|

Монголын уналт, доройтлын нэг гол шалтгаан нь ламын шашин, мухар сүсэг

Их Монгол улсын гурван зуун дамнасан уналт, доройтол
    Төрийн жолоо, цулбуур нь Манж-Хятадын гарт орчихсон, шашин суртлын ихэс дээдэс нь амьд бурхад гэгдсэн төвд лам нар байсан тэр 300 шахам жилийн туршид Их Монгол улс задарч, доройтсоор 1911 оны үеийн өрөвдөлтэй, арчаагүй төлөв байдлыг олжээ. Чингис хааны үеийн Их Монгол улсын газар нутаг, хүн ам, олон улсын нэр төр, цэрэг-зэвсгийн чадавх, эдийн засгийн хүчин чадал, төр засгийн хүчирхэг тогтолцоо, дэлхийн цар хүрээн дэх нөлөө, хамаарал зэрэгтэй харьцуулах аваас зүүдэнд ч оромгүй тийм хэмжээнд хүртлээ унаж доройтжээ.

300 шахам жилийн туршид унасаар, уруудсаар очиж тогтсон түвшин нь 1911 оны төлөв байдал гээд тооцох ахул анх, 300 шахам жилийн өмнө хичнээн өндөр түвшинд байсан нь ч тодорхой юм. Төв төрийг нь мөхөөж, түмэн хэсэгт хувааж, хооронд нь алалцуулж, бүх баялгийг нь цөлмөн мөлжиж, хүн амыг нь мухар сүсэгтэн болгон мунхруулж, цэрэг эрсийг нь шалдан лам, дарга жанждыг тойн нар, хан ван нарыг эфү, хоосон нэр, цол, чулуун жинсний төлөө улангасан өрсөлдөгч хэнээтнүүд болгож хувиргасан нь үнэхээрийн эмгэнэл, гаслан, шаналал байв. Энэ бол харийн, дайсагнагч хүчнүүдийн хоруу бодлогын хэрэгжилт, урьдаас төлөвлөсөн үр дүн байлаа. Харийн хүчнүүд хожиж, завшиж, харин монголчууд ядуурч, цөөрч, доройтсоор үхэл мөхлийн ирмэгт тулжээ.
  

  XIII-XV зууны үед монгол хүн, монгол айл өрхийн гар дээр байсан алт, мөнгө, үнэт эдлэл, түүхийн ховор нандин зүйлс бараг л бүгдээрээ Төвд, Хятад руу зөөгджээ. Монгол айл өрхийн 90 гаруй хувь нь зөвхөн л жижиг гэр ба цөөн малтай үлджээ. Хөрөнгө, зоорь гэхээр өөр юм байсангүй...
    Эрчүүдийн 40 орчим хувь нь лам болсноос өрхийн тоо цөөрч, хүн амын өсөлтгүй жилүүд үргэлжилсээр XX зууны эхэн гэхэд 800 мянга хүрэхгүй хэмжээнд очжээ.
    Их Монгол-улсын дэвсгэр нутаг 5 сая квадрат километр гаруй байснаа эцэс сүүлдээ 1,5 сая квадрат километр болтлоо танагдаж багасчээ.
    Монгол хүний олонх нь БНХАУ-д, гурав дахь хэсэг нь Оросын харъяанд аж төрөх болов. Монголынх гэж нэрлэж болох бүх үнэт зүйлсийн (газар нутаг, газрын дээрх, доорх баялаг, хүн ам, мал, гэр, байшин г.м) 70 орчим хувь нь хойд, урд хөршүүдэд хуваагдан өвөрчлөгджээ. Ийм үр дүн гарсны гол шалтгаан нь монголчууд төрийн тусгаар тогтнолоо алдаад Манж чин гүрний вассал болсон, шарын шашинд гүнзгий автаад мухар сүсэгтнүүд болсон явдал юм.


