|

Д.Энхбатыг эрүүдсэн хэргийг шалгахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарах уу?

Өнгөрөгч баасан гаригт Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос жагсаал зохион байгуулж, Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардлаа. Тэд "Нийгэмд онц хэрцгий гэмт хэрэг тасрахгүй, зэрлэгшсэн нийгэм бий болоод байна. Иргэд Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх ноцтой зөрчигдөх боллоо” хэмээн үзэж, хүний амь нас эрсдэх, амиа хорлолт нь төрийн тусгай хамгаалалттай байгууллага, төрийн албанд, цэргийн ангид удаа дараа давтагдаж байгаа нь төр иргэнийхээ халдашгүй байх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчигч, хуулиар хүлээсэн баталгаа, үүргээ биелүүлэхгүй байгаад төр буруутай хэмээн үзэж үүний төлөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж огцрох ёстой гэсэн байна.

Мөн тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчид (Увс аймгийн Өндөр хангай, Зүүн хангай сумын цагдаа нар) сурагч охидыг хүчирхийлсэн ноцтой гэм хэрэг гарсныгцагдаагийн удирдлагууд бүтэн нэг сарын турш нуун дарагдуулж байна гэв. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог үгүй хийж, цагдаад энэхүү үүргийг давхар хүлээлгэснээр цагдаа хохирогчдыг хамгаалах бус хохироож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултарч, гэм шийтгэл хүлээлгэхгүй байгаад Хууль зүй дотоод хэргийн сайдын буруутгажээ.

Тиймээс Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоо биелүүлэн ажиллаж чадахгүй байгаа Хуул зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг төрт ёсоо хүндэтгэн, ард иргэдээсээ уучлал хүсч, хариуцлагатай албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна. Жагсагчдын шаардлагыг ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж хүлээн авч хариу өгөхөө амласан байна.

Сануулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрөгч гуравдугаар сард мэдэгдэл хийж, С.Зориг агсны хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт "хилсээр хэрэг хүлээлгэсэн” хэмээн үзэж, энэ хэрэгт холбогдсон тагнуулын хоёр ажилтан, ШШГБ-ын нэг ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлсэн. Мөн тэднийг ялаас чөлөөлж, суллуулахаа хэвлэл мэдээллийн байгууллагынхыг цуглуулж байгаад албан ёсоор зарласан билээ.

Үүний дараа АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж уг хэргийг (Т.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар) ЦЕГ-ын Тусгай субектийн хэлтэст харъяалал тогтоон шилжүүлсэн байдаг. Мөн уг хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулан шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрөгч долоо хоногт Б.Хурцыг шүүхийн шийдвэрээр сулласан авч прокурор эсэргүүцэл бичин цагдан хорих хугацааг сунгаад байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хилсээр хэрэг хүлээлгэх ажлыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц зохион байгуулсан” гэсэн билээ.

Гэвч Ц.Нямдорж, Б.Хурц нарын хамтран үйлдсэн байж болох бас нэг хэрэг олон нийтийн анхаарлын төвд орсоор удаж байна. Ц.Нямдорж сайдыг "эрүү шүүлттэй дайн зарлахаа” мэдэгдсэнээс хойш хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 7-д (одоогоос хорь хоногийн өмнө) С.Зориг агсны хэрэгт хилсээр гүтгэгдэн амиа алдсан Д.Энхбат агсны хүүхдүүд УЕП Б.Жаргалсайханы нэр дээр гомдол гаргаж, түүний эсрэг эрүү шүүлт явуулсан хэргийг шалгуулахаар хүсэлт гаргасан билээ. Гэвч шинээр томилогдсон УЕП уг асуудалд албан ёсны хариулт өгөөгүй байна.

Уг нь Д.Энхбат агсныг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татан шалгах явцад эрүү шүүлт хэрэглэсэн болон түүнийг гүйцэтгэсэн хүмүүсийн нэр ус өнгөрсөн арав гаруй жилийн дотор олон нийтэд хэдийн ил болсон байдаг. Д.Энхбатын амьд ахиудаа өгсөн ярилцлага, түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн хийсэн удаа дараагийн мэдэгдлүүд хэвлэлийн хуудаснаа бүдгэрч амжаагүй байна. Мөн Д.Энхбатыг энэ хэргийг үйлдсэн хэмээн барин тавин хэлсэн тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үсэрсэн шүлс хатаж амжаагүй байна.

Тухайн үед С.Зориг агсны хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, Д.Энхбатыг яллагдагчаар тогтоосны дараа тагнуулын байгууллага Францаас хулгайлж авчирах ажлыг зохион байгуулсан байдаг. Ц.Нямдорж сайдын хэлдэгчлэн "захиалагч нь” Ц.Нямдорж сайд байх магадлалтай гэсэн үг.

Гэвч энэ одоо чухал биш. Ц.Нямдорж сайд нэгэнт "Эрүү шүүлтийг тэвчихгүй” гэж хэлсэн бол энэ үгэндээ эзэн болох ёстой. Өөрийн дор ажилладаг цагдаагийн Тусгай субьектийн хэлтсийг дайчлан тухайн үед эрүү шүүлтийг зохион байгуулсан нөхдийг шалгах эрх нь Ц.Нямдорж сайдад байна.

Гэвч олон нийтийн анхааралд өртсөн, томоохон дуулиантай хэргийг ярихаар манай хуулийнхан "хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үгээр хаадаг. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацааны дараа уг гэмт үйлдэл нь нийгэмд аюулгүй болсон хэмээн үзэж ялаас чөлөөлөх тухай ойлголт юм. Түүнээс биш гэмт хэргийг илрүүлэхгүй байх тухай огт биш.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрвээ хуулиа мөрддөг Д.Энхбат агсныг эрүүдэн шүүсэн, хилсээр хэрэг тулгасан хэргийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарынхтай яг адил шалгуураар авч үзэж, эрүүгийн гэмт хэрэгт тооцон мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Харин түүний дараа гэм буруутай этгээдэд ял, хариуцлага тооцох эсэх асуудал нь хуульд заасан "хөөн хэлэлцэх хугацаа” яригдах учиртай. Дахин хэлэхэд, "хөөн хэлэлцэх хугацаа" гэдэг нь ял, хариуцлага хэрэглэхгүй байх тухай ойлголт болохоос, хэргийг илрүүлэхгүй байх тухай биш юм.

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn