|

Индэрт гарах дуртай гишүүн

 

УИХ өнгөрсөн хугацаанд 140 гаруй удаа Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Энэ удаа ч өөрчлөлт оруулахаар хоёр хуулийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ дундаас УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан хуулийн гол концепц гишүүд чуулганы танхимд индэр дээрээс үг хэлэх зохицуулалт оруулах тухай юм. Уг хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Гэхдээ энэ төсөл Байнгын хорооны босго даваагүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр тогтсон юм.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Манай улс хамгийн цөөхөн гишүүдтэй парламентад тооцогддог. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, парламентын засаглалтай орнуудад ажиллаж ирсэн. Тиймээс олон орны туршлага дээр үндэслэн Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсрууллаа.Босч, сууж үг хэлэх ямар шаардлага байна вэ гэхээр бид 1990 оноос хойш ардын их хурлын хэв шинж рүү орсон, АНУ, Английн парламентын холимог дэгтэй явсаар ирсэн. Босч зогсох нь мэтгэлцээний зарчим руу илүү их явуулах шаардлагатай гэсэн зарчмаар төсөлд оруулсан” гэлээ.

УИХ-ын гишүүдийг тооцоо судалгаагүй асуудал ярьдаг, камер харахаараа шоуддаг гэх шүүмжилдэг. Үүнийг сүүлийн үеийн нэршлээр "поп” буюу олон нийтэд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг хэсэг бүлэг хүмүүс гэж нэрлээд буй.

Түүний боловсруулсан хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат шүүмжилсэн. Тэрээр "Тамгыг ширээний хаана тавихыг хуульчлаад хэрэггүй, Нямбаатар аа. УИХ-ын гишүүн бүр сэтгэлийн хөөрлөөр хууль санаачилж, амьдралд хэрэгждэггүй байдал бий болсон. Хууль боловсруулах чадвар, чанар, хууль хэлэлцэх асуудал учир дутагдалтай байна. Бодлогогүй, тооцоогүй, популист чиглэл рүү явахгүйн тулд яах вэ гэдгээ өөрчлөх ёстой болохоос гишүүний эрхэд халдаж болохгүй” гэсэн бол Ж.Мөнхбат гишүүн "Сууж байгаад үг хэлэх, босч байгаад үг хэлсэн нь ямар үр дүнтэй байх вэ. Заавал үүнийг хуульд тусгах шаардлага байна уу. УИХ-ын чуулганы танхмийн үүдэн дэх суудлаасаа Баатарбилэг босоод үгээ хэлэхийн тулд индэр рүү явахад хугацаа алдана. Энэ дэгээр орон нутгаас сонгогдсон гишүүд саналаа хэлэхэд маш хүндрэлтэй, бараг үг хэлэх боломжгүй юм байна. УИХ-ын гишүүн босож байгаад үгээ хэлэхэд хариуцлага сайжрах уу. Өмнөх парламентад С.Ганбаатар гишүүн үгээ байнга босож зогсож байгаад хэлдэг байсан. Гэтэл түүнийг популизм хийсэн, хариуцлагагүй үг хэлсэн гэж шүүмжлээд л байдаг байсан” хэмээн шүүмжилсэн.

Төсөл санаачлагч гишүүн маань мөчөөгөө өгөлгүй "Бид маш олон туршлагыг судалж байж боловсруулсан” гээд байгаа юм.

УИХ-ын гишүүдийг тооцоо судалгаагүй асуудал ярьдаг, камер харахаараа шоуддаг гэх шүүмжилдэг. Үүнийг сүүлийн үеийн нэршлээр "поп” буюу олон нийтэд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг хэсэг бүлэг хүмүүс гэж нэрлээд буй. Өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар төрөө хүндэтгэж чуулганы танхимд үгээ хэлэхдээ босч зогсож байр сууриа илэрхийлж байя хэмээсэн. Энэ дагуу нь босч зогсож байгаад ярихад боломжтой байхаар микрофоныг нь суурилуулж өгсөн. Гэхдээ индэр рүү гарч байгаагүй. Харин энэ удаагийн парламентад гишүүдийн "поп” байдал эрчээ авч, заавал Их хурлын индрээс босоогоороо үгээ хэлэх юм байх. Угтаа бол сууж байгаад байр сууриа илэрхийлэх, индрээс илэрхийлэх хоёрт чанарын ялгаа баймааргүйсэн.

Эх сурвалж: eagle.mn