    Төвд дэх Бурханы шашин олон урсгалд хуваагдаж, хоорондоо сөргөлдөж, урсгал тус бүр нь өөртөө холбоотон, ил далд дэмжигчидтэй болж, зөрчил тэмцэл яван хурцадсаар адаг сүүлдээ шашин суртлын үндсэн дээр иргэний дайн дэгдэж, мөнхүү дайнд монголчууд эсрэг тэсрэг тал болон хуваагдаж оролцсон нь Монголын цэрэг-зэвсгийн чадамжийг ихэд доройтуулж бас дотоодод нь хагалж, ужгирсан самууныг тарьжээ.
    Бурханы шашны улаан малгайтны бүлэглэлд туслахаар Цогт тайж тэргүүтэй 40.000 орчим цэрэг эрс Лхас руу хөдөлсөн бол шар малгайтны бүлэглэлд туслахаар Төрбайх тэргүүтэй 10.000 орчим цэрэг эрс мөн л Лхас руу гарчээ.
    "Улаан хошууны” гэх нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн шийдвэрлэх том тулалдаанд монгол цэрэг эрсийн цус "уул давааг нэвтэртэл” асгарчээ. 30.000 шахам цэрэг амь үрэгдэж, үлдсэн хэсэг нь Төвдийг төвхнүүлэх хэрэгт үргэлжлүүлэн оролцож мөн л ихээхэн хохирол амсчээ. Харь холд зөөврийн дайн хийж, харь улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, оролцох оролцохдоо бүр хоорондоо цус асгаруулан тулалдаж оролцсон нь Халх Монголыг ч сульдуулж бас Ойрд Монголыг ч доройтуулжээ. Сульдуулаад, доройтуулаад зөвхөн орхисон биш тэдний удаах харилцааг бүр дайсагнал, хонзогнолын байдалтай болгож эвджээ.
    Бурханы шашин олон урсгал, олон толгойтой болсон, шашны үйлчилгээ бизнесийн шинжтэй болсон, Лхасын сүм хийдүүд олон улсын аялал-мөргөлийн төв болж эхэлсэн, шашны урсгал тус бүрийн тэргүүнүүд, ихэс дээдэс нь нэр алдарт шунах, олбог суудал булаацалдах болсон, энэ үндсэн дээр дотоодын самуун эхэлж, Төвд орон засаглалын хомсдолд орж төр-шашны доройтол ужгирч сүсэгтэн олон түмэн хэрхэхээ мэдэхгүй үймэлдэж бужигнаж байсан нь Төвдийн уламжлалт нийгмийг сандчааж, бас туйлдуулжээ. Ийм болчихсон орныг эргүүлж цэгцлэх хүч Төвдөд дотоодод нь алга байв.
    Улааны шашны бүлэглэл цэрэглэн хөдөлж Лхасыг эзэлж шарын шашны талынхныг барьж хорьж, сүм хийдээс нь хөөж, дураараа загнаж эхэлжээ. Энэ нь шашны урсгал хоорондын цаг зуурын самуун төдий үзэгдэл биш байлаа. Төдхөн л хэн нь хэнийгээ вэ? гэсэн хурц тэмцэл, иргэний дайн болжээ.
    Төвд дэх иргэний дайныг Ойрдын ноёд зогсоож, Төрбайх ноён Төвдийн хаан болжээ. Төрбайхын албатууд Төвд рүү нүүж, Торгуудууд Ижил мөрөн тийш дайжиж, Буриадууд Оросын нөлөөнд автаж, Галдан, Занабазар хоёр учраа ололцохоо больж, тэдний хооронд Манжийн хаан болон Далай ламын төлөөний этгээдүүд яс хаясаар эцэс сүүлдээ тэд цус асгаруулсан сөргөлдөөнд орж Монголын төрийг мөхөөжээ.
    Шарын шашны ихэс дээдэст Монголын ноёдоос анх олгосон Далай лам, Банчэн эрдэнэ гэх цолыг төвдүүд овжиноор ашиглаж тэднийг амьд бурханы зиндаанд хүргэн алдаршуулж бас хойт дүрүүдийг нь тодруулж, Лхасыг бурхдын орон болгоод орон орноос эргэл мөргөлчдийг татаж ихээхэн ашиг олж эхэлжээ. Их Монгол улсын хаадаас олгосон гэх дуулиант алдрыг хөөрөгдөж дэвэргэж чадсан нь угтаа Чингисийн эзэнт гүрний хаялга мөн байв. Чингисийн эзэнт гүрэн, Их Монгол улсын нэр цуу тэр үедээ юуг ч Брэнд болгочихож чадахаар тийм өндөрт байжээ. Өөрсдийнхөө нэр суугаар бүтээсэн "энэ хоёр амьд бурханы” үлгэрт дараа нь монголчууд өөрсдөө бүрэн итгээд, шүтэж тахиж эхэлсэн нь ёстой л "түүхийн хошигнол” болох баримт мөн болно...
    Хариас цэрэг зэвсгийн тусламж авч элэг нэгтнээ хядсан Далай лам, Банчэн эрдэнэ хоёр өөрсөддөө учрах хойших аюулыг тооцож Ойрд ноёныг Төвдийн хаанаар өргөмжилжээ. Төрбайх хаан арван хөвгүүнтэй байсны зарим нь Төвд болон Хөх нуурын хаад, ихэс дээдэс болж өмнөх өш хонзон мартагдаж алга болоход хүрэлцэхүйц удаан хугацаагаар Төвд дахиныг захирчээ. Чингэж Төвд дэх иргэний дайны болзошгүй муу үр дагавар монгол цэрэг эрсийн хүчин зүтгэлээр арчигдаж мартагдсан түүхтэй.
    Төвд дэх Бурханы шашны түүхэнд зөвхөн л монголчуудын өгсөн цол, хэргэм дээдийн дээдэд тооцогдон үнэлэгдсээр бараг 600 шахам жил болж байгаа нь хаадын хаан гэгдсэн Чингис хааны алдар, суутай холбоотойг дахин хэлье.


х          х          х
    Шарын шашныг Монголд аль болохоор түргэн, аль болохоор өргөн дэлгэрүүлэх хэрэгт Манжийн хаад, Хятадын түшмэдүүд, Далай лам, Банчэн эрдэнэ нар, Жавзандамба хутагтууд, бусад хувилгаад, Төвдийн том толгой лам нар ил далд уралдан зүтгэцгээжээ. Төвдөөс тодорч Монголд залагдсан Богд гэгээний 6 дүрийн Лхасаас авдаг нууц даалгавар бол "Монголын өнцөг булан бүрд сүм хийд барих, лам нарыг бэлдэх, хүн амыг гүнзгий сүсэгтэн болгох, эргэл мөргөлчдийн сүлжээ үүсгэж Лхас, Гүмбүм рүү илгээж зуршуулах” явдал байжээ.
    Эр, эм лам нарын тоо олширсноор Монголын баялаг бүтээгчдийн тоо, хүн амын тоо цөөрчээ. Өргөл, барьц, мандал, эргэл мөргөлчдийн шугамаар ихээхэн баялаг Төвд, Хятад руу урсан гарсаар байв. Хамжлага ардын бүтээсэн баялгаар амьдардаг хүмүүс ба давхрааны тоо өссөөр Монголын уламжлалт нийгэм 200 гаруй жилийн туршид завсрын сэргэлтгүйгээр унаж доройтжээ. XX зууны эхэн гэхэд Монголд лам нарын том давхраа, ноёдын том давхраа, Манжийн төрийн түшмэдүүд, Хятадын худалдаа-мөнгө хүүлэгчид, Оросын худалдаачид, алт, мөнгө олборлогчид өөр өөрийн арга, хэлбэрээр малчин ардуудыг мөлжиж, мунхруулж, дарлаж, үгээгүй ядуу байдлыг гүнзгийрүүлсээр байлаа.
    Лхас, Гүмбүм рүү хэдэн сараар аялан явж эргэл, мөргөл хийх, Далай лам, Банчэн эрдэнэд мандал өргөх, хутагт хувилгаадыг тодруулан залж ирэх, шинээр барьсан сүм хийдүүдэд зориулж гол шүтээн бурхдыг Төвдөөс зөөх зэрэг зан үйлийн зардалд харамсмаар их үргүй зардал, чирэгдэл гарсаар байв.


