|

Egyptair компаний хулгайлагдсан онгоц Кипрт газарджээ

 

Египетийн иргэний агаарын тээврийн Egyptair компаний Эм-Эс 181 хэмээх дугаар бүхий Эйрбус 320 загварын зорчигч тээврийн онгоц хулгайлагдсан хэрэг өнөөдөр гарлаа. Онгоцыг тэсрэх бөмбөг бүхий бүс зүүсэн хэмээн өөрийгөө баталж байгаа нэг зорчигч хулгайлсан бөгөөд нисгэгчийг онгоцоо Кипр улсад газардуулахыг шаардсан байна.

 

Энэ тухай уг онгоцны нисгэгч Омар Эль Гамал удирдлагын төвд дамжуулсан талаар Египетийн иргэний агаарын тээврийн яамнаас гаргасан мэдээнд дурдсан байна. Энэхүү мэдэгдэлд мөн онгоцон дотор нийт 81 хүн байсан гэжээ. Хулгайлагдсан онгоц Египетийн Александриа хотын Бурж Эль Араб нисэх онгоцны буудлаас хөөрөн, нийслэл Кайр хотод буух дотоодын нислэг үйлдэж байсан талаар Египетийн иргэний агаарын тээврийн яамны төлөөлөгч Ихаб Раслан мэдээлсэн байна.

 

Тэсрэх бөмбөг бүхий зорчигчийн шаардлагын дагуу онгоцыг Кипр улсын Ларнака хотын нисэх онгоцны буудалд газардуулсан байна. Киприйн эрх баригчдын зүгээс мэдээлснээр онгоцонд байсан 56 зорчигчийг гарган аваад байгаа бөгөөд 4 гадны иргэн болон онгоцны багийнхан дотор үлдсэн гэжээ.

 

Тэсрэх бөмбөг бүхий бүс зүүн, онгоцыг хулгайлсан эрэгтэй египетийн иргэн болохыг олж тогтоогоод байгаа юм байна.