|

Мөнгийг хадгалдаггүй юм

Мөнгийг хадгалдаггүй юм

 

Социализмийн үед бараа бүтээгдэхүүн нь тогтсон ханштай, тиймээс инфляц гэж байхгүй, дээр нь төгрөг нь гадаад валютын ханшаас шалтгаалаад байх зүйлгүй үед Монголд БАНКНЫ ХАДГАЛАМЖ гэж зүйл байсан.

Харамсалтай нь Монгол Улс маань зах зээлийн эдийн засагт шилжсэн өнөө үед ч нөгөө л нэг банкны хадгаламж гэдэг зүйл амь бөхтэй оршсоор.

Америк, Англи, Японд мөнгөө банкинд урт хугацаагаар хадгалуулдаг хүн олоод ир гэх юм бол ер нь олдохгүй.

Учир нь эдгээр улсын иргэд мөнгийг урт хугацаанд хадгалвал инфляцдаа идэгдээд сүүлдээ мөнгө маань ЦААС болдог гэдгийг маш сайн мэддэг учраас. Монголд ч мөн ялгаагүй. 1990 онд 100 төгрөг ямар үнэ цэнэтэй байсан бэ?

Шар халзан зуут гэгчийг бол хүүхдүүдэд бараа нь л харагдахаас биш барьж үзэх боломжгүй тийм эд байлаа. Гэтэл 26 жилийн дараа 100 төгрөгөөр 1 ширхэг бохь (боодол биш шүү) л авч 10 минут зажлаад хаядаг зүйл болсон.

Мөн ялгаагүй өнөөдрийн 1 сая төгрөг их мөнгө, харин 26 жилийн дараа 1 сая төгрөгөөр магадгүй 1 ширхэг талх авдаг болно.

Учир нь зах зээлийн эдийн засагт, ялангуяа эдийн засаг өсөлттэй байх үед инфляцийг хэн ч зогсоож дийлдэггүй юм. Ерөнхийдөө улс орнуудын Засгийн газар, Төвбанк нь инфляцийг дэмжиж, цаагуураа хөөрөгдөж суудаг юм.

Монголын эдийн засаг өнөөдөртөө хямралтай байна, гэхдээ байгалийн ийм их нөөц баялагтай, 3-хан сая иргэнтэй улсын эдийн засаг маш хурдацтай хөгжих нь гарцаагүй, энэ нь бид инфляцаас зугтаж чадахгүй гэсэн үг юм. Өсөх нь гарцаагүй, өндөр инфляц ирэх нь гарцаагүй!!! Цаг хугацааны л асуудал!

Энэ юу гэсэн үг вэ? Монголд ч ялгаагүй мөнгийг урт хугацаанд хадгалаад хэрэггүй гэсэн үг. Та өнөөдөр мэдээж үр хүүхдийнхээ ирээдүйд зориулж цалингаасаа илүү гарсан мөнгөө банкинд хадгаламж нээгээд түүндээ хуримтлуулж байгаа.

Төрөөс иргэддээ санхүүгийн боловсрол олгоогүй, иргэд нь хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэггүй учраас л ийм нүд хуурсан, өндөр хүүгээр өнгөлөн далдалсан банкны хадгаламж, хүүхдийн хадгаламж гэх зүйлд татагдсаар ирсэн.

Гэтэл 20 жилийн дараа энэ мөнгө нь таны хүүхдийн их сургуулийн төлбөр байтугай 1 сарын хоол хүнсний зардалд ч хүрэхгүй байх эрсдэлтэй.

Тиймээс л мөнгийг урт хугацаанд хадгалах бол компанийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, уран зураг зэрэг зүйлд хөрөнгө оруулдаг. Дахин хэлэхэд хэзээ ч мөнгийг урт хугацаанд хадгалж болохгүй, инфляцдаа идэгдээд хоосон цаас л болно.

Тэгээд Монголд итгээд найдаад хөрөнгө оруулахаар, засаглал сайтай, санхүүгийн тайлан нь ил тод нээлттэй тийм компани байна уу?!! Одоохондоо алга, гэхдээ бид энэ зам руу явахаас өөр гарцгүй болсон гэдгийг ойлгуулахыг хичээв.

Тунгаан бод!!!

via Angar Davaasuren

http://www.view.mn