|

Хоёр Жавхлан

 

Манай С.Жавхлан бол од. Нөгөө Б.Жавхлан бол зүгээр л банкир.

Өдөр болгон хэн нэгэн хүүхэд хойд эх эцэгтээ хүчирхийлүүлж, аль эсвэл сураггүй алга болж, хэн нэгэн настныг үр хүүхэд нь орон гэрээс чирж гулдчин гудамжинд нохой шиг хөөж тууж, хэн нэгэн залуухан эмэгтэй өндрөөс унасаар л... 

Бид ийм мэдээн дунд ажиллаж, хооллож, амьдарч байна. Хар, харгис мэдээллүүдийг өглөөнөөс үдэш дуустал яг л уудаг цаас шиг ховх сорчихоод л унтахаар хэвтдэг. Энгийн оюун ядарч, сэтгэл үүнээс цааших буртгийг нэмж хүсэхгүй, юунд ч итгэхгүй, юунаас ч баярлахгүй болтлоо буртаглагдана. Цочирдох, уурлах, уйлах эможийн тоог хэдэн арван К хүртэл чадлаараа нэмэрлэх уншигчид. Монголын нийгэм эможи товчлуур даран түүнийгээ байр суурь, дуу хоолой хэмээн итгэхэд хандалт, үзэлтийн К тоолон өрсөлдөх хэвлэлийнхэн. Маргааш нь дахиад л бүх юм эхэлдгээрээ эхэлж, төгсдөгөөрөө төгсөнө. 

Сайхан мэдээ худлаа сонсогдоно. Өчүүхэн жижиг сайн зүйл том айдсын дэргэд өрөвдөлтэй хоосон харагдана. Эсэргүүцэл, юуг ч утга учиргүй эсэргүүцэх асар их хүч нийгмийн оюун сэтгэлийг байлдан дагуулжээ. Муу муухайг ургуулах төсөөлөлдөө хүлэгдэн эсрэг үг, эсрэг үйлдэл үзүүлэх шалтгаан мундахгүй хүчтэй болжээ. Нар ээвч голдоо хүйтэн хүн чулуу шиг хөшицгөөж байна даа. Бидэнд яг адил мэдрэгдэж буй айдас хүйдэс, үзэн ядалт нийгмийг нэг харцтай, нэгдмэл шинжтэй болгоно гэж санана уу? Үгүй! Айдастай хүн аливаад өр нинжин хандахаас татгалзаж, түүний ёс суртахуун алж шийтгэх, эвдлэн сүйтгэх, улангасан түрэмгийлэхийг хүсэмжилж буйг хараач. Айдастай хэсэг хэзээ ч соёлт нийгмийн хэсэг байж чаддаггүй, наанаа сайн сайхны төлөө юм шиг хэрнээ түүнийгээ ухамсартайгаар хүсдэггүй, тодорхой бодит зүйлд зорьдоггүй. 

Анзаар! Биднийг эзэмдсэн айдас, үзэн ядалтаар түрээ барьсан улстөрчид хүмүүсийн сэтгэлзүйд орогносон тодорхойгүй, эмх замбараагүйг далимдуулан нийгмийг удирдаж эхэллээ. Сэжигтэй этгээд тэвчишгүй ярга амсан хэрэг хүлээсэн, төрийн халамжийн мөнгө байрших банк дампуурсан энэ өдрүүдэд удирдлага хэний гарт оров гэдгийг бид анхаарч, эрүүл саруулаар дүгнэлт хийх учиртай. Асуудлыг шийдэх бодит гаргалгаа бидэнд юу юунаас илүү хэрэгтэй болж ирэв. Бүгдэд таалагдах байлдан дагууллынхаа үрээр ард олны санал асуулгад айргийн 5-д цойлох улстөрчдийг бид харахаараа нэг боллоо. Нийгмийн сэтгэлзүйн удирдлага яг одоо хэний гарт байгааг сүүлийн үеийн судалгаануудад шалгаран нэрлэгдсэн тэдгээр топ 5-аас түвэггүй мэдэж болно. Тэд нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэх гаргалгаа, төлөвлөгөөгөө бидний сэтгэлзүйд эмзэгшсэн хөрснөө хэрхэн бодитоор хэрэгжүүлэхийг анхааралтай гэгч нь анзаарч дүгнэх улс төрийн ээлжит хоёр том сонгууль хүртэлх 1-2 жилийн хугацаа үлдлээ.  

"Нью-Йорк таймс” сонины нийтлэлч Дэвид Брүүкс ирэх жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан улсуудаас ядаж нэг нь 86 жилийн тэртээх Франклин Рузвельтийн дүрээр гарч ирээсэй гэж хүсэж байгаагаа бичжээ. Америкийн нийгэмд нүүрлэсэн их айдсыг нөлөө бүхий хүчин гэж үзээд, итгэл найдвараар бамбай хийн сөрөн зогсож, "Зүгээр л урдахаа хийдэг уйтгартай улстөрч хэрэгтэй байна” гэж тэрбээр тоймлов. Зүгээр л урдахаа хийдэг уйтгартай улстөрчдийн эрэлд хүчирхэг удирдагч, харизмыг хайн шиншилдэг Америк хүртэл гарах нь энэ үү. Популизм дэлхий ертөнцийг ганц сайн болгож тавьсны эцэст шүү. Тэгвэл одоо бидэнд ямар бодит туршлага, хүн, үйл явдал байгаа билээ?

Монголын улс төрд хоёр Жавхлан бий. Эл хоёр эрхмээр уйтгартай болон топ улстөрчдийг төлөөлүүлэн гол дүр болгон жишээ авъя гэтэл хоёуланг нь Жавхлан гэдэг байж таарав. Хоёулаа УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон хууль тогтоох байгууллагад 3 жил ажиллаж буй. 5-хан насны зөрүүтэй нэг үеийнхэн боловч мэдлэг боловсрол, ажил мэргэжлийн туршлага харилцан адилгүй. Манай С.Жавхлан бол од. Нийтийн дууны ханхүү, бас топ улстөрчийн жагсаалтад сүүлийн 3 жил тасралтгүй айрагдаж ирсэн. Нөгөө Б.Жавхлан бол банкир. Түүнийг сонгосон Дарханы иргэд, банкны салбарынхнаас өөр хүмүүст танил биш нэгэн.  

УИХ-ын гишүүн С.Жавхлан нэгэн ярилцлагадаа "Монголоо онцгойруулах л хүсэл зорилготой” гэж өөрийгөө хэлсэн нь топ төрөлд түүнтэй хамт цойлж яваа манай улстөрчдийн гол тодорхойлолт болж чадна. Монгол минь ялагдах вий, Монголыг минь ашиглан цөлмөөд хаячих вий, Монгол минь уусч алга болох вий гэх гадагш чиглэсэн айдсыг удирдан жолоодогсод юм. С.Жавхлан маягийн улстөрчид хүмүүсийн доторх үй түмэн эмх замбараагүй бухимдлыг "эх орончоор” турхиран залж, менежмент хийснээр тодорхой хэсгийг нь нэг дор бөөгнүүлж чаддаг. С.Жавхлангийн хувьд нүүдэлчин соёл, дээл хувцас гэх мэт үндэсний хэв маягийг онцгойлон авч үлдэх тухайд манлайлж байсан бол түүний жимээр алхагч улстөрчид үүнийг баяжуулан гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгжүүдийг овоо хараандаа тохируулах, эсвэл хувийн хөрөнгө оруулалттай стратегийн ордуудыг төрийн мэдэлд нийгэмчлэн шилжүүлэх зэргээр өөр өөрийн өвөрмөц арга ухаанаар эгнээгээ тэлсээр байна. Топууд маань өөрсдийн гаргаж буй санал санаачилга, хийх алхмуудын өмнө ард түмний сэтгэлзүйд нөлөөлөх үзвэр үйлчилгээг Төрийн ордноос авахуулаад соошл орчныг бялхтал түгээн дэлгэрүүлдэг тул унтаад босоод ирэхэд л нэг шинэ хадны мангаа, шинэ айдас хүйдэстэй өглөөг угтаж бүр ижил дасал болох тийш хандаж байна.   

Нөгөө Б.Жавхлан маягийн төрөл зүйлд хамаарах улстөрчдийг хэн ч тоохгүй. Яагаад гэвэл тэдэнд мангастай зохиол байхгүй, байлгах гээд ч түүнийгээ олон нийтэд хүртээл болгох ямар ч авьяас байхгүй. Явдаг газар нь ажил хэрэг, уулзалт семинар, хурал. Уншдаг сонирхдог юм нь онол монол, хуулийн төсөл мөсөл, эрдэм шинжилгээний бүтээл. Шууд хэлэхэд топ улстөрчдийн рейтингэд ганц ч хүнд нэрлэгдэхгүй, тоогдож торохгүй байх нь ч аргагүй уйтгар гунигийн далайнууд. Б.Жавхлан гэхэд л "Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаарт ярилцлага өгөхдөө "Зээлийн хүү, түүнийг зохицуулах бодлоготой ноцолдохын тулд эхлээд эдийн засгийн анатомийг харж гэмээнэ байгаа зөв тодорхойлно”, "Бид эдийн засагтаа коммунист аргаар хандаж болохгүй” гээд инфляц минфляц баахан онол юм ярьжээ. Манай С.Жавхланг хар л даа. Ингэж тодрохгүй ээ. Бүтэхгүй. Харин "Эдийн засаг ямар ч байг, ямар ч үнээр хамаагүй бид зээлийн хүүг хэд дахин бууруулах ёстой. Бид эдийн засгийг зад захиргаадаж гэмээнэ ард түмэн нийтээрээ ялна” гэчихсэн бол... Шаагилдаж байхгүй юу. Нөгөө Б.Жавхлан шиг улстөрчдийг ингэх гэхээр боловсрол нь, зарчим нь ичээгээд байдаг зовлонтой. Манай попуудын хувьд бага мэдэх, бага ажиллах тусмаа туших, тээглэх зүйлгүй амар ч байдаг биз.  

Маргааш өглөө мангастай зохиол, шинэ айдас Танаас өглөөний амар амгаланг тань эрж мэднэ. Топ попуудыг сүржигнэж байхад өглөө сэрээд, орноосоо босоод хийх ажилдаа шууд ордог уйтгартай улстөрч л бидэнд хэрэгтэй!

Б.Энхцэцэг

Эх сурвалж: ub.life