    Хутагт, хувилгаадын хойт дүрийг тодруулж ирсэн арга, хэлбэр нь итгэл, үнэмшил багатай, мэхэлсэн хуурсан шинжтэй, нэг болохоор "урдах дүртэйгээ төстэй, хувийн эдлэл хэрэглэлээ минийх гэж таньсан, шавь хийгээд шадар хүмүүсээ нэрээр нь дуудсан” гэх мэтийн улмаас танигдаж, тодорсон, эсвээс "сэргэлэн цовоо олон хөвгүүд дундаас сугалаа болон шодох аргаар” тодруулсан гэх мэтээр яригддаг хэдий ч Далай лам, Банчэн эрдэнэ мэтийн дээдэс батламжилсан гэгддэг лагшин сольсон амьд бурхад Монголд олон болсоор байлаа. Үнэн мөнөөрөө уламжлагдан ирсэн ганц жишээ, мэдээг иш татъя. Да лам Лувсан-Иш тэргүүтэй 8 хүн Богд Жавзандамба хутагтын 8-р дүрийг тодруулахаар Их Хүрээнээс 1874 онд гарч Бээжингээр дамжин Лхаст очжээ. Ер бусын гэгдсэн 9 бяцхан хөвгүүний нэрийг бичиж алтан бумбад хийгээд сэгсэрч холиод мөнгөн савхаар 6-г нь нэг нэгээр сугалжээ. Харин үлдсэн 3-ын нэрийг алтан савхаар сугалсаар эцсийн нэгийг нь гаргаж ирэхэд Төвдийн нэгэн томоохон язгууртан хүний 4 настай, 4 дэх хөвгүүний нэр бичигдсэн байв гэнэ. Тэр хөвгүүнд Агваанлувсан гэх шинэ нэрийг Далай лам өгч, Манжийн хаан (Бүрэн засагч) зарлигаар батламжилжээ. Тэр үед Монгол оронд сэргэлэн цовоо хөвгүүд хэдэн арваараа байсан нь тодорхой юм. гэтэл яахлаараа шодох, сугалах ажлыг заавал Төвдөд, Лхаст явуулдаг билээ? яахлаараа монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуур харь төвд хүний гарт байх ёстой гэж? Тодлогдсон балчир хүүхдийг аав, ээж, дөрвөн ах, нэг дүүтэй нь хамт, мөн хувийн нь багш, сойвон, донир, эмч гэх мэтийн олон төвдүүдийн хамт Их Хүрээнд авч ирэх ажил 19 сар орчим үргэлжилжээ. Зөвхөн тэдний замын хүнс хоолонд цалин цагаан мөнгө 1000 орчим лан зарцуулжээ.
    Монголын төлөөлөгчид Лхаст очоод манз барих ёслолд зориулж өмнөх Богдын сангаас 40.000 лан, Халх дөрвөн аймгийн хошуу бүрээс 10.000 лан, ван нар, засаг ноён бүрээс 1000 лан гаргажээ. Лхасаас Хөх нуурт ирэх уналга, хөсгийг дээд монголчууд, харин Хөх нуураас Их Хүрээ хүртэлхийг халх монголчууд даажээ. Энэ хэрэгт халхчууд атан тэмээ 1271, агт морь 823, эсгий бүрээстэй, ор дэвсгэр, уншлагын ширээ бүхий шинэ гэр 7, майхан 108-ыг гаргажээ. Уг хэрэгт Халхаас 400 гаруй хүнийг томилон оролцуулжээ. Нэг жил хагасын хугацаанд үргэлжилсэн хөлтэй том ажил 1875 оны Х сарын 3-ны өдөр төгсөж 8-р богд гэх төвд хүүхэд Их Хүрээнд морилон иржээ. Энэ хүү түүний төрөл төрөгсөд, багш, эмч, үйлчлэгч хүмүүс, зочин гийчин төвдүүдийн бүх зардлыг монголчууд 1924 он хүртэл даасаар байлаа...
    Өмнө дурдсантай төсөөтэй түүх олон янз хувилбараар энэ ХХI зуунд ч мөн давтагдан гарч эхэллээ. Зардал ба ашиг хоёрыг, үнэн ба худал хоёрыг, төр ба сурталдаа өөрсдөө эзэн болж явах, эс явахын тус ба ус хоёрыг дээр, дооргүй л бодолцмоор байна даа...
    Түүх арай өөрөөр, өөр нөхцөлд (гоо заслаар халхавчлагдаад) давтагддаг аюултай. Монголчууд бид туулсан, өнгөрөөсөн доройтол, уналтаа давтахаас цаг ямагт сэргийлэх учиртай. Энэ бол бидний хийчихэж мэдэх алдаануудаас нэлээд их магадлал бүхий нэг нь юм (Мухар сүсэг улам бүр л газар авсаар байна).
    Өмнө зүгт Тангадууд буй гэдгийг өглөө бүр надад сануулж бай! (Чингис) гэхийн адилаар энэ алдааны талаар бид байн байн бодож, сэргийлж явах учиртай...
    1911 оны гунигт төлөв, байдал хүртэлх уналт, доройтол, ядуурлын нэгэн гол шалтгаан нь ламын шашин, мухар сүсэг байсан нь үнэн болно.

Судлаач, профессор Д.Чулуунжав