улмаас сургуулиас хасагдан нутаг буцах болоход  А.И.Попрядухин багш нь "Чи их юм сурлаа. Сайн ч сурлаа. Чам шиг тулаанч Орост битгий хэл хаана ч цөөхөн бий. Манайд ийм хүмүүс мафитай холбогдох нь их байна. Цустай мөнгөтэй холбогдсон хүн бага амьдардаг. Чи яадаг ч байсан системдээ л ажиллаарай” хэмээн захисныг С.Хаянгарваа амьдралдаа мөрдлөг болгож, хууль хүчний салбарт олон сайхан шавь төрүүлсэн багш болжээ.
Тэрээр Монголын гардан тулааны холбоо байгуулж, Монголын гардан тулааны талаар судалгаа шинжилгээний ажил хийн эрдмийн зэрэг хамгаалж, "Сонсогчийн алдар” тэмцээнийг санаачлан тогтмолжуулж, хууль хүчний чиглэлийн их дээд сургуулиудад багшлан олон шавь тө­рүүлж, "Хаянгарваа дожо” сургалтын төв ажиллуулж чухамдаа нэг хүнд ахадсан олон ажил амжуулсаар явна.
Гардан тулаанаар хичээллэсэн хүн ёс зүйтэй, энэрэнгүй, шудрага, өөртөө итгэлтэй, тэсвэр тэвчээртэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй, бие бялдрын хөгжил сайтай зөв хүн болж төлөвшдөг болохыг олон жилийн туршлагаараа сайтар мэдэх болсон учраас монгол хүүхэд болгон багаасаа хичээллэж суралцах нь чухал гэдгийг тэрбээр үргэлж хэлж сануулдаг.
Гардан тулааны арга техник эзэмшихийн ач холбогдлыг хууль хүчний байгууллагуудын цэргээсээ генерал нь хүртэл ойлгож, спортын сургалт төдийгөөр хязгаарлахгүй байгаасай хэмээн тэрбээр чин сэтгэлээсээ хүсдэг. ОХУ, Казахстан, Иран, Израйль зэрэг олон орон гардан тулааны сургалтад ач холбогдол өгч, хөгжүүлж, төрийн бодлогоор дэмжиж байгаа жишээнээс бүтээлчээр суралцаасай гэж хүсдэг. Сүүлд гэхэд л гардан тулаан, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан мэргэжлийн хүний сэтгэл зовнилоо илэрхийлсэн  захидал бичиж, хариуг нь авчээ.
Гардан тулаанаар 45 дахь жилдээ хичээллэж, сурсан мэдсэнээ эх орныхоо төлөө гэсэн халуун сэтгэлээр олон хүнд зааж, "Үхлээс биш, харин үхдэл мэт амьдрахаас л ай!” хэмээн сургадаг түүний "Хаянгарваа школ” Монголын гардан тулааны түүхнээ өөрийн зайгаа нэгэнт эзэлжээ. Ийм л нэгэн эрхэм та бидний дунд эгэл гэгээнээр амьдарч, сайн багш нарынхаа өвлүүлсэн эрдмийг түгээсээр явна.

Б.ГАЛААРИД
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин