|

Хүчтэй хувийн хэвшил улсын хөгжлийг чирдэг

 

Татварын дөрвөн төгрөг тутмын нэг нь "Топ-10”-ынх байдаг

Манай улсын татварын орлогын дөрвөн төгрөг тутмын нэг нь Монголын 10 компанийн халааснаас гардаг байна. Энэ мөнгөөр өнгөрсөн онд төрийн 200 мянга орчим албан хаагчийн цалин хөлсийг олгож, хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмжийг таслалгүй төлжээ. Бас хотын зам талбайг тохижуулж, өндөр настан, оюутан залуусыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулсан гээд шударга татвар төлөгчдийн баялгаас хүртэгсдийг дурдаад байвал дуусахгүй.

Хэдийгээр Монгол Улсад 200 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй ч эдгээрийн ердөө 10 нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын бараг тэн хагасыг бүрдүүлдэг. Ингээд зогсохгүй эдгээр компанийн нуруун дээр улсын нийт татварын 20 хувь нь ногдож байна.

Эдгээр 10 компанийн найм нь муу нэр, луу данстай уул уурхайгаас төрсөн нь эрдэс баялгийн салбаргүйгээр Монголын эдийн засаг бодитоор элгээрээ хэвтэхийн баталгаа болсоор. Тодруулбал, жилийн жилд татварын хэмжээгээрээ хошуучилдаг "Эрдэнэт үйлдвэр”, "Эрдэнэс Тавантолгой”, "Оюутолгой” компани өнгөрсөн онд ч улсын төсвийг ундаалсан мөнгөөрөө тэргүүлснийг татварын ерөнхий газар мэдээллээ. 2018 онд хамгийн их орлого цуглуулж, ашигтай ажилласан аж ахуйн нэгжийг мөн шалгаруулсан. Үүнд 209 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан "Эрдэнэс Тавантолгой” компани тэргүүлжээ.

Татвар бол бизнесийн орчныг тэмтэрч болох нэг судас. тэгвэл сүүлийн хэдэн жил хэсэг хүйтэрсэн Монголын бизнесийн орчин өнгөрсөн онд бүлээцэж, том, жижиг гэлтгүй аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал сайжирчээ. Үүнийг компаниудын санхүүгийн тайлангийн товч бөгөөд тодорхой хэлбэр болох татварын үзүүлэлт баталж байна. Тодруулбал, Монголын бизнесийн орчны эд эс, эрэг шураг болдог нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2018 онд 300 тэрбум төгрөгөөр өсөж, их наядаар хэмжигдэж эхэлжээ.

Энэ мөнгөний дийлэнхийг дээгүүр өгүүлсэн топ 10 компани бүрдүүлж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) болон бусад татвар, хураамжид улс болон орон нутгийн төсөвт хоёр их наяд төгрөг төвлөрүүлжээ. Гэвч хүн амыг ажилтай, орлоготой болгож, улсыг тэжээж буй энэ хэдэн компаниа бид газар доор ортол нь муулж, энэ тэндээс нь амар заяаг нь үзүүлэхгүй чичлэхээс хэтэрдэггүй.

Аль ч улсын эдийн засаг бэлэн цэцэн үгтэй улстөрчид, хийж бүтээснээ баахан сайрхдаг эрх баригчид бус харин элдвээр хэлүүлж, сайн муугаараа чичлүүлдэг ч чимээгүйхэн баялаг бүтээж, шударгаар татвараа төлдөг дотоодын хувийн хэвшлийн нуруун дээр тогтдогийн баталгаа энэ. Тэд зах зээлийн зах хязгааргүй өрсөлдөөнд амсхийх чөлөөгүй зүтгэхийн зэрэгцээ олон мянган иргэнийг ажлын байраар хангаж, төрийн санг улайлгачихгүй байлгасаар.

Манай улсын татварын бааз суурь хэдхэн баганатай, хэзээ ч нуран унаж мэдэх нунж дорой. Уг нь Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд өссөөр өдгөө 190 мянгыг давсан. Гэвч үүний тал буюу 90 мянгыг амьгүй, үүдээ хааж, үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Үлдсэн 102-103 мянга нь санхүүгийн тайлангаа хагас дутуу хүргүүлдэг ч дийлэнх нь алдагдлаа тоочсон урамгүй үзүүлэлтээр угтдаг байна. Амьгүй болон алдагдал олохоос хэтэрдэггүй аж ахуйн нэгжүүд манай бизнесийн орчинд багагүй жин, татварын бааз сууринд дорвитой нөлөө үзүүлдэггүй.

Харин 40 орчим мянган аж ахуйн нэгж ашиг олж, их, бага хэмжээгээр татвар төлж, төсвийг тэтгэдэг байх юм. Өөрөөр хэлбэл ашигтай тайлан ирүүлж буй 40 орчим мянган компанийн нуруун дээр Монгол Улсын төсөв тогтдог гэсэн үг. Эдгээр аж ахуйн нэгжийн 0.00025 хувь буюу 10 нь нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дийлэнхийг бүрдүүлж байгаа нь дэндүү ахадсан ачаа биш гэж үү. 2018 онд гэхэд татвар төлөлтөөр тэргүүлэгч 10 компани нийт ААНОАТ-ын 56 хувийг бүрдүүлсэн байна. Зөвхөн дээрх татвараас 1.4 их наяд төгрөгийн орлого бүрдсэнээс 700 тэрбум буюу 50 хувийг нь топ компаниуд төлсөн байна.

• Эдгээр 10 компанийн найм нь муу нэр, цуу данстай уул уурхайн салбарынх байна.

• Сүүлийн хэдэн жил хэсэг хүйтэрсэн Монголын бизнесийн орчин өнгөрсөн онд бүлээцэж, том, жижиг гэлтгүй аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал сайжирчээ

• Монголын бизнесийн орчны эд эс, эрэг шураг болдог нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2018 онд 300 тэрбум төгрөгөөр өсөж, их наядаар хэмжигдэж эхэлжээ.

Дотоод болон гадаадын зах зээлийн савлагаа, уналт өсөлт аль ч үед Монголын бизнесийн салбарын тэргүүлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой удирдахын сацуу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлсээр. гэвч үүнтэй зэрэгцэн элдэв шуугиан, ашиг хонжоо хайсан улстөржилт тэднийг хоолойг байнга боосоор. Үнэнч татвар төлөгчид эдийн засгийн удаашрал, улстөржилтийн талцлын хайчин дундуур зүтгэж байх зуур шударга бус, татвараас зугтагсад дураараа дургиж, төрийн санд төлөх ёстой өрөө хэнэг ч үгүй зузаатгасаар байна.

Татварын байгууллагын аж ахуйн нэгж, иргэдээс авах ёстой өрийн хэмжээ өдгөө 264 орчим тэрбум төгрөгт хүрснийг татварын ерөнхий газраас мэдээллээ. Эхлээд улсын төсвийг, улмаар бидний амьдрах орчин, нийгмийн үйлчилгээг чиглэх учиртай мөнгө өнөө хэр хууль зөрчигчдийн халаасанд байсаар байна. Энэ мөнгөний талаас илүү нь гадаадын иргэн, аж ахуйн нэгжтэй холбогддог байна.

Манай улсад бизнес эрхэлж буй гадаадын зарим иргэн орлогоо ногдол хэлбэрээр мэдүүлчихээд өрөө төлөлгүй, хил давж зугтдаг жишээ цөөнгүй болохыг татварын байгууллагаас мэдэгдэж байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд өрөө төлөх хэмжээний хөрөнгө, орлоготой атлаа төлдөггүй. Мөн хөрөнгөө өөр хүмүүс рүү шилжүүлж, "Би хоосон хүн” хэмээн гараа хумхиад суучихдаг хэмээн албаныхан учирлав

Татвараа төлдөггүй зарим хэсэг ийн том толгойлох зуур шударга бизнес эрхлэгчид татварын ачаалал дарамтыг цөөхүүлээ үүрч буй тэнгэр, газар мэт дүр зураг ажиглагдсаар. Дээрээс нь валютын ханшаас эхлээд улс төрийн тогтворгүй байдал, макро эдийн засгийн савлагаа, санхүүгийн өртөг, боловсон хүчин манай бизнесийн орчны бэрхшээл тотгорыг тоочвол олон. Монгол Улсын аж ахуйн нэгжийн 90 хувийг 1-9 ажилчинтай жижиг, дунд бизнес бүрдүүлдэг. Манай бизнесийн орчинд жин дарж буй жижиг бизнес эрхлэгчдийг улам өсөн торниж, хүчирхэгжүүлэх нь чухал байна. Хувийн хэвшил хүчирхэгжихийн хэрээр улсын эдийн засаг, татвар, төсвийн бааз суурь батжиж, эдийн засаг тулхтай болох нь.

Г.Байгал

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу