|

ЖДҮ-ийн эх орон 4 : Тулгамдаж буй асуудал – Борлуулалтын суваг

ЖДҮ эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг хөнгөлөлттэй зээлээс ч илүүтэй хамгийн тулгамдсан асуудал байдаг.  Тухайн үйлдвэр эрхлэгчийн бараа зарагдаж байж тэр үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнийхээ өнгө загвар, дизайн, сав баглаа боодлыг сайжруулж илүү чанартай, илүү сонголттой бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж тэр үр дүнг нь хэрэглэгчид хүртдэг. Томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах нь эрсдэл багатай боловч нь бага мөнгөөр эргэлт хийдэг жижиг үйлдвэр эрхлэгч нарын хувьд  сард 1 удаа зарагдсан барааны буцаан олголт хийдэг нь мөнгө болон бараа бүтээгдэхүүнээ түгжиж эргэлтийг удаашруулахын зэрэгцээ дунджаар 30 % -ийн шимтгэл  авч байгаа нь үйлдвэрлэгч нараасаа илүү ашгийг сүлжээ дэлгүүрүүдэд өгч байна.  ЖДҮ эрхлэгч нар өөрсдөө олны хөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдэд лангуу түрээслэж борлуулах нь тухайн үйлдвэр эрхлэгч нар хэрэглэгчидтэй шууд харилцаж хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг цаашдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтдээ тусгах давуу талтай боловч томоохон худалдааны төвүүдэд лангуу олдох боломж хомс мөн нэр төрөл, тоо хэмжээ цөөхнөөр үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрлэгч нарын хувьд лангууны түрээс өндөр төлж, худалдагч ажиллуулна гэдэг бас л хүндхэн асуудал. Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа олны хөл дагуух томоохон худалдааны төвүүдийн 1 мкв талбайн түрээс дунджаар 80.000 - 100.000 төгрөгийн хооронд байна. Энэ үнээр 10 мкв талбай түрээслэхэд сард түрээсийн зардалд 1 сая төгрөг, мөн 1 сарын түрээсийн төлбөрийг барьцаанд, худалдагчийн цалин 500.000 төгрөг, дээр нь ашиглалтын зардал болон тохижилтын зардал нэмэгдэхээр жижиг үйлдвэр эрхлэгч нарын хувьд энэ нь тухайн үйлдвэрлэгчийн ашгаас давсан зардал болдог. Тиймээс үйлдвэрлэгч нарын хувьд богино хугацаанд зарагдсан барааны буцаан олголтоо хийдэг мөн шимтгэл бага авдаг борлуулалтын суваг хамгийн ихээр шаардагдаж байна.

Эрс тэс уур амьсгалтай, өрсдийн хүнс болон ахуйн онцлогтой монгол оронд  амьдарч буй монгол хүн таньд монгол орны наран дор, монголын газар шороо, хөрсөнд бойжсон хүнс таны эрүүл мэндийг хамгаалж, монгол  гоо сайхны хэрэгсэл таны арьсанд хамгийн сайн тохирч, монгол үйлдвэрлэгчийн онцлогоо мэдэрч урласан хувцас таныг хүйтэнд дааруулахгүй, халуунд халууцуулахгүй хамгийн тохиромжтой хувцас байх болно.

Иймд өдөр тутмын ахуйн хэрэглээндээ Монгол бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж хэвших нь...

1-рт  өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах

2-рт үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих

3-рт мөнгөний урсгалаа дотооддоо авч үлдэх зэрэг олон давуу талтай.

Иймд нийт Монголчуудаа Монгол хүн таньд зориулж үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бараа бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэхийг уриалж байна.

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.ГЭРЭЛТ-ОД